Намууд сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж жагсана
УИХ-ын ээлжит сонгууль болоход хагас жилийн хугацаа үлдээд байна. Энэ сонгуулиас дүн хэрхэн гарахаас шалтгаалж Монгол Улсын хойч ирээдүй тодорхойлогдоно гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл сонгууль үнэн зөв, шударга явагдахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол сонгуулийн тухай хууль юм. Тиймээс энэ парламентын өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн бэ гэдгийг дүгнэж цэгнэж чадахуйц хэмжээний сонгуулийн хуулийг батлах шаардлагатай. Тэгсэн нөхцөлд улс орны ирээдүй болон төр засгийн тогтвортой байдал хадгалагдан үлдэх учиртай.
Тэгвэл эрх баригчид сонгууль болоход цөөхөн сар үлдээд буй энэ цаг үед уг хууль өөрчлөлт хийхээс зайлсхийж байгаа нь олон талаараа хардлага төрүүлж байна. Сөрөг хүчин болох МАН болон бусад улс төрийн 10 гаруй намуудын зүгээс Ардчилсан нам болон УИХ-д саналыг хар машинаар тоолсны дараагаар дахин гар аргаар тоолж баталгаажуулах санал тавиад байгаа. Тэрхүү үзэл санаагаа тусгасан сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ч гэсэн УИХ-д өргөн бариад байгаа билээ. Харамсалтай нь эдгээр хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн оронд өөрсдийн эрх ашгийг хамгаалж үлдэхийг санаархаж байгаа нь туйлын харамсалтай. Тодруулбал, АН-ынахан Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцсний дараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх саналыг АН-ын зүгээс гаргасан гэх мэдээлэл байгаа ажээ.
Харин үүнийг эсэргүүцэж Монгол Улсад дээд шүүхээс албан ёсны авч, үйл ажиллагаагаа явуулах эрхээ авсан Монгол Ардын Нам тэргүүтэй 10 гаруй намуудын төлөөлөл хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад сонгуулийн хуультай холбоотой хоёр хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр төв талбайд улс төрийн 10 гаруй намын төлөөллүүд сонгуулийн хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардаж тайван жагсаал хийхээр болжээ.
Дашрамд сануулахад одоогоос гурван сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх улс төрийн намуудын ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийнхэн найман зүйл заалтыг өөрчлөх Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар болж байгаа юм. Ер нь сонгуулийн саналыг хар машинаар тоолох туйлын учир дутагдалтай. Магадгүй араасаа элдэв хардлага дагуулж олох нь өнгөрсөн сонгуулиар тодхон харагдсан. Тиймээс УИХ ойрын хугацаанд сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хар машинаар тоолсон саналыг дахин гар аргаар тоолох нь зүүйтэй гэсэн заалтыг нэмэх шаардлагатай юм.
Ямартаа ч өнөөдөр 10 гаруй улс төрийн намын төлөөллүүд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж жагсахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Г.Ган
URL: