Их спортын 2015 оны онцлох тамирчид
Амжилт бүтээлээр дүүрэн 2015 он дуусахад цөөхөн хоног үлдээд байна. 2015 онд Монгол орны Улстөр, Эдийн засаг, Соёл урлаг, Нийгэм боловсрол, Спортын гээд бүх л салбарт амжилт бүтээл алдаа оноо ээлжлэн байлаа. Zaluu.com сайтын зүгээс салбар бүрийн шилдгүүдийг тодруулж буй бөгөөд эхний удаа Их спортод өндөр амжилт гарган Монгол түмнээ бахархуулж чадсан Шилдэг тамирчидаа танилцуулж байна.
1. ОНЫ ОНЦЛОХ ТАМИРЧИН: ХОШОЙ АВАРГА
Монгол Улсын гавьяат тамирчин, эмэгтэй чөлөөт бөхийн анхны Дэлхийн аварга, Олимпийн наадмын анхны хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг Монголчуудаа дахин баярлууллаа.
Чөлөөт бөхөөр 40 жилийн дараа Хошой аварга болсон тэрбээр анх 19 насандаа 2009 оны ДАШТ-д оролцож байжээ. Харин дараа жил нь 2010 оны Москва хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд 59 кг-н жинд барилдаж, З.Ойдов, Х.Баянмөнх нараас хойшхи 35 жилийн дараа эх орондоо алтан медалийг авчиран дэлхийд нэрээ дансалсан юм. Мөн 2013 оны Будапешт хотноо болсон ДАШТ-д 63 кг-н жинд алдарт бөх, Японы Кайро Ичотой финалдаж, мөнгөн медаль хүртсэн.
Харин 2012 онд Лондонгийн Олимпийн наадамд оролцож Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны Олимпийн медалийг эх орондоо авчирсан. Мөн чөлөөт бөхийн 32 жил тасраад байсан медалийг энгэртээ зүүж Олимпийн наадамд Монголын ард түмний итгэл найдварыг алдаагүй юм.
С.Батцэцэг 2015 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний алтан медаль хүртсэн бөгөөд “Лас-Вегас-2015″ДАШТ-д амжилттай барилдан хошой аварга болсон юм.
Түүний хувьд бэлгэшээх зүйл нь С.Батцэцэг 2010 оны 9 дүгээр сар 10-нд дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа буюу 9 сарын 10 нд ” дахин аваргын төлөө гарч ирээд 36 секундэд илүүрхэн цэвэр яллаа.
Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх, эмэгтэйчүүдээс анхных нь болсон юм. Одоогоос 40 жилийн тэртээ 1975 онд ЗХУ-ын Минск хотноо болсон ДАШТ-д МУГТ, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга ДАШТ-нд гуравдахиа финалдаж, “АВАРГЫН АЛДАР”-т хүрч байв. Мөн энэ тэмцээнээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй.
Тэгвэл 40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА төрөн гарсан гайхамшигтай түүхийн гэрч нь Монгол түмэн боллоо. Дэлхийн хошой аварга З.Ойдовын дүү З.Дүвчин багшийн унаган шавь нь С.Батцэцэг байгаа нь бүр их билэгшээлтэй зүйл болж байна.
С.Батцэцэг бол чөлөөт бөхийн спортоор Олимп болон ДАШТ-нээс медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, З.Ойдов, Х.Баянмөнх, Д.Оюунболд агсан нарын цөөхөн тамирчны нэг. Мөн тэрбээр Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ДАШТ-ээс авсан 50 дахь медалийн эзэн болсон бөгөөд 50 дахь медаль нь АЛТ байсан нь бахархалтай.
Түүний Риогийн олимпын Алдарын оргилд хүрэх зам гайхалтай байж, монгол түмнээ баярлуулах цаг удахгүй ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
——————————————————————————–
2. Нулимсаа нууж дийлсэнгүй ээ ах минь.. Баярлалаа Н.Цэвэгням
Сүмо бөхийн дэвжээнд 23-н жил хөлс хүчээ урсгаж, Монгол бөхчүүдийн “Алтан хараацай” болон түүхэн амжилтын эзэн болж явсан Нямжавын Цэвэгням маань зодог тайллаа.
Тэрбээр сүүлийн барилдаанаа маэгашира Точиношинтой хийж ялагдсан юм. “Жюүрёод буувал зодог тайлна” хэмээн хэлж байсан тэрээр дэвжээнээс буусныхаа дараа нулимсаа барьж дийлсэнгүй. Хэдийгээр хөгжөөн дэмжигчдээс түүнийг барилдаач хэмээн хүсэж байгаа боловч Мэргэжлийн сүмо хэмээх хатуу ертөнцөд нас хэмээх зүйл гол нөлөөтэй байдаг билээ.
1950 оноос хойш 40 гарсан насандаа дээд зиндаанд ингэж барилдаж, түүхэн амжилт тогтоож, дээд зиндаанд түрүүлж, Монгол бөхчүүдээс ганцаараа алдарт аварга Таканоханаг давж явсан Н.Цэвэгням сүмод гайхамшгийг бүтээсэн алдарт бөх билээ. Сүмогийн алтан хараацай болж араасаа олон дүү тэр дундаа дөрвөн Ёкозуна цолтонг дагуулсан түүнд талархаад талархаад баршгүй бөлгөө.
———————————————————————————-
3.Тэвчээрийн гайхамшиг: Уйл Мөнхзаяа Чи уйлах эрхтэй
Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ээс Ц.Мөнхзаяа Алтан медаль хүртэж Төрийнхөө дуулалыг эгшиглүүлсэн билээ. Түүний Алтан медаль хүртсэн нь биш Аваргын төлөө барилдахдаа мөрөө гэмтээн тамирчин хүний тэвчээр хатуужилыг харуулсан нь Монгол түмний Бахархан ярих сэдэв болсон юм.
Мөн Казахын Астанад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдэх өдөр хүрэл медалийн төлөөх барилдаанаа хийж ялалт байгуулан 10 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж чадсан нь мөн Монгол түмний Бахархал болсон. Асгарсан хөлс хүчний тоогоор амжилт гаргаж чадсан охиноороо Монгол түмэн дахин омогшиж, өөрсдөө медаль зүүсэн юм шиг баярласан.
Дэлхийн аваргаас ирсэний дараа анхны багш Баавайн Буядаа багшынхаа гэрт очсон зураг нь мөн л олны талархал хүлээсэн. Тэрбээр Лондоны олимпод Словен жүдочоос ганц үнэлгээ илүү авсан бол анхны Олимпийн медальт эмэгтэй жүдоч болох байв. Гэхдээ түүнд харамсах зүйлгүй. Олимпын дараа хөөрхөн охинтой болж, жүдогийн татами дээрээ эрч хүчтэйхэн эргэн ирлээ. Түүний дараагийн учраа РИО.
ОУХМ үзэсгэлэнт бүсгүй Цэдэвсүрэнгийн Мөнхзаяадаа болон түүний хань Халиуны Болдбаатар, анхны багш Баавайн Буядаа нарт баяр хүргэе.
——————————————————————————-
4. Цэнгэлдэх хүрээлэн доргиосон шинэхэн НАЧИН А.Алтанхуяг
А.Алтанхуяг начин цол авсан уу? Ард түмэн авсан уу?
Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар шижигнэсэн долоон залуу начин цолонд хүрсэн билээ. Тэднээс нэгэн хүн Наадамчин олныг баярлуулж, Төв цэнгэлдэхийг Доргиож чадсан. Энэ хүн бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын арслан А.Алтанхуяг.
Олон жил начны тааварт явсан, гурван ч удаа начин цолны босгонд тулсан түүнийг энэ жил улсын аварга С.Мөнхбатаар начин цолны болзол хангахад наадамчин олон хамгийн ихээр баярлан Цэнгэлдэх дүүрэн УУХАЙ хадаасан. Түүний хорин жилийн жилийн хөдөлмөр үр дүнгээ өгөн Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон дэвэхэд Монгол түмэн бахархаж байлаа.
ЭНЭ жилийн наадмын хамгийн гол хүмүүсийн нэг нь Монгол Улcын начин Алтангэрэлийн Алтанхуяг байлаа. Шинэхэн начин “Олны бахархал хамгийн ихээр төрүүлсэн төрүүлсэн хүн”-ээр тодорч байна.
———————————————————————————————————–
5. Албан бус Элчин сайд Хакүхо
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё буюу Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан Монголын аваргуудын хооронд болж Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какүрюүгээ ялсанаар 35 дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр ийнхүү өөрийнхөө дээд амжилтыг өөрөө эвдэн, өөрөө өөртэйгээ өрсөлдөж эхэлсэн. Түүний тогтоосон төрөл бүрийн амжилтуудыг дурдаад байвал дуусашгүй. Мэргэжлийн спортод ингэж удаан ноёрхоно гэдэг бол АГУУ тамирчны үйл хэрэг.
Түүний хувьд энэ намар эх орондоо ирэн Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийсэн. дэвжээнд нь бага зэрэг асуудал гарсан, гэмтлээс болон тэмцээн өнжсөн зэрэг хүний амьдралд тохиож болох олон зүйл тохиосон. Ямар ч зүйл тохиосон “Хэзээ ч нугарахгүй Ноён нуруу” гэдгээ тэр олон жил харуулж яваа. Дараа жил Цагаан гарьд маань түрүүлсэн тоогоо 40 болгохын төлөө зүтгэх нь мэдээж. Хоёр Монгол аваргатайгаа, хоёр залуу хүчтэнтэйгээ нийлээд тэрбээр Мэргэжлийн сүмогийн дэвжээг доргитол барилдах нь мэдээж.
Хакүхо зөвхөн бөх барилдах биш “Эх орноо гадаад улс оронд сурталчилах Албан бус Элчин сайд” болоод буй. Мөн мэргэжлийн сүмогийн холбоог олон жил төлөөлж байгаа. Аав аваргын Хүү аварга Арлын япон орныг олон жил доргиох биз ээ.
—————————————————————————————–
6. “Аварга болоод төрийнхөө дууллыг сонсоно гэж бодож байсан”
Лас Вегаст мөнгөн медаль хүртэж уйлж байсан энэ охиныг хараад Монголчууд огшсон. Эх орон ард түмнийхээ нэрийг өндөрт өргөж түрүүлж чадаагүйдээ харамсаж хэлсэн түүний үг олон хүний зүрхэнд хүрсэн билээ. 2013 онд Залуучуудын Дэлхийн аварга, 2014 онд Дэлхийн аварга, Армийн дэлхийн аварга, 2015 онд мөнгөн медаль хүртсэн Сүхээгийн Цэрэнчимэд дөнгөж 20 настай.
“ИЖИЙГЭЭ ТАКСИНД ГАРАХ БОЛГОНД НЬ ТАНЫГАА ЖАРГААХ БОЛНО ОО ГЭЖ ӨӨРТӨӨ АМЛАДАГ” хэмээн өгүүлэх Чимэдээгийн хамгийн том мөрөөдөл бол ээждээ Олимпийн Алтан медаль авчирч өгөх. Дэлхийн аварга болоод ээж болон багштайгаа ярин зогсоо охин олны хайр хүндэтгэл хүлээн, мөнгөн медаль хүртээд харамсан нулимс унагасан гээд түүний үйлдэл болгон олны анхааралд оржээ. Мөн жүдод сайн барилдаж олны найдвар төрүүлээд байгаа Л.Отгонбаатар түүний найз залуу бөгөөд спортын шилдэг залуу хосуудын тоог нэгээр нэмсэн.
Хэдийгээр энэ жил түүнд сайн муу саар олон юм тохиолдсон ч сэтгэлийнхээ хатаар даван гарч чадсан. Цаашдаа ч даван гарч Олимпийн дэвжээнд Японы алдарт бөхчүүдтэй ана мана барилдан түрүүлэх цаг ойрхон байна.
———————————————————————————————-
7. Цагаанаа татамигаасаа хэзээ ч холдохгүй
2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний хувьд сүүлчийнх байлаа. Ялсан ч, ялагдсан ч омогштол тэсэртэл барилддаг тэрбээр тив, дэлхийн татамид дахиад зодоглохгүй нь.
20 жил их спортод хөлс хүчээ зориулсан тэрбээр “зодог тайлсан” даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэж эхэллээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа
“Эх орныхоо төлөө тэмцэж өрсөлдөж
Ялагдлын гашууныг амсаж
Ялалтын сайхныг мэдэрч
Төрийн дууллаа сонсож
Түмэн олонтой огшиж омогшиж байдаг хүн
Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй
Ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавих сэтгэлтэй болдог юм” хэмээжээ.
“Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа” гэсэн Цагаанаа Риогийн олимпоос аварга төрүүлэхийн төлөө чаддаг мэддэг бүхнээ зориулах нь тодорхой
Афины олимпийн хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ. Х.Цагаанбаатар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсч,1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр өөрийн гол амжилтаа 2004 онд гаргасан бөгөөд 20 насандаа Афины олимпийн наадмын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулж байжээ. Улмаар 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочдын анхны алтан медалийг хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны эзэн болсон.
Жүдо
Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
Дэлхийн АШТ, алтан медаль. 2009 он, Роттердам, Нидерланд
Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
Зүүн Азийн аварга. 2006 он
Самбо
Дэлхийн АШТ – хошой аварга (2005, 2009)
—————————————————————————————–
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэж 90 онд маш сайн мэддэг болж билээ. Баагий аваргын буянаар
Дархан аварга шинэ арсландаа аминчлан нэгэн захиасыг захижээ. Тэрбээр “Шалихгүй найр, шимгүй шагнал, шилтэй архи, шүншиггүй найзуудаас хол байгаарай” хэмээн захисан аж.
Төрийн наадмын түрүү манлай Э.Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй.Шинэхэн арслан Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон
Тэр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
—————————————————————————————————-
9. Том АМБИЦ: Түүний хувьд 25 нас хүрэхээсээ өмнө ёкозүна болох хүсэлтэй
72 дахь гэж дуудуулахын төлөө “Таргаад таргаад”
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангасан. Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 29-нд 24 нас хүрсэн билээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн залуу арслан маань ирэх жилийн зорилгоо сэтгүүлчдэд сонирхуулсан байна. Түүний хувьд 25 нас хүрэхээсээ өмнө ёкозүна болох хүсэлтэй аж.
Дараа жилийн зургаан башё түүний хувьд ёкозүна цолонд хүрэх томоохон шалгуур болох бөгөөд анхны түрүүгээ авсан түүнд дараалан түрүүлэх нь хамгийн том зорилго юм. Сүүлийн хоёр тэмцээнд тэрбээр өвдөгний гэмтлээс болоод сайн барилдаж чадаагүй. Гэхдээ тэрбээр дэвжээний ах Харумафүжи, Аминишики нараас их зүйл суралцан 72 дахь АВАРГА хэмээн дуудуулах нь тодорхой.
————————————————————————————–
10. Мөнхжанцангийн Анхцэцэг бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг”. Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН.
2012 он 14 насандаа: “Өөдөөс минь хараад намуухан дуугаар инээмсэглэн ярих энэ охины биендээ ахадсан ухаалаг хэрсүүхэн яриа намайг зарим үед гайхшруулж байлаа. Тормолзсон алаг нүдтэй, хөөрхөн охиныг анх уулзсан хүн төмөр өргөөд зогсож байдаг гэвэл бараг л итгэхгүй болов уу. 14-хөн настай энэ охины үе тэнгийнхэн өнөөдөр хүүхдийн паркаар зугаалж, зуслангийн зугаатай өдрүүдийн инээд хөөртөө бялуурч яваа.
Тэгвэл балчирхан насандаа ОУХМ хэмээх эрхэм цолыг бярдаж авсан Монголын хүндийг өргөлтийн маргаашийн гэрэлт од маань долоо хоногт ганцхан өдөр амраад бэлтгэлээ хийнэ гэж ярьж сууна. М.Анхцэцэг охиноор Монголчууд бахархан шуугих өдөр тун ч удахгүй ээ.”
2014 он 16 насандаа: Насанд хүрэгчдийн ДАШТ 10 байр, “Наньжин-2014” залуучуудын олимп дөрөвдүгээр байр, Азийн АШТ хоёр насны ангилалд зургаан медаль
2015 он 17 насандаа: ДАШТ-д 8 дугаар байр,
Хамгийн сүүлд тэрбээр Катарт шилдэг найман тамирчин уригддаг Дэлхийн цомд дөрөвдүгээр байрт орсон. Өнөөдөр өндөрлөх тэмцээнд тэрбээр 69 кг-д оролцох боломжгүй байсан учраас 75 кг-д оролцсон байна. Анхаад жингийн зөрүү нөлөөлсөнгүй, дөрөвдүгээр байрт орлоо. Хэрэв бэлтгэл сургуулилт хангамж эм бэлдмэл зэрэг зүйлс нь бэлэн байвал тэр бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг”. Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН.
Ч.Амартүвшин
URL: