Б.Бааст: Нас цас,хоёр намайг баглаж хөдөлгөхгүй болгох янзтай
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баасттай ярилцлаа.
-Сайн байна уу, Та өнтэй сайхан өвөлжиж байна уу?
-Сайн сайн. Сайхан зуншаад намаржаад өвөлжиж байна. Миний тав тух ч яах вэ. Энэ нар хур хоёр чинь улс орны маань жаахан тариа будааны ургацыг л сүйд хийлээ дээ.
-Харин тэглээ. Энэ жил манайх ургацынхаа 60 орчим хувийг хурааж авлаа. Цаг агаарыг хүн захирах боломжгүй юм даа?
-Тийм цаг агаар гэдэг бид яаж ч болдоггүй хэцүү үзэгдэл л дээ. Түүний өмнө хүн төрөлхтөн даан ч хүчин мөхөсдөнө.
-Гэхдээ ноднин бид овоо тариа буудай хурааж авсан даа?
-Тиймээ ноднин ургац сайн хурааж аваад түүнийгээ хадгалах сав байхгүй, гадагшаа гаргаж борлуулах тухай яриа гарч байсан.
-Та гадагшаа гаргаж борлуулахад дургүй байсан юм уу?
-Дургүй байхаар барах уу. Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг үг бий. Гэтэл өчнөөн хөрөнгө, мөнгө хүмүүсийн хөлс хүчийг асгаж, цутгаж байж ургуулсан тариа буудайгаа хурааж авсан мөртлөө түүнийгээ хадгалах сав агуулахгүй байна гэдэг чинь хатуухан хэлэхэд бидний дэндүү арчаагүй, маш мунхаг үйлдэл байхгүй юу.
Тариа будааны ажил эрхэлдэг газрууд чинь юуны өмнө саваа, агуулахаа бэлддэг юм шүү дээ. Хайран буудай, даан ч хайран. Ноднин хурааж авч чадахгүй нэлээд тариа буудай цасанд даруулчих шиг болсон. Тэгээд бас гадагшаа гаргасан. Манай Монголын хөрс шороон дээр ургасан тариа, буудай гэдэг чинь тэр чигтээ цэвэр алт байхгүй юу.
-Яагаад алттай зүйрлэх болов та?
-Яагаад гэвэл бид атар газар эзэмшээд удаагүй. Манайд атрын сангийн аж ахуй эхлэн байгуулахад би анхны атарчидтай цуг бараг энэ ажилд хуруу хумсаа дүрсэн анхны зохиолчдын нэг.
-Бараг энэ ажилд гэдэг тань ямар учиртай юм бэ?
-Манай анхны атарчид хавар эртээр, бараг цасан дээр хөлдүү цэвдэг хөх газар дээр гэр орноо босгосон. Бээрсэн гар хуруугаа үлээж, даарсан хөлөө дулаацуулах гэж дэвхцэн цовхчин машин техник дээр ажиллахыг би нүдээр үзсэн.
-Та атрын шанг татсан анхны өдрөөс л атарчидтай дөрөө хоршуулжээ?
-Тийм. Би ийм үед Дарханы сангийн аж ахуй дээр сурвалжлах ажлаар очсон. Сангийн аж ахуйн дарга Бадарч, Намын төв хорооны зохион байгуулагч Лувсанрэнцэн нар намайг их сонирхон хүлээж авсан. Надад их ч тус болсон. Атар газар анхны шан татахаас эхлээд тариалан дуустал гадаа гандаж явлаа. Бадарч дарга, Лувсанрэнцэн гуай хоёр намайг атрын талбайд хүргэж өгдөг.
Би тэр газар нь өдөржин ажиллана. Тийнхүү ажилласаар бүх атарчидтай танил болсон. Рэнцэнханд гэдэг гайхалтай хүн байлаа. Сангийн аж ахуйн машин техник, ялангуяа хаана л трактор, комбайн эвдэрнэ тэр бүхэнд Рэнцэнханд л ухаанаа гаргана. Сангийн аж ахуйн жинхэнэ зүрх нь энэ хүн байв.
За тэгээд Монголд анхны цирк 1940 онд нээхэд жанглер, акробатын үзүүлбэрт голлон тоглож байсан Даян, Дарамсэд нар маань энэ аж ахуйн ноён нуруу болсон хүмүүс байв. Тэднийг хэн ч ийшээ дуудаагүй. Ёстой л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар энд ирсэн байсан.
-Атарт ийнхүү ажиллахад уран бүтээл болгох санаа сэдэв атрын хөрсөнд анхлан соёолсон тариа мэт танд ургаад эхэлсэн үү?
-Бадарч дарга, Лувсанрэнцэн гуай хоёр, атрын хамт олон нартай ярьж хөөрсөөр “Дарьсүрэн” гэдэг тууж бичих санаа төрсөн. Тууж дээрээ зун нь ажилласан чинь нэг л явдаггүй.
-Тэгээд туужаа бичсэн үү?
-Намар нь дахиад Дарханы сангийн аж ахуйд очсон. Тариа хураах ажил эхлэхээс дуусах хүртэл тэнд ажилласан. Тэгээд өвөл тууж бичих ажилдаа орсон. Туужаа хавар нь дуусгаад Дарханы сангийн аж ахуйг зорин очиж туужаа уншлаа.
Бадарч дарга, Лувсанрэнцэн гуай хоёр ч сонссон. Сонссон хүмүүс ч санаа оноогоо хэллээ. Би ч авах гээхийн ухаанаар хандан туужаа хэвлүүлсэн. “Дарьсүрэн” тууж минь надад өлзийгөө хайрласан шүү.
-Яаж?
-Монголын зохиолчдын эвлэлийн нэгэн жилийн шилдэг бүтээлд олгодог шагналыг хүртсэн. Дараа нь Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн таван туужийн минь нэг болсон. Тэр үед шагналыг айхавтар шалгаруулж, нарийн шүүлтээр шүүж, цөөн зохиолд олгодог байсан. Одоотой адил шагналын хур буулгадаггүй байлаа.
-Таны атрын сэдэвт уран бүтээл ингээд зогссон уу?
-Зогсох байтугай зогсоо зайгүй үргэлжилсэн. Дарханы атрын сангийн аж ахуйгаас Хонгорын атрын сангийн аж ахуйд очлоо. Тэр аж ахуйд олонтоо очсон. Пэрэнлэй, Бизьяа гэдэг хоёр залуу дарга бас их тус болсон. Ингээд би атрын тухай “Сар хээр хоносон хоёр шөнө” жүжиг бичсэн. Мөн “Алтан атар буюу төмсний дуун” тууж, “Найрамдлын тарианы түрүү халиурах нутгаар” найруулал, за тэгээд өгүүлэл, тэмдэглэл гээд олон юм бичсэн.
Одоо эргээд бодоход бичих дурсамж их байна. Даанч санаа байсан ч сачий хүрэхгүй боллоо. Атрын тухай манай зохиолчид роман, тууж, жүжиг, кино, дуу, шүлэг мөн ч их юм бүтээсэн. Гэвч тэдний минь бүтээлийг энэ цагт сангийн аж ахуй нь ер анхаарч үзээгүй. Муухай шүү.
Атрын алтан хөрсний гурилыг нь идсэн байж, тэр гурилтай тэнцэх оюун ухааны алтан талх бүтээгч хүмүүсийнхээ ач гавьяаг мартаж яаж чадаж байна. Алтыг нь аваад авдрыг нь хаях гэдэг энэ л байх даа. За яах вэ одоо хэндээ юу ч гэж хэлэх вэ дээ.
-Бааст гуай, атрын тухай сэдвээ ингээд түр орхиё. Яах вэ шаардлага гарвал эргээд сэргээн ярилцаж болох биз. Би таныг энэ зун зусландаа ямар уран бүтээл туурвисан талаар ярилцмаар санагдлаа?
-Би бол одоо уран бүтээл хийх насны хүн биш. Намрын эмгэн шар наранд ээж, налайж суух насны хүн шүү дээ. Гэтэл бас тэгж сууж чадахгүй юм. Энэ жил харин жил бүр хөтөлдөг Шадивлан зуслангийнхаа ээлжит тэмдэглэлийг хөтөлсөнгүй хаячихлаа.
-Яагаад хөтөлсөнгүй вэ. Таны уламжлал шүү дээ?
-Яах вэ дээ мэр сэр бичих юмс ер тасардаггүй. Тэгээд ч олон жил хөтөлсөн учраас Шадивлан зуслангийн тэмдэглэл давтагдах янзтай.
-Энэ олон жилийн тэмдэглэлийг эмхэтгэвэл их л зузаан ном болох байх даа?
-Лав л хоёр гурван зуун хэвлэлийн хуудас болох байх.
-Энэ тамдэглэлээс хасах хэсэг гэж байхгүй л биз дээ?
-Барагтай бол хасах, засах зүйл бичихгүй шүү дээ. Харин одоохондоо хэвлэж боломгүй, намайг “явсны” дараа хэвлэж болох зүйл цөөн боловч байгаа л байх.
-Таны олон жил хөтөлсөн нөгөө уламжлалт өдрийн тэмдэглэл бас байгаа шүү дээ?
-1940-өөд оноос өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн гэхээр даруй 75 жил болжээ. 300 гаруй дэвтэр байна. Түүн дотор хэрэггүй нь их гэхэд бас хэрэг болох юм бий. Би одоо тэр дэвтрүүд рүүгээ гар дүрэхээс айдаг. Сонирхоод харахаар аль ч оных нь ялгаагүй юм болгочих зүйлс ургаад гараад ирдэг юм.
-Уламжлалт тэмдэглэлийн дэвтрүүддээ хааяа ч гэсэн агаар оруулдаг биз дээ?
-За даа, урьдынх шигээ сав л хийвэл тэмдэглэлийн дэвтрээ шүүрдгээ болиод байна. Хааяа дэвтрүүддээ агаар салхи оруулж сууна даа.
-Ингэхэд та одоо юу бичиж байна даа?
-“Б.Баастын нэрэмжит хэвлэх үйлдвэрт нэг хувь хэвлэв” гэдэг номоо бичиж сууна. /Ёжтой инээв/
-Юу гэсэн үг вэ энэ чинь. Та тоглоод байна уу?
-Тоглоогүй. Оросын аугаа зохиолч М.Горькийн мэндэлсний 100 жилийн ой 1968 онд боллоо. Манайх энэ ойг маш өргөн дэлгэр тэмдэглэсэн. Сонин хэвлэлд Горькийн бүтээлээс орчуулж хэвлүүлсэн материал их нийтлэгдсэн. Би тэр бүхнийг цуглуулаад л байлаа.
Яг Горькийн ойг тэмдэглэх болоход БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч Улаанбаатар хотын I номын санг Горькийн нэрэмжит болголоо. Зарлиг 1968 он гуравдугаар сарын 20-нд гарсан юм байна. Энэ зарлиг л надад их сонин бодол төрүүллээ. Горькийн ойгоор орчуулсан бүх нийтлэлийг цуглууллаа.
Тэгээд бичгийн цаасан дээр эхлээд Горькийн зураг дараа нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг, “Монголын сэхээтэнд Горькийн бичсэн захидал”, “Максим Горький манай утга зохиолд”, “Горькийн тухай хорвоогийн томчуудын хэлсэн үгс”, Горькийн хүүдээ бичсэн захидал сонинд нийтлэгдсэн орчуулгыг Горькийн Орос орноор хэрэн тэнүүчилсэн зургийн хамт цуглуулсан юм.
Энд би Горькийн хэлсэн нэг сайхан үгийг сийрүүлмээр санагдлаа. “Номд дурлавал, амьдралыг тань хөнгөвчилж, үйл явдлын алаг цоог, хамгийн ээдрээтэй бодол санааг олоход танд нөхөрсөгөөр тусалдаг юм. Ном таныг өөрийгөө болон өрөөл бусдыг хүндэтгэн хайрлахад сургана”
-Та тэр их цуглуулгаараа юу хийсэн юм бэ?
-Тэр үед соёлын барааны дэлгүүрт аятайхан хавтас хийх цаас юу ч байсангүй. Барааны боодол маягийн бор цаасаар Горькийнхоо бүх материалыг хавтаслаж үдлээ. Горькийн мэндэлсний 100 жилийн ойгоор манайд орчуулж хэвлэсэн зохиолууд гээд хавтсан дээр нь бичээд дор нь “Б.Баастын нэрэмжит хэвлэх үйлдвэрт нэг хувь хэвлэв” гэж бичиж орхилоо. Хааяа тэр номоо эргүүлж суухдаа, би ер нь сонин зүйл сэдэж дээ гэж боддог.
-Энэ санаачилгаа үргэлжлүүлж ер бус тийм ном та “үйлдвэртээ” дахин хэвлэсэн үү?
-Хэвлүүлсэн. Жон Гришом гэдэг хүний “Хотон шувууны хэрэг” гэдэг тууж, Роберт Блохын “Хэрэмний чихмэл” тууж сонинд цувралаар гарсныг эмхэтгэн “хэвлэсэн” Түүнээс гадна нэртэй зохиолчдын өгүүллэгийг эмхэтгэн “Хүйтэн зүрх”, “Хар гар” гэж хоёр ном “хэвлэлээ”
-Одоо ямар ном бэлдэж байна?
-Ги де Мопассон, Акутагава Рюноске, Эрнест Хемингуэй, Тошио Ота, Жованни Бокаччо, Арнольд Беннет, Гарсиа Маркес, Оэ Кэнзабуро, Ясунари Кавабата, Жан Поль Сартр, Жек Лондон, Гёте, Антон Чехов нарын зохиолчийн бүтээлээр нэг ном хийж байна. Эдгээр бүтээлийг энэ жил зуслан дээрээ цуглуулсан юм.
-Та их сонирхолтой зүйлс цуглуулах юм. Бас их ч унших юм аа?
-Би өөрийнхөө хэмжээндээ их л зүйл уншлаа. Ямар сайндаа С.Удвал дарга “Чимэд, Эрдэнэ нараас юм асуухаар мэдэхийгээ хариулаад мэдэхгүйгээ “Баастаас асуу. Элдвийн юм уншдагаараа мэдэж байж магад” гэх юм” гэдэг байв. Би тэднийгээ их санадаг байхгүй юу. Ай хөөрхий, мөн ч сайхан хүмүүсийн дэргэд би өссөн байгаа юм.
Тэд минь л намайг хүн болгоод барахгүй, “Бидний хийж амжаагүй зүйлийн заримын ч болтугай хийгээрэй” гээд ардаа үлдээгээ юу гэж боддог. Тэгж бодохоор л нулимас асгардаг.
-Та эдгээр “хэвлэсэн” номоо бүгдийг нь уншсан уу?
-Би их ном уншсан хүн гэж зохиолч нөхөддөө танигдсан. Гэхдээ би зарим зүйлийг нэг уншаад ойлгоод авдаггүй. Хэд дахин уншиж байж тэр зүйлийнхээ амт шимтийг хүртдэг. Тиймээс дахин дахин уншиж байж энэ суутнуудын хэмжээнд хүрнэ дээ гэж бодоод ийм ном хэвлэдэг байхгүй юу.
-Зав л гарвал уншиж бичиж байдаг танд ийм ном “хэвлэж” суух цаг хугацаа хаанаас олддог байна. Та тэгэхээр чөлөөт цагаа сайтар зохицуулдаг хүн байх нь ээ?
-Хамгийн гол нь цагтай өрсөлдөж цаг хугацааг “бага балчир” гэлтгүй овжин ашиглаж сурах хэрэгтэй. Цаг хугацааг хожиж сурах хэрэгтэй. Дараа нь уншина, бичнэ гэж хойш тавибал юу ч гарахгүй, хохирч мэднэ. Харин цаг гарахыг хүлээвэл хэзээ ч олдохгүй шүү. Өөртөө цаг гаргаж сурна гэдэг бас нэг төрлийн ур ухаан шүү.
-Тийм шүү. Ингэхэд таны бичиж, худалдаанд гаргасан цуврал хэд хүрээд байна?
-19 ном гарсан.
-20 дахь цуврал нь хаана явна даа?
-Бараг бэлэн гэж болно. Гэтэл замын саад түтгэр гэж их гай барцад байна шүү дээ.
-Жишээлбэл, ямар барцад саад болоод байна?
-Олон байна аа. Хэвлэх үйлдвэрүүд байсхийгээд л ном хэвлэх үнээ нэмчих юм. Номын дэлгүүрүүд дэлгүүрийнхээ үнийг нэмчих юм. Арван мянган төгрөгийн үнээр номоо дэлгүүрт тавихаар түүн дээр дэлгүүрийн үнэ гээд 30-40 хувь нэмээд тэр ном 20-оод мянган төгрөгийн үнэтэй болно. Тэгэхээр тийм үнэтэй ном хэн авах вэ дээ.
Ном аваад хоосон сууснаас хэд хоногийн талхтайгаа байвал дээр биз дээ. Номыг дэндүү цөөн хувь хэвлэнэ. Энэ нь ном үнэд орох бас нэг шалтгаан. Зохиогч, дэлгүүр, уншигч гурав нэгнийгээ хараад зэрэг хохирч байна. Номоо хэвлүүлье гэхээр үнийн өндөрт хавчигдаад яаж ч чадахгүй сууна даа.
Одоо ч тэгээд ном, сонин уншдаг хүн ч өдөр өнгөрөх тусам ховордож байна. Сониныг цөөн хүн уншина. Номыг номын хорхойтон л худалдаж авна. Их зохиолч Д.Нацагдорж “Ардын хувьсгалын ачаар ард түмэн минь хөмөрсөн тогоон дор байсан харанхуй бүдүүлэг байдлаас салж, гэгээрч, соёлжиж эхлэв” хэмээн баярлан бахдан дуулж байв.
Далаад жилийн нүүр үзэхэд улсаараа бичиг үсэгтэй болж ЮНЕСКО-гийн шагнал хүртэж байв. Одоо тэр шагналыг буцааж өгөхөөр болоод байна шүү дээ. Ардын хувьсгалын дараа Ардчилсан хувьсгал хийлээ. Ардчиллын 25 жилийн дотор ард түмнийг буцаагаад хөмөрсөн тогоон дор хийчихлээ шүү дээ.
Одоо ном, сонин унших байтугай бичиг үсэг мэдэхгүй хүмүүс олширч байна. “Ном уншаад яах юм бэ, сураад ямар хэрэг байна. Ажил хийдэг нь цалингийн хүснэгтэд нэрээ бичээд авдаг хэдээ тоолоод авчихвал болоо” гэх болж.
-Уг нь ч одоо ном, сонин их л хэвлэгдэх юм аа?
-Арга байж уу. Дуртай нь гүйх гүйхгүй үл харгалзан ном хэвлүүлж байна. Энд ямар ч хяналт, шалгалт төрийн бодлого алга. Ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Хэвлэлийн энэ задгай эрх чөлөө ард түмэнд их муу нөлөө үзүүллээ. Номын дэлгүүрээр ордог биз дээ. Сайн сайхан номуудын хажуугаар хүмүүсийн шунахайрах, мунхрах, налиг шалиг зам руу хөтөлсөн хэчнээн ном гарч байна. Энэ чинь ёстой аймшиг.
-Та энэ жил хэчнээн юм бичив дээ?
-Арван жижиг өгүүллэг, бодол эргэцүүлэл маягийн хоёр гурван юм бичлээ. Дахиад хэдийг бичих бодол, материал байна. Нас, цас хоёр барьж баглаад явуулахгүй, хөдөлгөхгүй болгох гээд байна. Ай хөөрхий хэцүү ч юм үзэх бололтой. Бас нэг томоохон тууж байна. Сувилуулах хугацаандаа “төгсөв” гэж бичих санаатай.
-Та амралтаараа ер нь гол бүтээлээ бичдэг хүн юм аа. Миний бодоход амралтад хүн ажлаа хийнэ гэдэг санаанд нэг л багтахгүй юм?
-Амралт миний уран бүтээлийн хоёр дахь гэр. Бүүр 1950-аад оноос “Цогт” туужаас минь эхтэй юм. Амарч, ажиллаж, амьдрахаа зохицуулж сур. Энэ чинь бас л урлаг, ухааны зохицол байхгүй юу.
-Таны бичих хүслийг сүүлийн ямар сэдэв оргилуулж байна даа?
-Би монгол эмэгтэйчүүдээ магтан дуулсан сайхан бүтээл бичихсэн гэж бодож сууна даа.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: