Яруу найрагчтай учирвал
Хэзээ нэгэн цагт яруу найрагчтай учирвал
Хичнээн хайртай болсон ч амьдралаа би холбохгүй
Хоёр биедээ уусан галзуу юм шиг дурласан ч
Хорвоо ертөнцийн уудмыг түүнтэй хамт туулахгүй
Аятайхан бүсгүй ёжтойхон харсан тухай
Алаг зүрх гижигдсэн дэггүйхэн хүслийн тухай
Анхны хайраа дурсан хааяахан гуньсан тухай
Алаг эрээн цааснаас би уншмааргүй байна
Гэргийн халуун өвөрт нойр хулжин жиндсэн тухай
Гэрэлтэж байсан хайр нь цагийн эрхэнд бүдгэрсэн тухай
Гэмшилийн хар мананд өөрийн мэдэлгүй төөрсөн тухай
Гэрчилж бичсэн цааснаас би уншмааргүй байна
Хатуу амьдралын өмнө зориг мохож шантарсан тухай
Хайрт ханиасаа нуун байж хааяа унагасан нулимсны тухай
Хэзээ ч мэдэх учиргүй түүний далдхан гунигийг
Хээтэй цаасан дээрээс би уншмааргүй байна
Хосоор жаргах жамтай хүний амьдралын уртад
Хорьж болдоггүй сэтгэл хаврын тэнгэр шиг зантай
Ил гаргах учиргүй энэ нандин нууцыг нь
Элэг зүрхээ эмтлэн байж би мэдэрмээргүй байна
Хэзээ нэгэн цагт яруу найрагчтай учирвал
Хичнээн ихээр дурласан ч амьдралаа би холбохгүй
Хайрлаж бичсэн шүлэгт нь сэтгэл догдлон уярсан ч
Хамтдаа амьдрах тавьлангаа түүнтэй хамт туулахгүй
Ш. Азжаргал
2010.11.02
URL: