Нийтийн тээвэрчид нийтээр нь хохироогчид болж байна
Нийслэлд сүүлийн хэдэн өдөр нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд ар араасаа гарч, иргэдийг цочирдуулж байна. Энэ тал дээр холбогдох байгууллагуудаас зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа ч үр дүн нь харагдахгүй байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцээд өмч хувьчлалын асуудал нийслэлийнхний ярианы сэдэв болсон.
Хотын даргыг эзгүй хойгуур болж буй зарим тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж хотын захиргаа нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа нь мэдээж. Тэгвэл НЗД-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайажлаас гарах хүсэлтээ өгчээ. Хотын даргын зарчимч хатуу шаардлага, үйл ажиллагаа нь хотод болон хотын иргэдэд хэрэг болж байгаа ч зарим нэг албан тушаалтнуудыг шантрахад хүргэж байгаа бололтой. Тухайн албан тушаалтны хувьд тунирхал уу, эсвэл зарчмын зөрүү юу, ямартай ч Засаг даргын орлогч Ц.Буяндалай ажлаас гарах өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл ажил үүргийн биелэлт, нийгмийн шаардлагаа харвал Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр дараагийн ээлжинд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой хүн юм. Учир нь тэрээр Нийслэлийн Зам, тээвэр, Дэд бүтцийнасуудлыг хариуцдаг бөгөөд түүний хариуцсан салбарт ойрын өдрүүдэд хэд хэдэн осол гарч хүний аминд хүрлээ.
Долоохон хоногийн дотор гэхэд 5 осол гарсан байх юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд нийтийн тээврийн автобус нэг хүний аминд хүрч, 13 хүнийг гэмтээсэн бол маргааш нь СХД-ийн нутаг дэвсгэрт 21 дүгээр хорооллын орчимд нийтийн тээврийн хоёр автобус мөргөлджээ. Бас Хархорин захын орчимд нийтийн тээврийн автобус гарцаар гарч байсан хүнийг мөргөж аминд нь хүрсэн. Мөн маргааш нь Яармагийн гүүрэн дээр автобус өвс ачиж явсан портерын араас мөргөсний улмаас зургаан хүн гэмтсэн.
Уг нь Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран энэ сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгж дэх 777 тээврийн хэрэгсэл, жолооч нарыг хамруулан гэнэтийн шалгалт хийсэн байгаа юм. Энэхүү шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Мөн энэ сарын 6-ны өдөр Н.Гантөмөр орлогч “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө. Гэтэл маргааш нь буюу 7-ны өдөр бас л автобус зорчигч тээвэрлэж явах үедээ шатсан хэрэг гарлаа.
Энэ бол зөвхөн жолооч, байгууллагад хариуцлагыг нь үүрүүлээд өнгөрөх хэрэг биш. Асуудлыг цэгцэлж, эрс шинэчлэл хийж чадахгүй, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагууд өгсөн үүрэг даалгаварыг нь биелүүлэхгүй байгаа бол энэ салбарыг хариуцсан эрхэм Н.Гантөмөр ёс зүйн хувьд ажлаа хүлээлгэж өгөх нь зүйд нийцнэ. Эсвэл нийтийн тээвэрчид нийтээр нь хохироогчид болж байгаа энэ үйлдлийг яг одоо зогсоо. Цөөхөн хэдхэн хүнээ бид “нисдэг амбаартай” нь тэнгэрийн орон луу нисгээд баймааргүй байна.
Ю.Халиун
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО