Зүүд
Долоон бурханаар шанагадаж тэнгэрээс нь хур залгилчихаад
Долоон болдогоор шавхуурдуулж энгэрээд нь сунаж залбирчихаад
Хөх хомоол унгасгаж Хөдөө аралдаа ариусчихаад
Хэнхдэг цээжин дотроо Хэрлэнгийн барьяагаа аялчихаад
Сүүл ухаагаас мордон Сүжийн талаар хэрж
Сүүний үнэр нь хатаагүй зэлний чулуугаа эргэчихээд
Чингисийн хөшөөнд мөргөн Аурагийн балгасанд адислаад
Шилхэнцэгийн өвөрт буудаллан Хэрлэнгийн шагшуурга үргээлээ
Миний хийморьтой чацуу хангайн эзэн боохой
Хүний нүд хариулан Замагт дамжин зүтгэлээ
Голиотын дэнжээр амдан хүслээс хурдан морьтойгоо
Гозгор шар луу даран хошуу өлгөн нэхлээ
Бодлоос хурдан боохой баруун Маналт чиглэн
Булшт дэрснээс холуур байдгаараа хичээн хурдаллаа
Хүүдээ гээд таниулсан Хөлийн нуураар дамжин
Ханангийн Шуургайд шахахаар хамаг ухаанаар тэлүүллээ
Надаас хийморь дээгүүр тохой илүү боохой юм
Нарийн гол чиглэн баруун эргэж суналаа
Гэцэлийн хороо байдаг Баянцогт руу шахлаа
Гэрийн хаалга онгойлгох шиг гарт минь өөрөө орчихлоо
Эцгээ дагасны гавьяа өөрийн зөвдөө найдан
Энгэр бэл өөд нь шаргуухан яваад гарлаа
Дэлгэр хөндий рүү бууж хөндлөн зүтгэж байх юм
Дэргэж араас нь яарч морион дарвиж хөдөллөө
Эрлэг ард нь гүйцэх гээд агшиж сунан тэмүүлнэ
Эр бяраа бахдахаар эрчилсэн сум шиг хийсгэнэ
Улаан хэлээ унжуулсан надаас настай боохой
Умзад өвөлжөөнд ирэн зогтусан зогслоо
Ан хөөсөндөө улайрч буугаа шүүрсэн би
Аавынхаа унасан өвөлжөөг гэнэт харан зогслоо
Умзад өвөлжөөний буурин дээр зогсоо чигээрээ байгаа
Улаан хэлтэй боохой гэртээ ирсэн шиг суниалаа
Хөл чичирч өвдгөөрөө бохирлоо
Хөх тэнгэрт өөрөөрөө сөхөрлөө
Удмын буурийг минь манасан уулын сахиус байж
Улангассан би өөрийн гараар хорлох байж
Дотор муухайрч өөрийгөө зүхэж хашгирлаа, дуу гардаггүй
Дороо дэвсэж өрцөө балбаж уйллаа, нулимс гардаггүй
Зүрх хүчтэй гэгч нь цохилж бие салгалж байна
Зүүд байжээ сая л сэрлээ.., дэр нойтон байна
Б.Амартүвшин 2015-10-26
URL: