Т.Эрдэнэбилэг: Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно
Манай сонины ¹243 (5169), ¹244 (5170) дугаарт нийтлэгдсэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийн ярилцлагыг төгсгөлийг хүргэж байна.
-Ч.Амарболдын ахалсан цагдаагийн ажлын хэсэг ямар тайлбар тавьсан юм бэ. Мөрдөн байцаагч, шалгалтын хэсгийн хүмүүс нас барсан, осолд орсон, хөлдөж үхсэн гэх мэдээллүүд яваад байдаг?
-Ч.Амарболд даргын ахалсан ажлын хэсгийнхэн манайд хандаж “С.Зоригийг алсан хэргийг илрүүлэх өмнөх ажлын хэсгийн бүх материал шаардлага хангахгүй байна” гэсэн. Өөр олон зүйл яриагүй. “Шалгасан зүйл нь юутайгаа яаж холбогдсон, ямар таамаглал дэвшүүлсэн нь тодорхойгүй. Яаж шалгасан, үр дүн ямар гарсан, улс төрийн хүрээнийхэн рүү яаж орсон бэ гэдэг туйлын замбараагүй. Баахан цаас эрээчсэн зүйл байна. Ямар аргаар системчлээд, аль сэжүүрийг хэрхэн шалгасан гэдэгт ойлгогдох юм нэг ч алга” гээд надаас нэг зүйл хүссэн.
Хэдэн сарын хэдэнд юу болсон, ямар асуудал шалгасан тухай ажлын хэсгийн протокол, тэмдэглэлүүдээсээ хараад болж өгвөл өдөр сараар нь, цаг нартай нь гаргаад өгөөч гэсэн.
Ажлын хэсгийн туслалцаа үзүүлэх үүрэг хэвээр байсан болохоор 2-3 хуудас юм бэлдэж өгсөн. Гэхдээ би тийм юм сонсоно гэж үнэндээ даанч бодоогүй.Миний хувьд үүлгүй тэнгэрээс буусан хар аянганд ниргүүлнэ гэгч болж шоконд орчих шиг л болсон. Өчнөөн хоног ажилд нь тусалж, дэмжиж, найз нөхдөө хүртэл Казиногийн хэргээр шоронд явуулж, өчнөөн золиос тарьчихаад эцэст нь бүх юм золигт уначихаар дотор палхийсэн. Гэтэл тэр хүмүүс яагаад ч юм бэ, хариуцлага хүлээгээгүй. Хүлээлгэе ч гэж хөөцөлдөөгүй. Тэр нөхдүүд “Ажил шуудрах тун дөхлөө. Хэрэг илрэх ойртлоо” гэж дандаа худал мэдэгдэл хийсэн болж таарч байгаа юм. Эцэст нь Ч.Амарболд генералын үеийн ажлын хэсэг ч үр дүнд хүрсэн юмгүй. Шинээр юм илрүүлсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед ажлын хэсэг дээр сар бүр цуглаж мэдээлэл солилцдог нь хумигдаж, хэлбэр төдий уулздаг, мэдээлэл ч өгөхгүй талдаа. Ажлын арга барил нь ч тийм онцлогтой юм билээ. Тэгээд цааш яаж шалгах юм бэ гэхэд байдал тун ойлгомжгүй болж эхэлсэн. Цагдаагийн ажлын хэсгүүдээс явцын дунд олон хүн гарч орж солигдсон нь үнэн. Харин зохиомлоор алагдсан, жам бусаар нас барсан гэдгийг мэдэхгүй.
-АН-ынхан, тэр үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэргийг илрүүлэхэд хэр санаа тавьж байв?
-Ж.Наранцацралт агсныг Эрдэнэтийн асуудлаас болж Ерөнхий сайдаас огцруулсан. Орос руу бичиг илгэсэн, танхимаараа хэлэлцээгүй гэж буруутгасан. Тэрийг өөрийнх нь МҮДН фракцийнхан санаачилж, дотроо сэлгээ хийсэн л асуудал. Р.Амаржаргал гарч ирээд “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэсэн. Ер нь бүгд л тэгж гарч ирдэг, хуурай мэдэгдэл хийдэг байлаа. Одоо Их хурлын дэд даргаар ажиллаж байгаа Л.Цог тухайн үед Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд болж Ж.Наранцацралтын танхимд орж ажилласан. Л.Цогоос бусад нь дараагийн танхимд ороогүй. Тэгэхэд Л.Цог “Өвгөн чинь одоо хэргийг илрүүлнэ” гээд байсан. Тэрийг нь би үнэн сэтгэлээсээ хэлж байна гэж хүлээж авсан. Гэтэл тэр огт хөдлөөгүй. Дараагийн Хуульзүйн сайдаар Дашпунцагийн Ганболд гарч ирсэн, мөн л МҮДН-ийн хүн. Бас л хэргийг илрүүлэхэд олигтой хүч тавиагүй. Мөрдлөгөн дээр хамгийн эхний улсууд л чухал байдаг нь анзаарагдсан. Дараагийн улсууд гарч ирээд чадахгүй гэдгээ мэдэнгүүтээ болсон, болоогүй юмаа өмнөх рүүгээ зүгээр л чихчихдэг.
-Тэр үеийн МАХН (МАН) яаж хандаж байв?
-МАХН /МАН/-ыхан тэр үед “Маш аймшигтай хэрэг” гэж нэгэн дуугаар хэлдэг. Тэгээд “Ардчиллынхан та нар өөрсдөө л нухсан” гэдэг амны уншлага шиг юмтай. АН-ынхан болохоор яагаад ч юм бэ, сөрөг хүчин болох МАХН /МАН/-ыг буруутгаагүй. Яагаад гэдгийг нь би сайн ойлгодоггүй . Одоо ч ойлгохгүй байна. Жишээ нь, одоо Хотын даргаар ажиллаж байгаа Э.Бат-Үүл “МАХН /МАН/ энэ хэрэгт холбогдолгүй” гэж мэдэгдэл хийж байсан. Энэ эргэлзээг тайлах чиглэлд юу ч хийгдээгүй. Ард түмнээ төөрөгдүүлэх чиглэлд ноцтой гэмээр зүйл их хийгдсэн. Түүнийг тайлах талаас хийсэн зүйлгүй явсаар өнөөг хүрлээ. Зарим нь хэлсэн үгнээсээ эргэж буцсан тохиолдол ч бий. Өмнөх өдөр нь ярьсан бичлэгээ маргааш нь гүйж очоод устгуулсан.Сэтгүүлчдийг ч дарамталсан гэх зүйл дуулдаж л байсан. Миний мэдэхийн тийм юман дээр хуулийнхан их л амарлингуй, өөрсдийнх нь ажилд холбоо хамааралгүй юм шиг хандацгаадаг байсан даа.
-Өнөөдөр талийгаачийн эхнэр Б.Булганыг баривчилж хориод байна. Хэргийг илрүүлэхэд ямар нэгэн ахиц гарав уу гэтэл шоу гэх хүн олон байна?
-Би бас баривчилдаг баасан гаригт нь анх сонсчихоод хэргийг илрүүлэхэд ахиц гарсан юм болов уу, тийм байгаасай гэж бодсон. Хугацаа явж байна. Гэхдээ цаашдын үйл явдлыг харж байж хэлэхээс таах аргагүй. Эсвэл түүнийг хэн нэгний захиалгаар хорьсон юм биш байгаа. Түүнээс хэн нэгэн улс төрийн хонжоо хайж байх вий. Тухайн үед Б.Булганыг хайрлаж өрөвддөг, хамгаалж өмгөөлдөг хүн олон байсан. Гэтэл өнөөдөр ийм юмгүй болсон хүнийг хориулж шоудаж байгаа юм биш байгаа. Манай өвөө дээр тухайн үед нам нь ЗХУКН-д долигонож өөрийгөө цэвэрлэх гэж хамаг юмаа овоолсон. Түүгээр ч зогсохгүй 23 жилийн турш үйл тамыг нь цайлгаж эцэст нь зүгээр алаад хаясан шиг энэ удаа ядарсан нэг эмэгтэй дээр 17 жил хуримтлагдсан хэрэгтэй, хэрэггүй байдаг юмаа овоолох гэж буй юм биш биз. Бас үүгээр өөр өрсөлдөгч рүүгээ дарамт чиглүүлье гэж байгаа бол маш эвгүй. Надад, ийм л бодол төрж байна. Гэтэл төрийн нэрийг ашиглаж хүний аминд хүрдэг, гэм зэмгүй иргэдээ хороодог байсан явдлыг төрийн нууц гэх зохиомол шалтаг тавиад өдий болтол шалгахгүй л байгаа шүү дээ. Аль, аль намынх нь амлалт бий шүү дээ. Гэхдээ Булганыг яагаад баривчлах болов гэдэгт хүмүүсийн олонх нь үл итгэсэн байдалтай байна. Тэр аргагүй. Интернэтэд гарсан мэдээний доорх сэтгэгдлийн тал хувь нь дандаа үл итгэсэн байр сууриас хандаж, “Сонгууль ойртож” гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Хэргийг илрүүлэхгүй байна гэдэг Монголын төр өөрийгөө булшлах ажлыг хийж байгаа юм. Манай өвөөг 1985 онд Дарханд гэртээ байхад нь алсан улс төрийн аллагын хэргийг мартагнуулж бүр хөсөр хаясан шүү дээ. 2001 онд телевизийнхэнтэй хамтарч өвөөгийнхөө тухай баримтат кино хийх болсон юм. Би тэр үед Их хурлын ажлын хэсгээс буусан байсан. Киноны баг “Цагдаагийн газраас хэрэг мөрдөн шалгах үйл явцын талаар асууя” гээд бид хамт очсон юм. Тэгэхэд “Хэргийг хариуцсан хүн байхгүй, хавтаст хэрэг архивт байгаа байх” гэсэн хариу өгсөн. Харин С.Зориг амь насаа алдсан тэр хэргийг арай ч бүдэгрүүлчихгүй байлтай. Төрсөн дүү нь Их хуралд байна, овоглосон нам нь гэж парламентын нам байгаа. Эрх биш асуудлыг мартагнуулахгүй байх гэж харж байна. Харин баримт, факт цуглуулах үе нь нэгэнт өнгөрөөд удаж байгаа болохоор шинээр юм илрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ мөрдөн шалгах практикт байж болдог шиг байгаа юм.
-Ер нь улс төрийн аллага илэрдэг үү?
-Олон улсын туршлагаас харахад, улстөрийн аллага олон жилийг ардаа орхисон ч бай захиалагч, гүйцэтгэгч, хамтрагчтайгаа илэрдэг юм байна лээ. Том сүлжээ байвал үзүүр бүрийг нэгд нэгэнгүй эрж олно гэдэг чимхлүүр ажил байх. Гэхдээ гол судсыг нь олж, хэдэн жилийн дараа ч гэсэн тухайн хүн нь нас барсан байсан ч нэр усаар нь гаргаж зарласан тохиолдлууд байдаг. Хамгийн ойрхон жишээ гэхэд ОХУ-д улстөрийн зүтгэлтний амь насанд халдсан нэг бус удаагийн хэргийг илрүүлсэн. Б.Немцовын хэрэг олон түмнийг цочирдуулсан сүүлчийн том хэрэг гэхэд тодорхой хүрээний хүмүүсийг сэжигтнээр татаж, шалгаж байгаа. Хараахан илрүүлээгүй ч дээд төвшиндөө мэддэг, гол нь нотлох асуудал л байх шиг байна. Тэгвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр яагаад гол судсыг нь тухайн үед ч, түүний дараа ч олоогүй юм бэ гэдэг асуулт бий. Илрүүлэх нь улстөрийнхөнд ашиггүй байх шиг байна л даа. Анхнаас нь зөв гольдролоор шалгаж, илрүүлэхийн төлөө яваагүй учраас өнөөдөр хүмүүсийн дунд илрүүлчихнэ гэсэн итгэл алга байх шиг байна. Илрүүлэх гэж байна гэхэд хүмүүс өөрт байгаа мэдээллээ аваачиж өгөхгүй л болов уу.
-Яагаад?
-Намайг Ажлын хэсэг ахалж байхад хүмүүс цагдаад очоод тэр орой би тэнд явж байгаад тийм юм харсан гэх мэтээр мэдээллээ өгье, тэмдэглүүлье гэхээр хүлээж авдаггүй, эвгүй харьцдаг гэсэн мэдээлэл дуулддаг байсан. Хэргийн мөр халуун байх үед тийм зүйлтэй нүүр тулсан улс өөр яах юм бэ. Тэр үед “Нөгөөдөр” гэдэг сонин талийгаачийн цогцост задлан хийсэн зураг болон баримт, фактуудыг хамгийн сайн гаргасан. Гэтэл тэр сонины сэтгүүлчдийг дарамталж, ямар зорилготой юм гэхчлэн үл ойлгогдох хандлагууд их гарсан. Яг бодитой, хэрэг илрүүлэхэд нэмэр болохуйц баримт, фактаас яагаад ч юм бэ зай барьчихсан нь гайхмаар. Тэгээд өөрсдийнх нь шалгаад байсан мэдээлэл ямар үр дүнд хүргэсэн нь тодорхойгүй. Үл ойлгогдох үйл явдлууд ч их явагдсан. Цаг хугацааны хувьд С.Зориг амь насаа алдсан тэр орой, цаг минутыг хэн нэгнийг баривчлах, хулгайлах гэхчлэн өөр зүйлд ашиглаад байдаг. Гэтэл яг тэр хэрэг нь илэрдэггүй. Ер нь бол анхнаасаа тэр асуудлыг ашиглан тэр үед түүхэнд анх удаа парламентад олонх болсон ардчилсан хүчин бидний буюу эрх баригч намуудын нэр хүндийг унагаая гэсэн операци явагдсан болж таараад байгаа юм.
-Ингэхэд таны өвөөг болон С.Зориг агсныг хөнөөсөн хоёр хэрэгт сар, өдрөөс гадна ижил төстэй зүйл хэр олон байдаг вэ. Танд юу анзаарагдаж байв?
-Үүний өмнө нэг зүйлийг зориуд хэлье. Өвөө маань халуун амиа алдсан 1985 оноос 1990 он хүртэл цагаатгагдаагүй. Намын эсэргүү хэвээрээ, улстөрийн орчин өөрчлөгдөөгүй байсан. 1990 оны хавар тавдугаар сард цагаатгалын үнэмлэхийг нь бидэнд гардуулсан. Манай өвөө хилс хэрэгт гүтгэгдсэн, хөдөө олон газар 23 жил цөллөгт амьдарч, тэтгэвэрт гарчихсан хойноо ч Улаанбаатар руугаа шилжиж ирэх зөвшөөрлөө авч чадахгүй байсаар цөллөгийн газар гэртээ байхдаа алагдсан. Хоёр аллага аль аль нь алуурчин орон гэрт нь нэвтрэх замаар үйлдэгдсэн байдаг. Ийм хэргийг яаж ч баллах гээд заавал эд мөрийн баримт үлддэг.Эзэнгүй байлгах, мөр үлдээхгүй гэсэн хүн амины хэргийг бол гадаа олон хүн хөлхөлддөг газар л үйлдэнэ шүү дээ.Тэгэхээр хоёр хэрэг цаанаа айхтар зузаан хамгаалалттай байна уу гэсэн зүйл анзаарагддаг. Илрүүлэхгүй байх, олуулахгүй байх, тодорхой чиглэлээр эрж хайж чадахгүй байх юмыг нь анхнаас нь бүрдүүлээд өгчихсөн. Бүр яв цав бэлдчихсэн, бүх юмыг тооцоолоод бэлтгэлийг өндөр дээд түвшинд хангасан гэсэн үг. Хуулийн байгууллага өөрөө ийм үл бүтэх этгээдүүдээс их бүрддэг.
-Тэр нь юу гэсэг үг билээ?
-Цагдаа, шүүх, прокурор гэхчлэн энэ хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг нь үнэн. Гэтэл цалингаараа амьдраад зогсохгүй өөр бас албан тушаалаа ашиглах замаар орлого олдог. Түрүүчийн нийгмийн үед ч тийм байсан, түүнээсээ шинэ нийгэмд шилжлээ гээд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хуучин нийгэмд та нар дарангуйллын тогтолцооны далбаан доор ажиллаж байсан. Одоо шинэ нийгэмд үргэлжлүүлээд ажиллая гэж байгаа бол өөрсдөө ингэж өөрчлөгдөх ёстой юм шүү гэж хэн ч тэдэнд хэлж захиагүй, зүгээр л яваад орчихсон. Хуучин нийгмийн үед манай өвөөг хэлмэгдүүлж байсан комиссаруудын(чекист гэдэг утгаар нь хэлэв) үр удам тэднийхээ үйл хэргийг залгамжлаад явуулж байгаа юм чинь арга барил нь одоог хүртэл үргэлжилсээр л байгаа. Яагаад ийм хэргүүд гарч, илрэхгүй 20-30 жил үргэлжилдэг юм бэ гэдгийн гол шалтгаан үүнд л байгаа юм. Монгол Улс хуулийн байгууллагуудаа цэвэрлээгүй. Хэрэг илрүүлэх ёстой байгууллагууд нэлэнхүйдээ тийм боловсон хүчнээр бүрдлээ олчихсон байлаа шүү дээ.
-Тэгвэл аравдугаар сарын-2 гэдэгт ямар учир утга байдаг юм бол?
-Булганд сэтгэлийн дэм илэрхийлсний дараах бүтэн сайн өдөр би Зоригоогийн ээж Доржпалам гуай дээр очсон юм. Тэгэхдээ манай өвөөтэй нэг ижил өдөр аллага болж өнгөрсөн болохыг дуулгасан. Хөгшнийг мэдэж байх ёстой хүн гэж санаад тэгж хэлсэн, өөрт нь жаахан цочир л мэдээ болсон. Тэгэхдээ хоёр хэргийг холбоотой гэж бодож, гаргалгаа хийнэ гэж бодоогүй. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны зүгээс 1930-аад онд үй олноор нь хоморголон буудаж алах шийдвэр гаргадаг байсан хүмүүсийг зохион байгуулалтад оруулсан тушаал шийдвэр нь аравдугаар сарын-2 гэж байдаг гэж, түүнтэй холбож ярьдаг юм билээ. Хэргийг шалгасан газар нь өвөө аавын амь насаа алдсан өдрийг бидэнд хэлээгүй. Мэдэхгүйдээ тэгдэг үү, нууцлахаар шийдсэн үү. 2000 оноос хойш хүртэл өдөр сар, цаг минутыг нь олж мэдье, алтан савыг нь шинээр нээлгэе гээд шүүх эмнэлгийн архиваас хайлгаад ч олоогүй. Уг нь цус, шээсний шинжилгээний хариугаар хөдөлбөргүй тогтоодог шүү дээ. Гэтэл өвөөгийн амь насыг бүрэлгэсэн тэр хавтаст хэрэгт огт тавиагүй байсан. Асуухаар мэддэг хүн байхгүй. Хариуцсан ажилтан ч байдаггүй. Хамгийн сүүлд уулзсан хүмүүс өвөөг аравдугаар сарын 2-нд харсан гэдэг, түүгээр баримжаалдаг. Цагдаагийнхан мэдсэн нь аравдугаар сарын-4.Манай орцны нэг эмээ салхи шуурах үед “Салхивч нь нээлттэй савчаад байна. Эднийх гадагшаа гарахдаа цонхоо байнга хааж гардаг. Энэ нэг л сонин харагдаад байна” гэж дуудлага өгсний мөрөөр цагдаагийнхан очсон гэдэг. Тэгж ороод манай гэрээс хэргийн ул мөр гэвэл хангалттай авагдсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн байж таарна. Тэгсэн атлаа олж илрүүлж чадалгүй өнгөрсөн, нэг бол хүсэл зориг дутсан. Илрүүлэхийн төлөө тууштай яваагүй юм уу. Эсвэл замын дундаас зогсоосон уу. Цагдаагийнхан 1990 он хүртэл бидэнд юмаа ярихгүй, тийм цаг үе байсан. Түүнээс хойш ч яриагүй. Намын эсэргүү гэдгээр л ханддаг. Өвөөг ажил албанаасаа буухад гэрт байсхийгээд нэгжлэг хийдэг байсан Зөвлөлт-Монголын найрамдалд сэв суулгасан, Хятадын тагнуул гэж үзээд, алагдсаных нь хэзээ хойно саяхнаас юмдаг тусгаар тогтнолын эсрэг явж байсан гээд нөгөө л НАХЯ-ныхаа цуу тараах шалгарсан арга барилаар нэр хүндийг нь дахиад л оролдоод эхэллээ. Тэр нь ямар ч үндэслэлгүй.
-Мушгисан гүтгэсэн юм нь юу байсан юм бэ?
-Тухайн үед Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн. Хэтэрхий сүр дуулиантай болгосон. Үндсэрхэг үзэлд хэт автсан гэсэн байгаа юм. Нэг хүнийг тахин шүтэх явдалтай тэмцэх нэрээр өөрөө албан тушаалд авирахыг санаархсан. Намын эв нэгдлийн эсрэг зүйл сэдсэн гэсэн буруутгал гаргаж зохиомол ял тулгасан. Гол зүйл нь Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгах гэсэн гэж байгаа юм. Гэтэл Д.Төмөр-Очир гэдэг хүн чинь Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Б.Ширэндэв гуайн дараа сонгогдсон хоёр дахь дарга нь шүү дээ. Одоо бол энэ тухай баримтыг Монголын мэдээллийн ямар ч эх сурвалжаас хайгаад олдохооргүй болсон байна билээ. Ингээд зургаан зүйлийн буруутгал гаргаж, намын гишүүнээс хөөж, албан тушаалаас нь огцруулан цөллөгт явуулсан. Хөвсгөлийн Туртад гэрээ шалгагч, Баянхонгор аймгийн барилга конторт, Дарханд музей байгуулах ажлаар очоод 20-оод жил болсон. Хүүхдүүдээ бараадаж хот руу оръё гэхэд нь зөвшөөрдөггүй. Тэгээд “Амьдралын нөхцлөөр хангагдсан” гэж рапортолдог байсан нь тэтгэврийг нь өгдөг гэдгээ хэлж байгаа юм байлгүй. Ийм л байдалтай байж байгаад аллагад өртсөн.
-Таны өвөөгийн тухайд аллагыг улс төрийн талаас шалгаагүй байх. Харин С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг энэ талаас шалгаж, судалсан болов уу?
-Манай өвөөгийн тухайд цаанаасаа тийм даалгавартай байсан байх. С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлэх талд цагдаа нарын зүгээс зарим нь хэтэрхий улстөрийн юм асууж шалгааж байсан явдал бий. Гэхдээ дандаа ардчиллынхнаас тэр шүү дээ. Өвөөгийн тухайд бас нэг зүйлийг хэлэхэд, тэр аймшигт халдлагын тухайд МАХН /МАН/-ынхан оросуудын даалгавраар болсон юм шиг тайлбарлах гээд байдаг юм байна лээ. Аллагын гүйцэтгэгчийг нь ч гэсэн оросууд дээр тохчих санаатай. Өөрсдөдөө огт хамааралгүй юм уу. МАХН гэдэг нам МАН болж хэд үржлээ ч өвөөгийн маань хэргийг илрүүлээгүй цагт сайн болохгүй. Миний өвөө энэ намын түүхийг анх бичиж, босгож өгсөн хүн шүү дээ. Өөрсдийнхөө таашаалд нийцүүлэх байдлаар бичсэн түүхийг нь өөрчилж, яргалал хэлмэгдүүлэлт гэхчлэн өөрсдөдөө таалагдаагүй хэсгээ зөвтгөх гэж их үзсэн юм билээ. Намын өмнө хийсэн нүгэл огт байхгүй. Тийм хүнийг тэгж хэлмэгдүүлчихээд, бусдад егүүтгэгдсэн хэргийг нь болохоор илрүүлэхгүй 30 жил барилаа. Илрүүлэхгүй байлгах талаас нь их ч зүйлийг хийсэн дээ, эд. Одоо энэ нүгэл нь өөрсдөд нь дааж давшгүй ачаа болж буугаад няц дарагдахыг нь харах л үлдэх шив дээ, бидний хувьд.
-Таны өвөө, С.Зориг агсан хоёр мэргэжил нэгтэй, философич юм байна шүү дээ. Яагаад ч юм бэ, энэ хоёр хүн амьд ахуйдаа уулзаж байсан болов уу гэсэн бодол төрж байна?
-Миний өвөө Монголын анхны философич. Европын философийг мэргэжлийн сургуулиар нь дамжин суралцсан хүн дээ. Дайны өмнөхөн ЗХУ-ын тэр үеийн КУТВ буюу сүүлийн нэршлээр Дорно дахины хүрээлэнд суралцсан. Удалгүй тэнд байдал хүнд болсон учраас хорин хэдхэн настай буцаж ирээд шинэ хүчний сургуульд багшилж “Философийн лекцүүд” товхимлоо хэвлүүлж эхэлсэн байдаг.С.Жалан-Аажав гуай хууль зүйн ухааны лекцүүдээ бас хэвлүүлж, тэр хоёр түүгээрээ тухайн үедээ ихээхэн алдаршиж байсан шиг байгаа юм. Өвөө маань тэр үеэс Ю.Цэдэнбал даргатай нягт хамтран ажиллаж, найз нөхөд болж явсан. Дайны жилүүдэд 1941-1945 он хүртэл Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын туслахаар ажилласан. Тэгээд Москвагийн Ломоносовын их сургуулийн томилолт авч 1945-1950 онд тэнд суралцсан. Зөвлөлтийн хамгийн нэр хүндтэй сургуулийг дүүргэсэн анхны монгол хүн. С.Зориг, манай өвөө хоёрыг уулзаж байсан гэж тэр хоёрыг танилцуулж байсан. Ж.Солонго (Монгол киноны) дурсдаг юм. С.Зориг ч гэсэн “Өвөөтэй чинь уулзаж байсан” гээд надад нэг удаа хэлж л байсан.
-Та “Хэргийг илрүүлье гэвэл Булганд нухацтай хандах ёстой” гэсэн. Ямар утгаар тэгж хэлэв?
-Ер нь бол 16 жил хоёр сар өнгөрөхөд хэрэг илрээгүй байгаа нь харамсалтай. Монголын хувьд нэн эмгэнэлтэй асуудал. Манай нийгэм сул дорой байдлаасаа ангижрах болоогүй гэдгийг тодхон харуулж сануулга өгч байх шиг. Энэ бол эцсийн бүлэгтээ хуулийн байгууллагын чадварыг илтгэж буй хэрэг. Нөгөө л баасан гариг нь байж л байдаг, шалгадаг, мөрддөг арга нь янзаараа. Булганы тухайд л гэхэд түүнд хандах хандлагаа нэг мөр тогтоож чадаагүй л байна шүү дээ. Сэжигтэн гэдгийг хэд хонуулсныхаа дараа хэлж байх жишээтэй. Нэг талаар хохирогч шиг, нөгөө талаас сэжигтэн юм шиг. Хоёрдмол байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ. Түүний тулд улыг нь гартал шалгах ёстой. Тийм сэтгэлийн тэнхээ байх хэрэгтэй, хуулийнханд. Булган хоёр, гуравхан юм л ярьсан. Хэрэг гарсны маргаашаас шууд байцаагдаж эхэлсэн. Ам зургийг нь гаргаж өгсөн. Батаа, Оюунаа гэж дуудаж байсан, хараалын үг урсгаж байсан гээд зарим үгийг тогтоож авснаа дамжуулсан. Тухайлбал “Эрдэнэтийн эхлэл” гэснийг нь хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэрийг нь шалгахгүй одоо болтол хагас дутуу хаяад. Эрдэнэтийг тэр үед ч, сүүлд ч шалгаагүй. Яагаад шалгахгүй яваад байсан юм бэ гэдэг асуудал байна шүү дээ. Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно. Мөнгөний урсгал хаашаа явж байв. Тэнд хэн ашигтай ажилласан бэ. 1998 он хүртэлх тэр үйл явцыг, 1998 оноос хойшх баримт, фактыг бүгдийг өмнөө тавьж байгаад үйл явдлын, цаг хугацааны дарааллаар нь жагсаагаад үзэхэд болно шүү дээ. Яагаад үзэхгүй байна вэ. Зөвхөн Булган дээр л гэхэд анхны ажлын хэсэг түүнийг ингэж шалгах ёсгүй. Цэвэр хохирогчийн үүднээс авч үзэх ёстой байгаа юм гэдэг байсан. Бид “Наад хүнээ шалга, эцсийн байдлаар байцаалт ав” гээд хориулж, байцаалт авахуулж байсан. Олон жилийн дараа өнөөдөр тэр хүн гэнэт юмаа санаад хэлээгүй зүйлээ хэлнэ гэвэл юу л бол. Булганыг хорьсноор бүх юм болчихно гэвэл туйлын гэнэн бөгөөд хангалтгүй арга барил руу хөтлөгдөнө. Гэмт хэргийг илрүүлэх арга барил хуулийн тогтолцоонд хангагдаагүй, 1998 онд ямар байсан тэр л байрандаа байгааг харуулж байна. Амлалт цацах дуртай улстөрийн хүрээнийхэн ч өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгуульд чадах чадахгүй элдэв юм амлаж гардаг. Хуулийн системээ жигдрүүлж ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Эд мөрийн баримттай, зарим нь гэрчтэй, заналхийлсэн,онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэргүүд яагаад илрэхгүй байна. Хавтаст хэрэгт байгаа эд мөрийнбаримтуудыг одоогийн ДНК-ийн шинжилгээнд оруулахад хэн бэ, хэдэн настай вэ, нас хүйс гээд бүх өгөгдөл нь гараад ирнэ. Энэ ажлаа хийчихсэн үү. Хийчихээд Булганыг гагцхүү зарим дутуу харагдаж байгаа фрагментыг тодруулах гэж асууж шалгааж байгаа бол өөр хэрэг. Төв аймагт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэр чинь онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог газар биз дээ. Тэнд Булганыг гадаад орчинтой харьцуулахүй байх үүднээс хорьж байгаа юм уу. Тэр орчинд түүнээс ямар мэдээлэл авах гэж байна гэдэг асуулт гарна.
-Булганыг хорьж байгаа нь буруу гэсэн үг үү?
-Би тийм утгаар хэлсэнгүй. Гол нь гэмт хэргийн илрүүлэлт аль шатанд хүрээд байгаа юм бэ гэдэг асуудал чухал. Түүнд Булганы хувь нэмэр юу байна вэ. Өнгөрсөн 16 жил хоёр сарын хугацаанд Булганы талаар мөрдөн байцаалт ямар чиг шугам баримтлах нь тодорхойгүй байсан. Хэрэг гарсны дараа Булганыг хориход “Цорын ганц гэрчийг хорьж болох уу” гэж асуусан. Тэгэхэд “Аллагын эзэдтэй холбоогүй юм шиг байна лээ” гэж ажлын хэсэг хэлсэн. Аллагын эздийг илрүүлээгүй байж тэгж хэлж болж байгаа юм уу гэхэд бас л учир дутагдалтай. Сонин тайлбар. Ер нь тийм л гайхмаар хариулт сонсдог байсан шүү дээ, бид. Тэгээд ерөнхийдөө хохирогчийн байдлаар хандаж байна гэсэн ойлголт авч байсан даа, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Ч.Амарболд нарын амнаас. Д.Мөрөн, А.Дулаанжаргал нар тэр үед ихэр юм шиг хөтлөлцөөд явдаг байсан. Хэргийн ул мөрийг баримтжуулсан, эд мөрийн баримт байгаа, алуурчны үсийг авсан гэдэг байсан. Олон хүн орж гарч мөрийг балласан гэдэг ч ольё гэсэн эд мөрийн баримтыг бол яаж ч байсан олно шүү дээ. Ямар боломжгүй болтол дээр нь адуу төвөргөөсөн биш.
-Таны ахалсан Ажлын хэсгээс тайлан гаргасан уу. “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх дөхөж байна” гэсэн утга бүхий ярилцлагыг Д.Алтангэрэл, Д.Мөрөн нар өгдөг байсан. Тэгээд яагаад олоогүй вэ гэдэг асуулт одоо болтол байдаг?
-Манай Ажлын хэсэг жил хагас л ажилласан. Дүгнэлтээ тэр үед өгсөн. Сонинд ч гаргасан. Нуух зүйл ч байгаагүй. Илрүүлж чадахгүй байгаагийн гол шалтгааныг битүүвтэр үгээр гэхдээ тэнд дурдсан. Тэр дагуу янз бүрийн яриа хөөрөө гараагүй. Ямар ч ажил явагдаагүй. Ер нь бол дэлхийн шатрын их аварга Каспаровын хэлсэнчлэн “Геноцидийг хийсэн хүмүүсийн үр хөврөлүүд” болох хүмүүс Монголоор дүүрэн байна. Ард иргэдээ алж устган жинхэнэ геноцид гээч аймшигт ярга (төрлөөр устгах) үйлдчихээр чинь манай үндэсний генофонд алтан ураг, лам, сэхээтэн, эрдэмтэд нь зайлаад ихэвчлэн нөгөөх яргачингуудаас бүрдэж эхэлнэ биз дээ. Улс төрийн хэргүүд илрэхгүй байхын учир нь ганцхан үүнд л байгаа юм.Сэтгүүлчид сонирхвол энэ тун сонин сэдэв. Би мөрдөн байцаагч биш нийгмийн судалгаан дээр суурилсан анализ хийхэд нэг иймэрхүү дүр зураг л гарч ирдэг юм шүү дээ.
-Аллагын эздийг хаанаас хайх ёстой юм бэ. АН дотроос уу, МАН-аас уу?
-Нам дамнасан корпораци, хувь хүмүүсээс хайвал илүү онох байх аа. Нэг намаас хайх нь учир дутагдалтай. Аль аль намын хүмүүс хамтарч захиалж хийгээ биз. Гол нь мөнгөний том урсгал дундаас хайх нь зөв гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Мөнгөтэй холбоогүй хайна гэвэл хуурай улстөр яриад хэрэггүй, дэмий олон хүнийг зүдрээсэн хэрэг болох байх л даа.
Цаашид яах вэ?
-“Комиссар”-уудын савраас салгаж аваад жинхэнэ мөрдөн байцаагчдын гарт өгөх нь тэргүүн ээлжинд хийх ёстой зорилт гэж л харагдаж байна даа. Энэ тийм амар ажил биш. Гэхдээ үүнийг хийхгүй бол манай гэр бүл шиг дахиад 15 жил хүлээсний эцэст “алуурчныг олох л ёстой доо” гэдэг хий хоосон горьдлогоос цаашгүй хоцрох болно. Надаас асууж хариулт авч байгаа шигээ асуулт тавихгүйгээр зүгээр л “санамсаргүй” байдлаар салгаад авах юм бол дороо илэрнэ. Манай өвөөг алсан аллага ч тэр, С.Зоригийг хөнөөсөн хэрэг ч тэр аль аль нь илэрнэ. Итгэлтэй байна.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголын төлөө цохилох зүрхтэй Сайханбилэг Баярцогт Батцогт Ж.Энхбаяр Бямбацогт Тэмүүжин гээд сайхан залуучууд идэр насныхнаа битгий инэж доромжилж байгаач. Ерөнхийлөгч байсан хүн өглөө босоод хор найруулж өдөр бүр өөрөөрөө шоу хийж одоо бүр шадар сайд болно гээд явж байгааг өөр өнцгөөс хараач хүмүүсээ. Тэр Дорлигжав Оюунбаатар гэсэн мундаг хуульч нар чинь зүгээр л баг зүүгээд 2 битгий хэл 20 талд ажиллаж байна шүү дээ. Үр хүүхдэдээ бид нар ямар л төр, улс хүлээлгэн өгөх гэж байна даа.