Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнууд чуулав
Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна. Хилийн отряд, ангиудын дарга нар цугларан энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, ирэх жил хийх ажил үйлсээ төлөвлөдөг уламжлалтай юм байна. Хил хамгаалах ерөнхий газарт болж буй энэхүү зөвлөгөөнийг нээж өчигдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав үг хэлж, үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрээр “Хил хамгаалах байгууллагын удирдах хүн гэдэг маш олон талын мэдлэг чадвартай байх ёстой. Хөдөө хээр, хил дээр юуны мэдлэг хэрэг болох билээ гэдэг үе өнгөрсөн. Өнөө цагт боловсролгүй дарга, мэдлэггүй удирдагч гэдэг албан хаагчдадаа гологдож, шившиг болж мэднэ. Тиймээс бүгд боловсролдоо ч, харилцаандаа ч анхаарч ажиллах хэрэгтэй. Би ангийн захирагч гээд хатуу чанга дэглэм тогтоож, ширүүн зан авир гаргах үзэгдэл байж болохгүй. Гэхдээ шинэ цагийнх гээд бүх зүйлийг өөрчилж хуучнаа ор тас орхиж болохгүй. Өнгөрсөн түүхээ үгүйсгэж болохгүй. Ахмад үеэ хүндэлж хажууд байгаа дээр нь сургааль үгийг нь сонсч, зөвлөгөөг нь авч байх хэрэгтэй. Өнөөдрийн энэ зөвлөгөөнд олон ахмад хилчин, буурал генералууд ирсэнд баяртай байна. Та бүхэн эдгээр буурлуудтайгаа зэрэгцэн сууж, тэдний үгийг сонсч байгаа нь завшаан юм. Ахмадаа хүндэлж сурвал ирээдүйд өөрөө тэтгэвэртээ гарах цагт залуу үе чинь та нарыг хүндэлнэ.
Ер нь албан хаагчид, цэргүүд ялангуяа шинэ цэргүүд дарга нараасаа үлгэрлэж байдаг. Намайг залуу байхад “Сад хурандаагийн ёсолгоо” гэсэн хэллэг хүртэл байсан. Тиймээс та нар үлгэр жишээ, биеэ зөв авч явах ёстой. Дарга нь сэтгэлд нь хүрэхгүй бол өгсөн үүрэг даалгаврыг ч хүлээж авахдаа муу, биелүүлэхдээ дутуу байна шүү дээ. Миний хэлсэн үгийг үүрэг даалгавар гэж хүлээн аваарай” гэсэн юм.
Монгол Улсын хил хамгаалалтыг удирдан зохион багуулах хариуцлагатай ажлыг хашдаг эдгээр удирдах ажилтнууд Хил хамгаалах байгууллагаас 2015 оны зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудыг ярилцаж үр дүнгээ тооцож байгаа юм. Тэд улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулахад ямар асуудал тулгамдаж буй цаашид хэрхэн ажиллах тухайгаа ярилцан, харилцан туршлага солилцох, арга зүйн олон талт арга хэмжээнд хамрагдаж байна.
Энэ үеэр Дорнод аймгийн 0132 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Дэлэгээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Энэ удаагийн уулзалт ямар үр дүнтэй болж байна?
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр удирдах ажилтны зөвлөгөөн болдог. Энэ жил хийсэн ажлаа дүгнэж, 2016 онд яаж ажиллах талаараа ярилцаж байна. Хилийн цэргийн отряд ангиудын захирагч нар оролцдог энэ зөвлөгөөний сүүлийн хоёр жилд тавьсан зорилт бол улсын хилээ хамгаалах эрхэм зорилготой. Гэхдээ цэргийн хүн гэдэг өөрийнхөө мэдлэг чадвар, бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Хуулиас гадна цэргийн дүрмээ хэм хэмжээнд нь хүргэж ажиллах талаар ярилцсан нэлээд үр дүнтэй зөвлөгөөн болж байна.
-Танай ангийн хувьд ямар онцлогтой вэ?
-Дорнод Монголын талыг хамгаалж буй анги. Онцлог гэвэл гурван улсын уулзвар хилийг хамгаалдаг отряд хоёр л байдаг. Баян-Өлгийн отряд болон манайх Монгол, Орос, Хятадын хилийг хамгаалдаг. Хилчдийнхээ ахуй амьдралд анхаарч давхар мэргэжилтэй болгох, мал аж ахуй эрхлэхэд нь анхаардаг.
-Гурван улсын уулзвар хил гэхээр бас ачаалал ихтэй байдаг уу. Хэрэг зөрчил хэр их гардаг вэ?
-Манайд гадаад, дотоодын төөрсөн иргэд, мал улсын хилээр давах, малын хулгай, хориотой эд барааг боомт болон боомт бус газраар гаргах зөрчил гардаг. Гэвч манай хилчид цаг тухайд нь зөрчлийг илрүүлээд ажиллаж ирсэн. Ер нь эзгүй хээр газар амьдарна гэдэг үнэхээр эх оронч сэтгэлтэй хүмүүсийн хийх ажил. Гэхдээ хилчид маань үндсэн үүргээ найдвартай биелүүлдэг. Хүн болгон ажилдаа эзэн болох ёстой. Хилчин хүн хууль бус үйлдэлд холбогдож болохгүй, үнэнч шударга байх ёстой гэсэн зарчмыг би хамт олондоо хэлдэг.
-Цэрэгт татагдах байдал сүүлийн үед сайжирч байгаа гэх юм билээ. Танайд ирж байгаа залуусын хувьд ямар байна?
-Цэрэгт татагдан ирж байгаа залуусын мэдлэг чадвар, боловсролын байдал нь сайжирсан байна. Харамсалтай нь 20 хүрч буй залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байна. Энэ нь монгол хүний эрүүл мэнд муудсаны илрэл юмуу гэсэн дүгнэлтийг хийж байна. Манайд 200 залуу татагдан ирлээ гэхэд 50-60 нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагддаг. Тиймээс залуусыг эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж хэлмээр байна гэсэн юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү зөвлөгөөн маргааш буюу 11-ний баасан гаригт бүтэн жилийн туршид ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан Хил хамгаалах байгууллагын тэргүүний отряд, ангийг тодруулж, ХХЕГ-ын даргаас үүрэг чиглэл авснаар өндөрлөх юм.
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bajii ah bn