Визнийхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Гадаад хэргийн яам / ГХЯ/-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Д.Амартүвшин  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Шанхайн хамтын ажиллагааны бай гууллагын гишүүдийн уулзалт БНХАУ-д энэ сарын 14-нд эхэлнэ. Үүнд Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар оролцохоор бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Энэ даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталсан. Энэ хөтөлбөрийг ГХЯ-наас боловсруулж 2015-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг удахгүй Засгийн газар, яамны вэб сайт дээр байршуулна” гэв.СОЛОНГОСТ “ХАРЛАХ” ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

Солонгос руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон явдал юм. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарах даа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсныг болиулсан билээ. Түүнчлэн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болох аж. Энэ мэт Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багассантай холбоотойгоор тус улсад “харлах” тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулахад, “Манай иргэд Солонгос руу олноор зорчиж байна. Энэ хэмжээгээр тухайн улсад манайхны хэлдгээр “харлах” өөрөөр хэлбэл визийн хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр иргэд бусдыгаа бодоод дор бүртээ ухамсартай хандаж, визийнхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг хүсье. Учир нь, “харлах” тохиолдол ихэсвэл дараа дараагийн иргэд зорчиход хэцүү болж болзошгүй. Хилийн чинадад гарсан болон манай улсад зорчиж ирж буй иргэдийн нарийн тоог Иргэний шилжилт хөдөлгөөний газраас авах боломжтой” гэсэн юм.

ЭРЭЭН ХОТЫН ДЭД КОНСУЛААР Д.ЗОЛЗАЯАГ ТОМИЛСОН БАЙНА

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух дэд консулаар Д.Золзаяаг сонгон томилжээ. Тус хотод дэд консулаар сууж байсан А.Баярсайханг сар гаруйн өмнө албаны автомашиндаа зэвсэг, сум тээвэрлэж, хилээр нэвтрүүлэхийг завдсан тухай мэдээлэл гарсан. Тэрбээр тээвэрлэж байсан галт зэвсэг нь хамт явсан найзынх нь байсан хэмээн тайлбарласан ч гадаадад Монгол Улсын нэр хүндийг унагаах үйлдэл гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн юм. А.Баярсайханыг дэд консулын ажлаа үргэлжлүүлэн хийж байна гэх мэдээлэл зарим цахим хуудсанд нийтлэгдсэн. Энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газраас тодруулахад “А.Байрсайхан ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Д.Золзаяаг томилсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ажлаа хэвийн үргэлжлүүлж байна, төсвийн хөрөнгөөр зочид буудалд олон хоног байрласан гэсэн мэдээлэл бүгд худал болохыг мэдэгдэж байна. Мөн Д.Золзаяа ажлаа хүлээж аваад халаа сэлгээ хийж эхэлсэн тухай ч ташаа мэдээлэл гарсан. Консулын газрын албан хаагчдыг халах, солих асуудлыг ГХЯ шийддэг. Одоогоор нэг ч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй” гэж хариуллаа.

Ц.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих