Арсенал – Болтон (тоглолтын өмнө)
Английн премьер лигийн 6-р тойргийн тоглолтууд эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Өнөөдөр болох нэгэн сонирхолтой тоглолт бол Арсеналын эсрэг Болтоны тоглолт билээ. Тэдний тоглолт Лондон хотын Эмират цэнгэлдэхэд болох бөгөөд 2 баг хоёул хүснэгтэд сүүл мушгиж байгаа юм.
2 багийн хувьд энэ улиралд муу тоглолт үзүүлж байгаа бөгөөд ганцхан онооны зөрүүтэй буюу Арсенал 4 оноотой хүснэгтийн 17-рт харин Болтон 3 оноотой 19-д бичигдэж байна. Их буучид энэ улиралд хаалгандаа 14 гоол алдсан байгаа бол Болтон 13 гоол алдсан байгаа юм байна.
Өнөөдөр тэдний тоглолт хэрхэн болох бол?
Арсенал
Арсеналын хувьд яг одоогийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа бөгөөд фанатуудынхаа зүгээс зэмлэлийг ихээхэн хүртээд байгаа билээ. Энэ долоо хоногийн эхээр Арсеналын менежер Арсене Венгерийг ажлаас нь түдгэлзүүлэх тухай яриа гарч эхэлсэн ба хэрвээ өнөөдөр буюу бямба гаригт түүний баг хожигдвол магадгүй Арсене ажлаа хүлээлгэж өгч мэдэх л юм.
Их буучид маань энэ улиралын эхний 5 тойргийн байдлаар тэдэнд үнэхээр тохирохгүй байр буюу хүснэгтийн 17-д бичигдэж байна.
Арсенал клуб долоо хоногийн дундуур Карлинг цомын ээлжит тоглолтоо хийн 3-1 харьцаатай Шревсбури багийг хожсон нь тэдэнд ихээхэн итгэл найдвар хайрлаж байгаа бөгөөд тоглолтод залуу тоглогчид оролцон, гарааны тоглогчид буюу “нэртэй” тоглогчид амарсан юм.
Мягмар гаригийн ялалтын дараа багийн бүх тоглогчид өөрсдийн тоглолтыг шинээр, амжилттай эхлэхийн төлөө хичээж байна. Итгэл найдвар, тайван байдал дутмаг байсан тэд Болтоныг хожихын төлөө хичээх нь дамжиггүй.
Бакари Сагна энэ тоглолтод оролцох бүрэн боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр Блекбурны эсрэг тоглолтод бага зэргийн гэмтэл авсан ба дасгалжуулагч сэлгээ хийн түүнийг суулгасан нь багийн хамгаалалтыг сулруулан Блекбурн хожиход нэмэр болсон билээ. Сагнаг лигийн баруун жигүүрийн шилдэг хамгаалагчдын нэг гэхэд хэн ч үгүйсгэхгүй юм.
Арсеналын гэмтэл аван удаан хугацаанд тоглолтод оролцох боломжгүй байгаа “их гурвал” буюу Вермаелен, Диаби болон Жек Вилшер нар тоглолтод оролцох боломжгүй хэвээр байгаа бөгөөд тэдний жагсаалтад Иосси Бенаюн нэмэгдэж оржээ. Бенаюн магадгүй долоо хоногийн хугацаанд тоглолтод оролцохгүй юм.
Болтон
Овен Коел-н багийн хувьд тэд бас л итгэмээргүй муу тоглолтыг үзүүлж хүснэгтийн доод хэсэгт бичигдэж байгаа билээ. Тэд 5 тойргийн тоглолтоос дөнгөж 3-хан оноо авсан бөгөөд тэдэнд гайхалтай тоглогч Кэхилл байгаа ч маш муу хамгаалалттай байгаа юм.
Энэ долоо хоногийн дундуур Астон Виллагийн эсрэг Карлинг цомын ээлжит тоглолтоо хийн талбайд нь 2-0 харьцаатай хожин бага зэргийн сэргэлт авсан Болтоны залуус өнөөдөр Эмират цэнгэлдэхэд зочлон тоглох юм. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Болтонг муу хамгаалалтай байгаа Арсеналын эсрэг 2 давхраар илүүтэй тогловол амжилттай тоглох магадлалтай хэмээн үзэж байна.
Хоёр багийн хоорондын тоглолтууд:
Өнгөрсөн улиралд тэдний хоорондын тоглолтуудад нийт 8 гоол орсон бөгөөд Арсенал гэртээ 4-1 харьцаатай хожин, харин Болтон Рийбүүк цэнгэлдэхдээ 2-1 харьцаатай хожиж байжээ. Дашрамд дурьдахад Болтоны хийсэн 3 гоол 2 давхраар тоглосон тоглолтоос оржээ.
Арсеналын Болтоны эсрэг “гэртээ” 1962 оноос хойш хожигдож байгаагүй бөгөөд 13 хожиж 4 тэнцэж байжээ. Арсеналын талбайд тоглосон тэдний хоорондын сүүлийн 4 тоглолтод Арсенал 13 гоол хийсэн бөгөөд үүнээс Росицки 3 гоолыг хийж байв. Магадгүй Росицки сэлгээгээр талбайд гарах ч юм билүү.
Гараанд гарах магадлалтай тоглогчид:
Арсенал
Счесни; Сагна, Мертесэкер, Кошелни, Сантос; Сонг, Рамсей, Артета; Жервиньо, Валкотт, Ван Перси
Болтон
Жааскелайнен; Робинсон, Кнайт, Кехилл, Бояата; Ийгл, Муамба, Рео-Кокер, Петров; Тункай, Дэвис
URL: