Нам бол хэн нэгэн улс төрчийн фэн клуб биш
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.
УИХ дангаараа шийдэхэд Үндсэн хууль ахадна
-Ярилцлагаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхэлье. МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэлээ. Таны хувийн байр суурийг сонирхъё. Таныг Ерөнхий сайд байх үед одоогийн Үндсэн хуулийн хүрээнд ажил хийж болж байсан уу?
-Жижигхэн залруулга хэлье. МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэж ерөөсөө хэлээгүй. Харин цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзэж байгаа.
-Яагаад…?
-УИХ хууль батлах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй нь үнэн. Гэхдээ нийгмийн хамгийн том гэрээ-Үндсэн хуулийг өөрчлөх эсэх, ямар өөрчлөлт оруулахыг дангаараа, ганцаараа шийдэхэд УИХ жижигдэнэ. Асуудал нь ахадна. Төлөөллийн ардчиллын зарчим талаасаа парламентыг бага “ард түмэн” гэдэг. Харин Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ “их ард түмэн” нь мэдэж, тэднээсээасууж, зөвшөөрсөн өөрчлөлтүүдийг “бага ард түмэн” нь хуульчлах нь зөв. Үндсэн хуулийг өөрчилдөг журмын тухай хууль гэж бий.
Тэр дарааллаар л явна. Ерөнхий санаануудаа гаргаад, олон нийт, эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж, ард нийтээсээ асууна. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Одоо 30 хүрэхгүй хоногийн дараа он гарлаа. Он гарлаа л бол сонгуулийн жил эхэлнэ. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй. Гэтэл яагаад заавал энэ 30 хүрэхгүй хоногт багтааж, яаруу сандруу, босож суухын завсарт Үндсэн хуулиа өөрчлөх гэж зүтгээд байгаагийн учрыг сайн ойлгохгүй л байгаа.
Өнөөдөр төр, засгийн төвшинд эмх замбараагүй байдал бий болж, эдийн засагт хямрал, уналт нүүрлэлээ. Иргэдийн амьдрал илт дордлоо. Энэ бүгдийн бурууг Үндсэн хууль руу чихэж, өөрчилчихлөө, одоо л сайхан болно гэх гэж байгаа бол буруу. Энэ бол улс төрийн заль. Үндсэн хууль Монгол Улсын нийгмийн суурь харилцааг, тэр дундаа сонгуулийг хэрхэн явуулахыг зохицуулах ёстой болохоос, Үндсэн хуулийг сонгуулийн улс төр болгох ёсгүй. МАН тийм явуургүй арганд ордог, ийм явган улс төр хийдэг нам биш.
-Ерөнхий сайд байхдаа одоогийн Үндсэн хуулийн орчинд ажил хийж болдог байсан, үгүй тухайд…?
-Ажил хийж болдог байлгүй яах вэ. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад улс орны эдийн засагт өсөлт бий болж байснаас биш, унаж байгаагүй. Ард түмний ажил амьдралд нааштай ахиц, өөрчлөлтүүд гарч байсан. Төрийн албан хаагчдын ца- линг 92 мянгаас 300 мянган төгрөгт хүргэж болж л байсан.
Тэтгэврийг 30 мянгаас 80-аад мянгад хүргэж л байсан. Жилд 400-500 км орчим зам тавьж, 4600 гаруй км урт цахилгаан дамжуулах шугам татаж, 76 сумыг эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгож байв. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед аягатай хоол минь дүүрлээ дээ гэж хүмүүс ярьдаг байсан юм шүү.
Ганц миний гэлтгүй, миний өмнөх, надаас хойшхи олон Ерөнхий сайд, Засгийн газар энэ Үндсэн хуулийн орчинд ажиллаж болж л байсан. Ажиллаад бүтээсэн, босгосон нь хавьгүй их гэдэгтэй хэн ч маргахгүй.
-Тэгэхдээ “Үндсэн хуулийн ийм ийм заалтыг өөрчлөхгүй бол болохгүй юм байна, ажилд саадтай байна” гэсэн бодол Ерөнхий сайд байх үед танд төрж байгаагүй юу?
-Ерөнхий сайдын эрх мэдэл, танхимын тогтвортой ажиллах орчны талаар Үндсэн хуульдөөрчлөлторуулахёстой юм байна гэж бодогдож байсан зүйл бол бий. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэвэл, би тийм гэнэ. Хотын статусыг бий болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх, кабинетын зарчмыг чанд баримтлах, хяналтын эрхийг нь сулруулахгүйгээр парламентыг Засгийн газраас тусгаарлах гэх мэт асуудлууд байж болно.
Харин одоогийн нөхдийн яриад байгаа шиг бүр яахаа алдчихсан, цаашаа явах ямар ч гарцгүй болчихсон зүйл Үндсэн хуульд огт байхгүй. Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүнээс 26 зүйл, 50 гаруй заалтад зарчмын өөрчлөлтүүд оруулах төсөл оруулж ирсэн байгаа. Тэгэхээр “Эх хууль” гэж нэрийн дор бараг шинэ Үндсэн хууль батлах гээд байгааг анхаарах учиртай.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хязгаарлалтыг зөрчсөн зүйл ч цөөнгүй байна. Өнөөдрийн Үндсэн хууль өнгөрсөн 25 жилийн туршид Монголд ардчиллыг бүтээсэн, бэхжүүлсэн, цаашид ч хүчин төгөлдөр үйлчлэх түүхэн баримт бичиг.
Гэтэл 25 жилийн туршид ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү халдаж, ажиллаж болоод ирсэн 14, 15 Засгийн газрыг хэт үгүйсгэж, нэг амиар дайрах замаар Үндсэн хуулийг өөрчлөхийг би хувьдаа дэмжихгүй.
-МАН ирэх дөрвөн жилд олонх, эсвэл олон суудалтай болж магадгүй юм. Тэглээ гэхэд одоогийн Үндсэн хуулийн хүрээнд ажиллахад бид харамсахгүй гэж намын даргын хувьд баталгаа өгч чадах уу, та?
-Баталгааг бол өгч чадахгүй. Би түрүүн хэлсэн дээ. Үндсэн хуулийг өөрчлөх үгүйг, өөрчиллөө гэхэд юуг яаж өөрчлөхийг их ард түмэн мэднэ гэж. Тэдний өмнөөс МАН баталгаа өгөхгүй. МАН ард түмний нам учраас ард түмэн юу гэж үзнэ, шийднэ, тэрийг л биелүүлнэ.
Монголын төр тогтвортой байж гэмээнэ тодорхойлсон бодлого нь хэрэгжиж ажил хэрэг болно. Ажил хэрэг болж, бүтээж байж хөгжил бий болно.
Тийм орчныг бий болгох, одоо байгааг нь баталгаажуулахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн өмнө яарч сандарч биш, УИХ-ын нэр хүнд өнөөдрийнх шиг уначихаагүй, арай гайгүй үедээ л хийх ёстой.
-УИХ-ын нэр хүнд гайгүй үед гэхээр сонгуулийн дараахан гэсэн үг үү?
-Тийм. Зарим улс оронд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр парламентаар дамжуулж хэлэлцэж байж өөрчилдөг жишээ байна. Нэг парламент дангаараа хийдэггүй. Эхний парламент санал асууж, өөрчлөлтүүдээ бэлдээд, дараагийн парламент нь гардаж хийдэг зохицуулалт бас байна.
Монголын нэг хүнд 5.9 сая төгрөгийн өр ноогдож байна
-Саяхан танай намаас зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум ч Үндсэн хуулийн өөрчлөлттэй шууд бусаар холбоотой. Та бүхнийг гарц хайж ийм форум хийлээ гэж ойлгосон. Шийдлээ олсон уу?
-“Бид хамтдаа” форум бол гэнэт зохион байгуулсан, ганцхан долоо хоног хийгээд зогсох арга хэмжээ биш л дээ. Зургаан сарын өмнө эхэлсэн ажил. Бид Сүхбаатарын талбайд цагаан тагтаа нисгэж энэ аянаа эхлүүлсэн. Монголын бүх өрхөд захидал хүргүүлсэн. Манай намынхан өнгөрсөн хавар, зун, намрын турш орон нутагт ажилласан, иргэдийн санаа бодлыг сонссон. Сая, аяныхаа тодорхой нэг шатыг дүгнэж үндэсний форум зохион байгууллаа. Форумд Ардчилсан намаас бусад бүх нам, нийт салбарынхан маш идэвхтэй оролцсон. Монголын эдийн засаг ямар байна вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгсөн. Жишээлбэл, Монгол Улсын сайд, эдийн засагч М.Энхсайхан “Монгол Улс хэвтрийн эдийн засагтай боллоо” гэсэн. Би 2013 онд МАН-ын даргаар дахин сон- гогдсоныхоо дараахан бүх намын дарга нарыг Үндэсний зөвшилцлийн уулзалтад урьсан. Хамгийн сүүлд, өнгөрсөн есдүгээр сарын 6-нд Үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтаа хийлээ. Улс төрийн 22 намын дарга ирж, оролцсон. Тэнд, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудаар санал бодлоо солилцсон. Монголд эрдэм шинжилгээ, судалгаа, нэн ялангуяа эдийн засаг, нийгмийн чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагуудыг урьж, саналыг нь сонслоо.
-Тодорхой асууя. Та форумыг хааж улс төрийн дүгнэлт бүхий илтгэл тавьсан. Тэнд дурдсан зүйлүүд танай намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж ойлгож болох уу?
-Бүх нам л сонгуульд мөрийн хөтөлбөртэй орно. Улс орны эдийн засаг ингэж хүндэрчихсэн үед юунаас эхэлж, юуг засах ёстойг мөрийн хөтөлбөрт тусгахаас өөр аргагүй. Монгол Улсын түүхэнд төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч байгаагүй юм шүү дээ. Ирэх оны төсөвт зөвхөн өрийн үйлчилгээний төлбөрт гэхэд жилд 960 гаруй тэрбум төгрөг төсөвлөлөө. Дөрвөн жилийн өмнө 30 гаруй тэрбум байсан бол одоо 960 тэрбум гаруй төгрөг боллоо. Бараг 30 дахин өслөө.
Монгол Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилийн дүнгээр 21.7 тэрбум ам.доллар байна. 43 орчим их наяд төгрөг. Зөвхөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн нийлбэрээр үзвэл өнөөдөр Монголын нэг хүнд 5.9 сая төгрөгийн өр ногдож байна. 2016 онд нэг хүнд 6.3 сая төгрөгийн өр ногдохоор байна. Би хотын дарга Э.Бат- Үүлийн “манай улс ирэх хавар гэхэд Грек шиг хямарна” гэж ярьсныг уншсан. Эрх барьж байгаа намын том зүтгэлтэн, тэгээд хотын дарга хүн санаандгүй, судалгаагүй ийм эшлэл хэлэхгүй нь тодорхой.
Статистик харьцуулж харвал Грекийн хямрал улсын гадаад өр нь ДНБ-ийхээ 165 хувьд хүрснээр эхэлсэн юм билээ. Манай улсынх одоо ДНБ- ийхээ 180 хувийг даваад явж байгаа. Бодвол хотын дарга Э.Бат-Үүл энэ статистикийн харьцаан дээрээс тэгж хэлсэн байх. “Rensaissance capital” гэж олон улсын эдийн засгийн байгууллагын саяхны нэг судалгаа байна.
Гадаад өрийг нь ДНБ-тэй нь харьцуулж 108 орныг эрэмбэлэхэд Монгол Улс эхнээсээ хоёр дугаарт, Грекийн өмнө, Исландын дараа орж байна гэж тэр судалгаанд бичсэн байна. Сая, хэдхэн өдрийн өмнө “Fitch” зэрэг дэлхийн санхүүгийн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг дахиад буурууллаа. Хамгийн гол нь энэ их өртэйгөө тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт хийж чадсан бил үү, чадаагүй. Айл өрхийн амьдрал сайжирсан уу, сайжраагүй.
Тэгэхээр улс орныхоо эдийн засгийг өөд татахын хажуугаар энэ их өрийг яаж дарах, эдийн засагт үзүүлэх ачааллыг яаж зөөлрүүлэх талаар намууд бодлогоо гаргана. Тэр нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт сууж таарна. МАН-ын хувьд гол санаанууд ерөнхийдөө ойлгомжтой болсон. Хүний хөгжил рүүгээ түлхүү хандах цаг болжээ гэж МАН үзэж байгаа.
Жишээ нь, эрх баригч намын дарга бол хүний хөгжлийн асуудлыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өглөө, одоо яах нь хамаагүй, төр зөвхөн зохицуулалтын үүргээ гүйцэтгэх ёстой гэж байна. МАН-ын бодлого бол өөр. Хэрвээ улс орон гэж байгаа бол төр байдаг. Төр гэж байдаг бол улсынхаа ард түмний төлөө л байх ёстой.
Төр “би зохицуулалт л хийдэг” гээд суугаад байж болохгүй. Ард түмний амьдралыг ахиулах, дээшлүүлэх ямар арга зам байна вэ, тэрхүү орчныг бүрдүүлэх ажлыг төр хийнэ. Төрийн зохицуулалт дор иргэд ажиллаж амьдрах ёстой гэж АН үзэж байна. Харин МАН бол ард түмний таатай амьдралд зориулж төр зохицуулалтаа хийнэ гэж үздэг. Энэ бол бидний, МАН болон АН-ын бодлогын ялгааны нэг л дээ.
-Уг нь бол бүгдээрээ, аль ч нам эдийн засгаа өсгөх гэж зүтгэдэг, тийм үү?
-Эдийн засгийг өсгөх нэг хэрэг. Харин бий болгосон эдийн засгийн өсөлтөө удаан хадгалах, үргэлжлүүлэх хуулийн болон улс төрийн тогтвортой орчин хамгийн чухал. Монгол Улс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтгүй, эдийн засаг уналттай байгаа нь зөвхөн дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас болоогүй.
Монголчууд бид ярьдаг даа. Зан сайтай айлд зочин олон, замаг ихтэй нуурт загас олон гэж. Гэтэл гурван жилийн өмнө ямар байлаа, хэвлэлийнхэн та нар мэднэ дээ.
-Ямар байсан гэж…?
-Тэр үед ямар байсныг биш, одооямарболоодбайгааг ярих хэрэгтэй. Айлаар бол нэг л уруу дорой, бизнес наймаа ярих гэж тоож орж гардаг нь цөөрч, тойрч гардаг нь олон боллоо. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдын цуглах “замаг” нь бол байгаад байдаг. Харин бид өөрсдөө “зан сайтай айл” буюу тогтвортой Засгийн газартай, төрийн залгамжилсан тогтвортой байтугай тодорхой бодлоготой ч байж чадсангүй. “Зан сайтай айл ийм байдаг юм” гээд гурван жилийн өмнө бид хамаг байдгаа гадныхны өмнө дэлгэж, өргөн барьж байсангүй. Байгаа хуулийн орчинд, тогтвортой хамтарч ажиллаж байсан. Түүний хүчинд 4.6 тэрбум долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнөөдөр Монголбанкны энэ оны гуравдугаар улирлын мэдээгээр 10 сая доллар болж буурсан байна. 460 дахин буурсан гэсэн үг. Тэр үед 1390 төгрөгтэй тэнцэж байсан нэг ам.доллар өнөөдөр бараг 2000 хүрч байна. Ирэх онд хэд болохыг мэдэхгүй. Сая төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр Монголбанкныхан нэг ам.долларыг ирэх онд 2030 төгрөгтэй тэнцэхээр оруулж ирсэн. Төгрөгийн ханш 45 хувиар уналаа. Төгрөгийн ханш унаснаас болж иргэдийн худалдан авах чадвар гурван жилийн өмнөхөөс 60 хувиар унасан. Ингээд тоочвол их олон харьцуулалт хэлж болно. Ямар ч гэсэн бид засгийн эрх барьж байх үедээ эдийн засгийн өсөлтийг айл болгоны хаалгаар оруулж, цалин, тэтгэврээ нэмж, иргэн бүрийнхээ халаасанд сар болгон 21 мянган төгрөг хийдэг байсан. Харин өнөөдөр өр тавьж авсан бондын гэх тэр их мөнгө иргэн бүрт хүрч, хийж байгаа гэх бүтээн байгуулалт нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй л байгаа.
Хүнээ орхиж, хэт мөнгө шүтсэн 25 жилийн алдаагаа одоо засъя
-Форумыг дүгнэж таны хэлсэн үгнээс задалж асууя. Та “Нийгмийн гэрээний шинэ хувилбарыг яаралтай хэрэгжүүлэхцаг болжээ” гэсэн. Нийгмийн гэрээ гэдэг нь Үндсэн хууль мөн үү, хэрвээ мөн бол танай нам өөрчлөлтийг дэмжиж байгаа л юм биш үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлт энэ Засгийн газрын үед явах боломжгүй ээ. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тохиролцоо наймааны завсарт ханцуйн дотор явдаг зүйл ч биш. Тэр битгий хэл, Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулах ажлын хэсгийн есөн гишүүнээс хоёрньгарынүсэгогт зураагүй, одоо хоёр нь гарын үсгээ татаж авахад бэлэн байгаа. Харин форум дээр миний хэлсэн “Нийгмийн шинэ гэрээ” гэдэг нь Үндсэн хууль бол яг биш. Нийгэм, олон түмэн төртэйгөө, төр нь иргэдтэйгээ тодорхой хэмжээний шинэ нөхцөл, шинэ шатанд ойлголцож байж энэ улс орныг авч явах ёстой болжээ гэсэн санаа. Хүний хөгжилд анхаарах цаг болж. Бид сүүлийн жилүүдэд эдийн засаг гээд хэтэрхий их мөнгө шүтэж ирж. Одоо хүнийхээ ухаан бодол, оюун санаанд шинэ ойлголт өгөх цаг болсон байна. Хүүхдийнзөвхүмүүжил, зөв үнэт зүйлд анхаарахгүй бол болохоо байчихсан байна. Нөгөө талаас, одоо улам бүр холдоод байгаа нийгмийн тэгш бус байдал, баян ядуугийн зөрүүг ойртуулах, энэ чиглэлийн бодлогыг үндэсний хөтөлбөрийн хэмжээнд шинэ төвшинд гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санаа юм.
-Нийгмийн шинэ гэрээ гэдгийг төр, иргэдийн хооронд шинэ харилцаа бий болгох гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгох ёстой.
-Та сүүлийн үеднийгмийн дундаж давхаргыг дэмжинэ гэж их хэлж байгаа. Нийгмийн дундаж давхарга гэж яг хэнийг хэлж байна вэ. Энэ ангилалд ямар хүнийг хамруулах юм, хэдэн төгрөгийн цалинтай, ямар өмчтэй өрхийг хэлэх вэ?
-МАН дундаж давхаргыг, боловсролтой хэсгийг нэмэг- дүүлэхийн төлөө байдаг үзэл баримтлалтай нам. Цөөн тооны хөрөнгөтөн, олигархиудыг бий болгоё, тэд нь улс орныг авч явъя гэдэг бол буруу бодлого гэж МАН үздэг. Нийгэмд ажил хөдөлмөр эрхэлдэг дундаж орлоготой, амьдрал ахуйгаа аваад явах өрх гэр бүл л дийлэнх олонх нь болох ёстой.
Ингэж чадвал төрийн нуруун дээрх ачаа хөнгөрнө. Улс орон хөгжинө. Үүний тулд төр өөрөө тодорхой ажлуудыг хийх ёстой. Хамгийн түрүүнд ажлын байрыг олноор бий болгох ёстой. Дундаж давхаргынхан гэж сарын төдөн төгрөгийн цалинтай өрхийг хэлнэ гэж яг тодорхойлж тоо хэлэх боломжгүй л дээ.
Ерөнхийдөө тухайн нийгмийнхээ жишгээр, эдийн засгийн орчиндоо тааруулаад цалингаараа, өрхийн орлогоороо санаа зовохгүй сайхан амьдрах боломжтой өрхүүдийг л дундаж гэж үзнэ. Ийм өрхүүд олон болох ёстой. Дундаж орлоготой айл бол орон сууцанд амьдарчихдаг, хүүхдүүд нь бүгд сургуульд явдаг, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгчихдөг, өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангачихдаг санхүүгийн бололцоотой байх ёстой.
Бага зэргийн зээлтэй байж болно, жишээ нь орон сууцны зээлтэй ч юм уу. Тэрийгээ төлөх мөнгөний эх үүсвэр нь найдвартай, 5-10 жилийн дараа зээлээ бүрэн төлөөд дуусчих баталгаатай ажлын байртай айл өрхийг нэмэгдүүлэх ёстой.
-Бас “1-3 настай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох ёстой” гэсэн байна. Энэ нь хүүхдээ харсны тэтгэмж, хүүхдийн мөнгийг хэлээд байна уу, үүнээс өөр хөтөлбөрийг хэлээд байна уу?
-Одоо бол хүүхдийг нэг нас хүртэл харахад тэтгэмж, 12-36 сар хүртэл нь харахад цалингүй чөлөө олгож болж байгаа. Эргээд л хүний хөгжил рүү орох гээд байна. Монгол Улсын ирээдүйн иргэнийг төрсөн цагаас нь бэлтгэх хэрэгтэй. Японд бага ангийн багш нарыг “зөвхөн хичээл заадаг бус, ирээдүйн япон иргэнийг бэлтгэдэг” гэж үздэг. Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский “Хүнийг дахин сургаж, хүмүүжүүлнэ гэж байдаггүй юм” гэсэн үг ч байдаг. Хүний хүмүүжил, боловсрол хүүхэд байхад л эхэлнэ. Монгол хүнийг бүр багаас нь, ой ухамсар сууж байх үеэс нь анхаарч байж бид монгол хүнээ дэлхийн иргэн болгож чадна. Тэгэхээр аав, ээжүүд бол хүүхдээ өсгөхөөс гадна, ирээдүйн монгол иргэнийг бэлтгэж байгаа юм. Энэ их хөдөлмөрийг нь үнэлэх, орчныг нь бий болгохын төлөө төр одоо анхаарах цаг болсон. Сүүлийн 20 гаруй жилд бид хэт их эдийн засаг, улс төр ярьсаар байгаад хүнээ орхижээ. Өнөөдөр боловсрол, эх орноо гэсэн сэтгэл, хүмүүжлийн хувьд учир дутагдалтай үе гарч ирж байна. Энэ үеийг өөрчлөх, хүмүүжүүлэх нь бидний үүрэг. Дунд сургуулийн сургалтад ч хүн болгож хүмүүжүүлэх хөтөлбөрүүд байх ёстой гэж би үздэг.
-Өндөр настны тэтгэмжээс гадна өндөр насалсны тэтгэмж гэж өгье гэсэн санаа бас байсан. Энэ нь тэтгэврээс өөр үү?
-Одоо манайхан 55-60 нас хүрээд тэтгэвэрт гарч байгаа. Монголын үе үеийн төр ахмадуудаа яаж тэтгэдэг байсныг судлаад үзэхэд асар ихээр харж, хандаж байсан байгаа юм. Чингис хааны үед их хааны шийдвэрээр 70-аас дээш настай ахмадуудад шан, харамж олгодог байж. Богд хаант Монгол Улсын үед буюу 1911 онд VIII Богд Жавзандамба хутагтынзарлигчбайна.
70 нас хүрсэн өндөр настанд тусгай урамшуулал, төдөн лан мөнгө олго гэсэн байгаа юм. 90 нас хүрсэн бол илүү өндөр шан, харамж өгдөг байсан байгаа юм. Төрийн энэ уламжлалыг хадгалж 70 насалсан азай буурлуудаа төр анхаарч, хандахад буруу юм байхгүй. Халамж хавтгайруулсан улс орон боллоо гээд л өнөөдөр шүүмжилдэг. Гэхдээ улс орон, төр гэж байгаа бол улс орныг авч явсан ахмад үеэ халамжлах үүрэгтэй.
Бид Ач санах хууль гэж ярьж байгаа. Одоо бол ач санаж нэмэх нь битгий хэл, авч байсныг нь бага болгоод байна. 70 насална гэдэг сайхан хэрэг. Хэдийгээр дундаж наслалт нэмэгдэж байгаа ч, 70 насална гэдэг чинь нэг талаар асар их хөдөлмөр зүтгэл, бас зөв, эрүүл амьдралын үлгэр дуурайлал. Тийм учраас тэтгэврээс нь гадна тогтмол урамшуулал олгох ёстой гэж боддог.
Өнөөдөр төрийн бодлогын толгойд бүх орд газар, уул уурхай, төрийн өмчийн компаниуд байна. Одоо энэ хандлагаа өөрчилж, хүнээ төрийн бодлогын толгойд залж чаддаггүй юмаа гэхэд, төрийн бодлогын гадна ганц ч монгол хүн үлдээхгүйн төлөө ажиллах цаг болсон.
-Таны илтгэлд бас Хүн амын орлогын албан татварыг ялгавартай тогтооно гэсэн байгаа юм. Одоо байгаа 10 хувийг нэмэх гээд байна уу, хасах гээд байна уу?
-Хүн амын орлогын татвар бол төсвийг хамгийн амархан бүрдүүлдэг орлогын нэр төрөл. Би хотын даргаар ажиллаж байхдаа энэ татварыг хотын орлогын эх үүсвэр болгохыг УИХ-ын гишүүдэд санал болгож байж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байсан юм. Тэр үед энэ татварын орлого хотынх биш, Төрийн санд улсын төсвийн орлого болж очдог байсан юм.
Өнөөдөр Улаанбаатар хот хүн амын орлогын татвараас жилд 400- 500 тэрбум төгрөг олж байгаа байх. Бодит амьдрал дээр харвал Хүн амын орлогын татварыг ангилалтай, хувь хэмжээ нь олж байгаа орлогоос нь хамаарсан ялгавартай болгомоор байгаа юм. Гайгүй орлого олдог зарим хэсгээсээ энэ татварыг нь нэмж авъя л даа. Тансаг хэрэглээний татвар гэдэг шиг сардаа 20-30 сая төгрөгийн цалин урамшуулал авч байгаа хүн яагаад 20-30 хувийн татвар төлж болдоггүй юм.
Сарын 250 мянган төгрөгийн цалинтай хүн, сардаа 25 саяар нь цалин урамшуулал авдаг хүн хоёр адилхан 10 хувиар татвар төлөх нь шударга бус. Жишээ нь, Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний жилийн цалингийн сан 100 мянган доллар гэж чуулган дээр хэлж байсан. Хэрвээ тийм бол, гурван хүн байдаг гэхээр нэг хүний жилийн цалин 33 мянган доллар буюу 66 орчим сая төгрөг. Тэгвэл энэ хүн, жилийн найман сая төгрөгийн цалинтайжирийн албан хаагч хоёр адилхан 10 хувиар татвар төлж байгааг өөрчлөх хэрэгтэй..
-Энэ нь таны түрүүнд ярьсан нийгмийн шинэ гэрээний нэг хэсэг үү?
-Тэгж ойлгож болно. Ер нь бол Зүүн хойд Азийн орнууд дундаа Монгол Улс хамгийн бага татвартай. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа татварын энэ тогтолцоог бий болгож, “дөрвөн 10” гэж ярьдаг татварын орчныг баталж байсан юм. Татварыг бууруулах бодлого цаашид ч байх ёстой. Гэхдээ хавтгайруулж биш, олж байгаа орлоготой нь уялдуулж ялгавартай тогтоодог тогтолцоо хэрэгтэй. Европын орнууд ерөнхийдөө тийм байгаа.
-Авлигатай тэмцэх газартай холбоотой маш их шүүмжлэл байна. Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн АТГ-ын мөрдөн шалгах эрхийг авъя гээд хуулийн төсөл оруулаад ирчихсэн байгаа. Гэтэл та “Бид хамтдаа” форум дээрээ АТГ-ыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх бодлогыг чангатгах ёстой гэсэн дүгнэлт хэлсэн. Энэ нь өнөөдрийн АТГ-ыг хэвээр нь хадгална гэсэн үг үү, эс бол Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төсөлтэй танилцсан. Тэнд хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, Прокурорын мөрдөн байцаах албыг АТГ-т харьяалсныг буцааж прокурорт нь шилжүүлье гэж байгаа. Түүнийг яах вэ, АТГ-т байх нь зохимжгүй гэвэл шийдчихэж болно. Хоёрдугаарт, авлигаавсан, өгсөн, зуучилсанхэргийг шалгадаг эрх нь АТГ-таа үлдэх ёстой. Гэтэл Н.Алтанхуяг гишүүний төсөлд төсвийн мөнгө идэх, шамшигдуулах, залилан хийх гэх мэт авлигатай холбоотой үүсдэг бүх хэргийг цагдаад шилжүүлье гэсэн байгаа юм.
Ингэнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Одоо бол асуудалд холбогдсон хүмүүс нь би хэлмэгдчихлээ, энээ тэрээ гэж ярьсаар байгаад нийгэмд буруу зөрүү ойлголтыг бий болгоод байгаа юм. Түнээс бус, авлигатай тэмцэнэ гэдэг бол зөвхөн Монголын асуудал биш. Бүс нутгийн, дэлхийн асуудал.
Бид саяхан АТГ-ыг хэрхэн үнэлэн харж байна вэ гэсэн жижигхэн судалгааг Улаанбаатар хотын есөн дүүрэгт явуулсан. Тэгэхэд судалгаанд оролцсон иргэдийн 39.4 хувь нь “дарга нарын захиалгаар ажилладаг байгууллага” гэж хэлсэн байна. Энэ байгууллага ард иргэдийн дунд ийм үнэлэмжтэй, нэр хүндгүй болсон байна. Хэрвээ ардчиллыг дэмждэг, ардчилсан засаглалтайгаа явах нь үнэн л юм бол ардчилалтай хамт нэг малгайд багтах учиргүй авлигатай тэмцэх л ёстой.
Тийм учраас энэ байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах, хуулийн хүрээнд шударга ажиллуулах бодитой шаардлага бий. Үүний тулд хууль эрх зүйн орчинд нь УИХ анхаарал тавихаас өөр арга байхгүй. Авлигатай тэмцэх талаар амжилт олж байсан зүйл байсан боловч сүүлийн жилүүдэд улстөрчид энэ байгууллагын дотоод үйл ажиллагаа руу нь хэтэрхий орж, янз бүрээр хэлэх нь ихдээд байна.
-Дахиад асууя. Таны сая ярьдаг, форум дээр хэлсэн нийгмийн шинжтэй эдгээр зүйлс МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол амлалт болох уу?
-Сонгуулийн хуулийн төслийг ид ярилцаж байна. Юу амлах, амлаж болохгүйг хуулиар зохицуулдаг. Бид ард түмнээсээ асууснаа, форумаар хэлэлцсэнээ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шингээх, бодит ажил болгохын төлөө ажиллана.
МАН СУЛЬДВАЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ Ч СУЛАРЧ БОЛЗОШГҮЙ
-Манай улс жилд 960 гаруй тэрбум төгрөгийг өр, зээлийн үйлчилгээний урсгал зардалд төлж байна гэлээ. Тэгэхээр иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх, ахмадуудад нэмэлт тэтгэмж өгөх зэрэг боломж эдийн засагт гарах болов уу?
-Гарахгүй гээд суугаад байвал гарахгүй л байх. Гаргана гэж зүтгэвэл болох л байх. Өр зээл их ч, өрөө дараад, иргэдийнхээ амьдралыг өөд татах олон гарц бий. Харин буруу бодлого явуулаад байвал бүр хүндрээд л байна. Ямарч бэрхшээл боломжтойгоо хамт ирдэг гэдэг. Тэрийг нь олох хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр нэмэлт орлого олохыг гол болгох уу, байгаа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдгээ гол болгох уу гэдэг нь бодлогын сонголт. Хамгийн гол нь төр, засгийн бодлого айл бүрт хүрч, амьдралд нь эергээр тусч байж үр дүн гарна. Харамсалтай нь, шийдлийн гэж нэрлээд байгаа өнөөдрийн Засгийн газар буруу шийдээд байна. Энэ Засгийн газар Засгийн газрын, төрийн ажлыг завандаа хийж байна. Энэ Засгийн газар өөрөө тогтохын тулд хэвлэлийн PR-т, АН доторхи фракцуудын сонирхлыг хангахад хэтэрхий их цаг зав, мөнгө үрж байгаа. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллах үүргээ бүлэглэлийн сонирхлыг хангах, суудалдаа тогтож үлдэх зэрэг улс төрийн явцуу эрх ашгийнхаа ард, бүр хамаагүй хойно эрэмбэлж явна. Жишээ нь, дэлхийн зах зээл дээр нэг барелль нефтийн үнэ 120 ам.доллараас 42 болтлоо буурлаа. Гурав дахин. Харин Монголд бензиний үнэ гурав дахин буурсан уу, үгүй. Бид төсвийн хэлэлцүүлгийн үеэр сайд нарт зөндөө хэлсэн. Гэтэл тэд нефтийн бүтээгдэхүүний үнэ унасан таатай нөхцөлийг ашиглаж татварын орлого нэмэгдүүлж, 200, 300 тэрбум төгрөг олно гэж зүтгэх юм. Хэрвээ бид байсан бол бензиний үнийг 300-400 төгрөгөөр буулгаад, татвар авахгүй. Бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талх гурван төгрөгөөр нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байсан. Хэрвээ бензиний үнийг 300 төгрөгөөр бууруулчихвал талхны үнэ буурна. Худалдаа үйлдвэрлэл, худалдан авалт сэргэнэ гээд гинжин урвалаар нөлөөлөх эерэг нөлөөлөл нь хамаагүй их. Гэтэл боломж олдсон дээр нь татвар авна л гээд суучих юм. Татвар авахад хэзээ ч оройтохгүй. Хамгийн гол нь тэр татварыг төлж чадах орчин, санхүүгийн чадварыг бий болгох нь чухал. Тэгээгүй байж, юуны түрүүнд л татвараар дарамтлах нь мөнгөгүй, орлогогүй хүнээс мөнгө нэхэхтэй адилхан. Хүмүүс ажлын байргүй болохоос айж байна. Айсандаа зарим нь өөрийгөө шатаахыг завдаж байна. Ажлын байртайгаа үлдэж байгаа нэг хүний ард гэр бүлийнх нь амьдрал байгаа. Өнөөдөр ажил хийж байгаа монгол хүн бүрийн ард Монгол Улсын амьдрал байгаа. Тийм учраас татвараар дамжуулж орлого олъё гэхээсээ илүү ажлын байраа хадгалж үлдсэн компаниудыг харин ч татварын хөнгөлөлтөөр урамшуулах хэрэгтэй. Энэ мэтээр эдийн засгаа сэргээх, зохицуулалт хийх нь Засгийн газрын үндсэн ажил. Засгийн газар бол татвар цуглуулаад буцааж тараадаг бүтэц биш шүү дээ. Жишээ нь, бензин дээр гэхэд зах зээл дээр үнэ нь нэмэгдээд байна гэж “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр татаас өгсөн. Одоо болохоор, зах зээл дээр үнэ буухаар нөгөө татаасын дэмжлэгээ татварын хөтөлбөр болгоод, үнийг урьдын хэмжээнд нь хадгалаад байгаа юм. Энэ буруу бодлогын хохирол, сөрөг тал нь ард түмний нуруун дээр л ирж байгаа.
-УИХ одоо дахиж нэмж өр авах гээд байна уу?
-Хүн өөртөө зориулж янз бүрийн л зүйл хийх юм. Өмнө нь улсын өрийн босгыг УИХ дээр 3/2-оор шийддэг, цөөнхөө сонсдог байлаа. Гэтэл зарим гишүүн үүнийг Цэцэд хандаж босгогүй болгоод одоо ердийн олонхиор өрийн асуудлыг шийдэж байна. Өрийг ДНБ- ий 58.3 хувиас хэтрүүлж болохгүйг УИХ-ын тогтоолоор зааж өгсөн. Гэтэл Цэцэд хандаж босгогүй болсноор өрийн асуудлыг одоо бидэнтэй бидэнгүйгээр эрх баригчид өөрсдөө дангаараа шийдээд явж байгаа.
Яах вэ, өндөрөртөгтэйөрөөсгарахынтулд бага хүүтэй зээл авч болно. Хамгийн гол нь сайн бодож, тооцож үзэх хэрэгтэй. Тавьсан өрөөрөө юу бүтээв, бүтээсэн зүйл нь өрөө эргүүлж төлөх мөнгө олж чадаж байна уу гэдгийг тооцох үзэх хэрэгтэй юм. Ямарч хүн хийх юмаа олж, төлөвлөчихөөд мөнгө зээлдэг. АН-ынхан мөнгөө олчихоод хийх юмаа төлөвлөх гээд байх юм. “Чингис” бондыг тэгсэн шүү дээ.
Мөнгө босгоод ирсэн, гэтэл оруулах бизнесийн төсөл байгаагүй. Тэгээд зам руу баахан мөнгө оруулсан. Зам бол өөрөө өртгөө нөхдөг бизнесийн төсөл биш. Өртгөө, хүүгээ хамт олдог бизнесийн төсөл байхгүй учраас “Чингис” бондын гуравны нэгийг одоо болтол хэрэглээгүй, хэрэглэж чадахгүй сууж байна.
Монголчууд бид саваа бэлдэж байж саалиа авна гэдэг. Гэтэл “Чингис”, “Самурай” бондын мөнгийг шингээх “сав”-ыг бэлдээгүй байхдаа авчихсан учраас “саалиа” сул асгаад дуусч байх шиг байна. Дансаараа бол Хөгжлийн банкинд 500 сая ам.доллар байх ёстой. Яг байгаа, үгүй нь бас мэдэгдэхгүй л байгаа.
-Ер нь энэ парламентад намуудын зөвшилцөл гэж байна уу. Хэдийгээр АН засгийн эрх барьж байгаа ч, олонхгүй парламент шүү дээ?
-Тийм зүйл байхгүй юм шиг байна. Ууган намын хувьд бид зөвшилцөх гэж янз бүрээр үзлээ. “Үндэсний зөвшилцөл” нэртэй уулзалт хийж үзлээ. Хамгийн олон суудал авсан намын удирдлагууд ирдэггүй юм байна. 12 удаагийн уулзалт хийхэд АН ерөнхий нарийн бичгийн даргынхаа төвшинд хоёр удаа л оролцсон. АН-ынхан ганц удаа хамгийн олон суудал авчихаад бүх зүйлийг болгоно, бүтээнэ гэж зүтгээд байгаа бол одоо яах вэ. Зүтгээд байхаас. Уул үзээгүй байж хормой шууна гэдэг шиг ард түмэн санаж байгаа бол УИХ-ын даргыг хүртэл МАН-ын оролцоогүйгээр сонгож, манай намыг УИХ-д бүлэггүй явуулж, эхэндээ их хүч түрсэн дээ. Гэтэл дэлхийн өнөөдрийн чиг хандлага бол олон суудалтай нь битгий хэл, олонхи болсон нь дангаараа явахаас татгалзаж, кнопны олонхид биш, олуулаа зөвлөлдөж байж шийдвэрээ гаргахыг илүүд үздэг болж байна. Яагаад гэвэл тэгж гаргасан шийдвэр зөв бөгөөд урт настай байдаг.
-Уг нь танай намынхан бол засагт хамтрах гэж үзсэн, тийм үү?
-Засгийн газарт хамтрах санаачилга МАН-аас биш, АН-аас анх гарсан. Бидэнд албан ёсоор санал тавиад, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс манай намын Бага хурлын гишүүдэд уран сайхан үгтэй захидал хүртэл илгээж байлаа. Тэгэхээр нь, уриад байхаар нь, нээрээ ч бидний туршлага хэрэг болоод, улс оронд, төр засагт тогтвортой байдал бий болгох юм болов уу гэж хамтаараа хэлэлцээд Засгийн газарт хамтарсан.
Гэтэл хэдхэн сарын дараа одоо та нарын хэрэгцээ байхгүй. Явцгаа л гэсэн. Биднийг эхлээд улс орны эрх ашгийн төлөө гэж Засгийн газарт уриад, дараа нь улс төрийн зорилгоор, улс төрийн эрх ашгаа бодож хөөж гаргасан л даа. Тэгж хэлсэн АН-ын удирдлагуудын үг ч бий.
-Танай намынхан ч гэсэн ямар нэгэн зорилготой л Засгийн газарт хамтарсан байж таарна. Тэр зорилгоо биелүүлж чадсан уу?
-Бидний засгийн газарт хамтарч ажилласан хугацаа нь дэндүү богино байсан. Гэхдээ улс орныхоо төлөө тодорхой ажлуудыг хийсэн.
-УИХ-ын Сонгуулийн хууль бас л улс төр. Зөвшилцөж байж л явна. Үүнийг кнопны олноор баталж чадахгүй. Танай намынхан бол хар машинаар л тоолуулахгүй гээд байх шиг байна. Зөвшилцөөд сонгуулийн хуулиа баталж чадах болов уу?
-Сонгуулийн хуулийн гурван ч төсөл дээр ажлын хэсэг ажиллаж байна. МАН өөрчилж батлахын төлөө байгаа. Хар машины тухайд, бид огт тоолуулахгүй гээгүй. Тоолуулъя, хэрвээ нэр дэвшигч гомдол гаргавал гараар давхар тоолъё, тоолоод зөрүү гарвал гар тооллогыг баримталъя гэсэн санал гаргаж байгаа. Энэ бол хүлээж авч болохгүй санал биш. Монголын ард түмэн хар машинд итгэхгүй л байгаа. Сөрөг хүчний намын дарга учраас ганц би хэлээд байгаа ч юм биш. Захын хэнтэй ч уулзсан хар машин нэг л биш гэж хэлээд байгаа.
-Томсгосон тойргийг жижиглэх, нэг тойрог-нэг мандат гэсэн хувилбарыг МАН дэмжиж байгаа юу?
-Тойрог, мандатын хуваарийг хуулийн төсөл бүрт өөр, өөрөөр оруулсан байна. Су.Батболд нарын санаачилсан хуулийн төсөл дээр 48 тойргоо жижиглэж 48 мандаттай болгоё гэсэн байгаа. Су.Батболд гишүүний гэсэн нэртэй боловч энэ бол улс төрийн 20 намын хамтран санаачилсан хуулийн төсөл. Тийм учраас МАН одоогийн байгаа 48:28- аар тогтож, мажоритар хэсгийг буюу 48 тойргоо 48 мандат болгоё гэсэн улс төрийн 20 намын саналыг дэмжиж байгаа.
-Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон нэр дэвшигч ирэх сонгуулиар дахин жагсаалтад орж болох уу?
-Өнөөдрийн хуулиар бол хориглосон зүйл байхгүй. Гэхдээ намын нэрсийн жагсаалтыг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй л байгаа шүү дээ.
-Тухайлбал, та энэ удаагийн сонгуулиар тойрогт дэвших үү, намын жагсаалтад орох уу?
-Яг тэгнэ гээд хэлэхэд эрт байна. Сонгуулийн хуулийг харна. Тойрогтоо дэвшээд, олон түмэндээ нүүрээ харуулаад, тэднээрээ дүнгээ тавиулаад явах нь шулуун шударга, зөв байх гэсэн бодол бол байгаа. Хувийн бодлоор бол тойрогтоо л дэвшиж л таарах болов уу. Гэхдээ намын эрх ашиг, намын хамт олны шийдвэр бол хувийн бодлын дээр эрэмбэлэгдэх ёстой. Тэр тусмаа намын дарга.
-Сүүлийн үед МАН МАХН хоёр сонгуульд хамтрах, эвсэх тухай мэдээлэл гарч байна. МАХН-тай эвсэх гээд байгаагийн шалтгаан нь юу вэ. МАН-аас МАХН руу элсч байгаа гишүүдийн урсгал хүчтэй байна уу, эсвэл санал хуваагдахаас айж байна уу?
-Манай намаас МАХН руу тийм олон хүн элсээд л, тэр нь “хүчтэй урсгал” гэж томьёолох хэмжээнд хүрч байна гэж үү?
-Байна л даа. Нарийн бичгийн дарга байсан Ж.Сүхбаатараас эхлээд…
-Явж байгаа мэдээлэл нь МАН- аас олон арван хүн МАХН руу орж байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээрээ ганц, хоёр хүний л асуудал бий. Аль намд байх нь тухай хүний асуудал. Улс төрийн нам бол хэн нэгэн улстөрчийн, хэн нэгэн улс төрийн лидерийг дэмжигчдийн фэн клуб биш шүү дээ. Улс төрийн нам бол үзэл бодлын нэгдэл. Улс төрийн нам бол нийтийн төлөө нэг зорилго дор ажиллах, хамтарч чадах багийн, хамт олны тоглолт. Гэтэл одоо үзэл бодол хамаагүй, аль намд байх нь надад ашигтай вэ гэдэг ганц шалгуураар сонголтоо хийдэг болж. Би л байхгүй бол, миний эрх ашиг л хангагдаагүй бол бусад нь, баг надад хамаагүй гэх байдлаар хандаж, өөр намд очоод хангагдаагүй тэр эрх ашгаа олж, очиж чадаагүй албан тушаалаа авдаг болсон байна.
Цаашдаа ийм хүмүүс МАН-д гэлтгүй, Монголын улс төрд орон зайгүй байх ёстой. Улс орон хөгжихөд улстөрч хүний тууштай, шударга чанар эрхэм бөгөөд мөнгөнөөс ч үнэтэй. Хаврын тэнгэр шиг хуйсгануур зан хамт олондоо ч, хувь хүндээ ч хортой. Хэрвээ Монгол Улс хөгжье л гэвэл улс төрийн орчин нь цэвэр, улстөрчид нь эрүүл үзэл бодолтой байх хэрэгтэй. Тэрний төлөө холын зорилго тавиад явж байгаа багийн дундаас зарим хүн замын дунд эргэж буцах нь улсын хөгжилд ч хорлонтой. Энд би эргэж буцах гэдгийг ганц нам солихтой холбож хэлмээргүй байна. Үзэл бодлоосоо, үнэт зүйлээсээ, өмнө гаргасан шийдвэрээсээ буцна, няцна гэдэг бол улстөрч хүний, тэр тусмаа монгол хүний зан биш.
-Тэгвэл санал хуваагдахаас болгоомжилж байгаа юу, 2012 онд бол хуваагдсан?
-Яах вэ, нэг цул байсан нам хоёр хуваагдахаар дагаад бодит амьдрал дээр санал бол хуваагдаж байгаа. Гэхдээ сонгогчийн саналыг хуваахгүй гэж МАХН-тай сонгуульд хамтрах, эвсэх нь бодит шалтгаан болохгүй. Байх ч ёсгүй. Хэрвээ эвсэх, хамтрах дээрээ тулбал МАН, МАХН хоёрын зорилго, зарчим нийлж байх ёстой. Сонгогчдын саналыг хуваахгүй гэдгийг ганц шалгуур болгож механик эвсэл үүсгэвэл үзэл бодол, үнэт зүйлээсээ урвасантай ялгаагүй. Ер нь сонгуульд зориулсан механик нэгдэл ч дээ, олон түмэнд итгэл төрүүлж саналыг нь авсан хэр нь сонгуулийн дараа салж хагацах нь амархан, хийж бүтээх нь бага юм уу гэж би хувьдаа хардаг. Сонгуульд намууд хамтарч эвсэж орох нь монголчууд бидний хувьд шинэ зам биш. АН хэдхэн жилийн өмнө Эх орон, Иргэний зориг намуудтай эвсэж сонгуульд ороод хамгийн олон суудал авсан ч, удалгүй эвсэл нь задарсан. Өнөөдрийн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч ялгаагүй, эвсэж хамтарсан Засгийн газрынхаа сул тал дээр улс төр хийсэн, хэдхэн хүн хүссэнээ шингээх гэж хяссан цөөхөн хэсгийн нэгдэл мэт харагддаг. МАН, МАХН-ын хувьд ахмадууд маань намын удирдлагуудтай уулзаж, сонгуулийн өмнө хэл амаа ололцооч гэсэн санал тавьсан. Манай намын хэсэг залуу юу, юугүй хамтрах нь буруу гэж байгаа. Би намын дарга болсны дараа орон нутагт хоёр намын анхан шатны нэгжүүд учраа олж, ойлголцож ажиллаарай гэж хэлж байсан. Тэгэхээр өнөөдөр яг ингэнэ, тэгнэ гэж хэлэх зүйл алга. Асуудал нээлттэй байгаа. Зөвхөн МАН, МАХН гэлтгүй, бүх нам улс орныхоо төлөө, орон нутагт бол аймаг, сумынхаа төлөө өдөр бүр хамтарч ажиллах ёстой гэж үздэг хүн, би.
-Сонгуульд хамтрах талаар та МАХН- ын дарга Н.Энхбаяртай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн юм биш үү?
-Ганц, хоёрхон удаа л уулзсан. Тэгж олон удаа уулзсан юм байхгүй.
-АН-ын рейтинг муу байгаа гэх юм. Тэглээ гээд танай намын рейтинг бас өсөхгүй байгаа юм биш үү. Танд намуудын рейтингийн судалгаа байна уу?
-МАН-ын рейтинг бага, багаар өсч байгаа. Ямар ч гэсэн АН-ынхаас илүү байгаа. Нэг хоёр пунктээр илүү байсан бол, одоо гурав, дөрөв болж нэмэгдсэн. Нэлээд хэдэн байгууллагын судалгаагаа иймэрхүү ойролцоо дүн гаргаж байгаа.
-Жаахан өсөлт байгаа бол тэр нь танай намын үйл ажиллагаатай холбоотой өсөлт байна уу, эс бол эрх баригчдын нэр хүндийн уналтыг дагаж автоматаар ирсэн өсөлт үү?
-Аль аль нь л байгаа байх. Юу ч хийхгүй суугаад байгаа мэт харж болохгүй. Жишээ нь, Өршөөл үзүүлэх тухай хууль, улсын төсөв хэлэлцэхэд бид маш тодорхой байр суурьтай байсан. Үүнийг олон түмэн харсан л байх. Өдөр болгон хэвлэлээр гараад, өөд уруугүй өөрийгөө магтаад байхаар рейтинг өсдөг ч юм биш.
Бас сөрөг хүчин гээд бүгдийг сөрөөд байж болохгүй. Манайх шиг тулхтай, туршлагатай улс төрийн хүчний хувьд бүгдийг сөрөөд байхгүйгээр том, зарчмын асуудлууд дээр дуугараад, олонхидоо ажил хийх бололцоог олгох нь улс төрийн соёл.
МАН бодитой эрсдэлийг урьдчилж хардаг, зөв үнэлэлт дүгнэлт өгдөг, зөв шийдэл санал болгодог, улс орон, олон нийтийнхээ төлөө олж, онож дуугардаг сөрөг хүчин байж чадаж байгаа. Хэрвээ бид намдаа сонгуулийн рейтинг цуглуулахын төлөө ажил хийдэг байсан бол, рейтингийн арай өөр дүн, улс төрийн арай өөр орчин байх байсан болов уу.
-Жишээ нь, таныг дарга болох үед танай намын рейтинг хэд байсан, одоо хэд болоод байна вэ?
-Намайг намын дарга болоход 18,19 хувьтай байсан рейтинг одоо 30 гаруй хувьтай байгаа. -Та хоёр дахь удаагаа МАН-ын дарга болсон. Мэдээж, бодсон зүйл, зорилго, төлөвлөгөө байсан л байх. Одоо тэр зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байна вэ? – МАН-ын дарга байх нь намын дарга болохоос хэцүү. Яагаад гэвэл МАН өөрөө олон жилийн түүхтэй, арвин туршлагатай, эрх барьсан ч, цөөнх болсон ч олон түмний итгэлийг тээж явдаг нам. МАН алдах, хазгай гишгэх нь Монголын ард түмэн алдсантай бараг дүйх хэмжээнд, ойлгогддог, хүлээн зөвшөөрөгддөг. Хэрвээ МАН сульдвал Монгол Улсын тусгаар тогтнол ч суларч болзошгүй. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах манаач нь ч, монголчуудынхаа амьдралыг авч явах ёстой менежер нь ч МАН юм. Ийм эрэмбэ, зангараг, үүрэгтэй намын дарга байна, намын даргаар ажиллана гэдэг бол асар их хариуцлага, итгэл. Тийм учраас МАН 2016 оны сонгуульд амжилттай оролцох нь миний намын дарга болсны гол зорилго. Тэр зорилгынхоо дагуу бодож, төлөвлөсөн ажлаа хийгээд явж байна. Сонгуулиар үр дүн нь харагдана. Яг өнөөдөр хувилаад дүгнээд байх зүйл алга.
-Та намын дарга болоод залуучуудыг, шинэ хүмүүсийг нэлээн дэмжиж байх шиг байна. Шинэ хүн чухал юм уу, нэр цэвэр, улс төрийн туршлагатай хүн чухал юм уу?
-Аль аль нь чухал. Аль нэг тал руу нь туйлшруулж огт болохгүй. Туршлагатай нь шинийгээ чирч, үлгэрлэж, бие биеэ нөхөж явах ёстой. Тэгж дараагийн туршлагатай улстөрчийг өмнөх үеэр нь бэлдүүлэх нь Монголын төрийн түүхэнд эртнээс байж ирсэн дэг сургууль. Түүний төлөө аминдаа залуучуудаа дэмжих, гаргаж ирэх бодлого баримталж байгаа. Мэдээж аливаа юманд, тэр тусмаа хүний нөөцийн бодлогод тунг нь тааруулах шаардлага бий. Өнөөдөр төрийг улс төрийн намаар дамжуулж байгуулж, засгийн эрхийг намуудаар дамжуулж барьж байна. Дэлхийн бүх оронд тийм байна. Энэ тохиолдолд засгийн эрх барьсан үедээ, бариагүй үедээ ч төрийн хүнийг бэлтгэх нь намуудын үүрэг. Энэ үүргээ хамгийн сайн ухамсарладаг, хамгийн сайн биелүүлдэг, бас төрийн ажлын туршлагатай хүний нөөцөөр хамгийн баялаг нь МАН. Иймд МАН-д элсэх, энэ намын үүрээс эхлээд орон нутаг, төв байгууллага хүртэл бүх шатанд ажиллана гэдэг бол улс төрийн карьер хөөхөөс гадна монгол төрийн хүн болох, Монголын төрд зүтгэх амьдралын их сургуульд суралцаж байгаа хэрэг юм. Засгийн газарт МАН үнэлэлт өгөхийг үгүйсгэхгүй
-УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа. Танай намаас ч нэлээд гишүүн зурсан. Таныхаар одоо Засгийн газрыг огцруулах, оролдох нь зөв үү?
-Чинийхээр яагаад буруу гэж?
-Сонгуулийн цаг хугацаа их ойртлоо. Солилоо гэхэд шинээр байгуулсан засаг сонгууль хүртэлх зургаахан сард юу ч хийж амжихгүй…?
-Үнэхээр хариуцлагагүй байгаа бол цаг хугацаанаас үл хамаараад хариуцлагатай болгох ёстой. Би хувьдаа энэ Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж огтхон ч хэлж чадахгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнөөдөр ямар ажил хийх вэ гэхээсээ яаж удаан тэсэж тогтох вэ гэдгээ л бодож байна. Сонгууль ойртлоо, дараагийнх нь юу ч хийж амжихгүй гэдэг бол муу ажиллаж байгаа, юу ч хийхгүй Засгийн газрыг аварч, авч үлдэх шалтгаан болох учиргүй. Алдаа гаргаж амьдарсан амьдрал бахархмаар юмгүй ч, юу ч хийлгүй амьдарснаас дээр, илүү үнэ цэнэтэй гэж үг байдаг. Гэхдээ энэ Засгийн газрын хувьд юу ч хийхгүй байна уу, хийсэн нь үргэлж алдаа болоод байна уу гэдэг нь ялгарахгүй байгаа. Тийм учраас байгуулсан Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж буй эрх баригчдын дотоодын улс төрд МАН оролцохгүйгээр, бие дааж улс төрийн тодорхой үнэлэлт дүгнэлт өгөхийг үгүйсгэхгүй.
-Танайхан улс төрийн дүгнэлт өгнө гэж сүржин мэдэгдээд л алга болчихдог. Жишээ нь, “Дубайн гэрээ”-д дүгнэлт өгнө гэж хэлээд хэдэн сар өнгөрч байна. Ядаж намын ажлын хэсэг чинь дүгнэлтээ танилцуулах болоогүй юу?
-“Дубайн гэрээ”-д шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо ч Ерөнхий сайдаас асуух зүйлс олон байна. Гэрээг байгуулснаас хойш хаврын чуулганд Ерөнхий сайд асуулт асуух гэхээр боломж олгохгүй байсан. Сая асуулаа. Тэр дагуу манай намын байгуулсан ажлын хэсэг нэмэлт байдлаар ажиллаж байгаа. Оюутолгойн уурхайд “Дубайн гэрээ”-ний дагуу зарим ажил эхэлж, олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс ямар нэгэн байдлаар үүрэг хүлээчихлээ. Тэр тохиолдолд Тавантолгойн ажлын хэсгийнхэн шиг дотоодын улс төр болгон бужигнуулж улсаа хохироож, том төслүүдийнхээ нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагаж болохгүй. “Дубайн гэрээ”- гээр өмнөх гэрээнийхээ заалтыг дордуулсан, баялгаа бүхлээр нь барьцаанд тавьсан, ямар ч баримтгүй их хэмжээний мөнгөн дүнг хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрсөн гээд нарийвчилж судалж үзэхээр юм их бий. “Дубайн гэрээ”-гээр дэлхийн хэмжээний төслийн хувь заяаг шийдэж байгаа учраас энэ чиглэлийн яриа Монгол Улсаас хальж, Монгол Улсын нэрийг сайн муугийн аль нэгнээр дэлхийд гаргана. Тийм учраас ул суурьтай судлах, жинтэй дуугарах ёстой.
-Тавантолгойн ажлын хэсэг гэснээс та энэ ордыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Энэ төсөл эдийн засгийн бүлэглэлүүдийн зодоон болчихлоо. Эхнийх дээр бол таныг эсрэг байна уу гэж харсан. Одоо Тавантолгойн шинэ төслийг УИХ-д танилцуулна гэж байна?
- Засгийн газраас одоогоор УИХ-д орж ирсэн зүйл алга. Өмнөх төслийн тухайд Засгийн газрын төслийг УИХ-д оруулж ир гэсэн бичигт би гарын үсэг зурсан. Дөрөвдүгээр сард. УИХ-ын дарга, гурван дэд дарга зурсан. Харамсалтай нь, УИХ- ын бүх удирдлага гарын үсгээ зурсан ч, тэр төсөл УИХ-д орж ирэлгүй, замын дундаас буцчихсан. Ажлын хэсэг байгуулаад ажлын хэсгийн дарга нь ажлын хэсгийн шийдвэр мэтээр өөрийнхөө болон бусдын үгийг хэвлэлээр дайсаар яваад цаг хугацаа их алдсан.
Тэгээд Засгийн газар ч төслөө буцааж татсан. Сураг сонсвол дахиад нэг төслийг гишүүд санаачилсан гэж дуулдаж байна. МАН бол том зургаа хардаг нам. Нэг улсад амьдарч, ашгийг нь улсаараа хүртэх том төслийг манайх авна, танайх тэрийг нь ав гэж зодолдоод байх бүлэг фракц манай намд байхгүй. Тийм ёс зүй, хүмүүжил, ухамсар манай намын гишүүдэд байхгүй, байж болохгүй гэдэг нь бараг тархинд нь кодлогдсон гэж болно.
Тийм учраас тодорхой төсөл орж ирвэл үнэхээр эдийн засгийн өгөөж өгөх, Монгол Улсад ашигтай, монголчууд баялгийнхаа эзэн байж чадахаар бол дэмжинэ. Зарчмын байр суурь нь зөв тодорхойлогдсон байвал нэг хоногийн өмнө ч гэсэн Тавантолгойг эргэлтэд оруулах нь улсын эдийн засагт хэрэгтэй.
-Хүн хэнтэйгээ хамтарч бизнес хийх нь чөлөөтэй. Гэхдээ гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад бизнесээрээ нам дамжин хамтарсан, одоо улс төрд ид яваа олон хүн харагддаг. Үүнийг нэг талаар нам дамжсан бизнесийн бүлэглэл гэдэг байх. Тухайлбал, танд АН-ынхантай хамтарч байгуулсан компани, бизнес байдаг уу?
-Байхгүй. Миний хувьд хүн амьтантай муудахгүй яваад байдаг нь нэг талаар нэг их бизнес хийгээд байдаггүйтэй холбоотой гэж боддог. Хүмүүс ихэнхдээ ашиг орлого, бизнесийн асуудлаас болж сайндаж муудаад байх шиг харагддаг. Надад тэгж бусадтай булаацалдаад байх бизнес байхгүй. Хар залуугаасаа төрийн ажил хийгээд явж байгаа л хүн.
Янз бүрийн нэр хоч, мэдээ мэдээлэл заримдаа гарч л байдаг юм. Тэрэнд нь адгаад л, “би буруугүй, нэр төрөө цэвэрлэнэ, сэргээнэ” гэж гүйгээд байдаггүй. Хамгийн гол нь би өөрөө үнэнээрээ, үнэний төлөө явах нь чухал. Түүнээс бус, намайг гүтгэх ч юм уу, өдөж байгаа бусдын буруу үйлдлийн төлөө санаа зовоод л, татагдаж ороод л явах нь би өөрөө буруу үйлдэл хийж байгаатай бараг адилхан гэж үздэг.
-Бас улс төрийн талцал гэж байна. Жишээ нь М.Энхболд У.Хүрэлсүхтэйгээ, Сү.Батболдтойгоо муудсан гэнэ гэдэг. Өнөөдөр МАН-ын лидерүүд дунд бодитой зөрчил байгаа юу?
-Байхгүй. Ингээд хэлэхээр зарим хүн “намын дарга нь учраас худлаа хэлж байна л” гэх байх. Гэтэл бодит байдал дээр үнэхээр байхгүй юмыг би байхгүй гэхээс өөрөөр юу гэх билээ. Би түрүүн хэлсэн дээ, МАН-ынханд зөрчилдөөд байх эрх ашиг, бизнес булаацалдаад байх ёс суртахуун байдаггүй гэж. Тэр зарчмаараа УИХ-ын сонгууль ойртох тусам манай намынхан улам нягтарч байгаа. Ганц МАН гэлтгүй, том зорилгынхоо төлөө улс дотроо намууд нь, улстөрчид нь нам дотроо эв нэгдлийг эрхэмлэх ёстой юм.
-Тухайлбал, таны том зорилго дотор 2017 он багтаж байгаа юу?
-2016 оны сонгуулийн үр дүн л түүнийг хэлнэ дээ.
-Би дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг л хэлж байна?
-Ойлгоод л байна. Миний гол зорилго бол 2016 онд өөрөө УИХ-д орохоос илүүтэй МАН олонхи болох нь хамгийн чухал. Эс тэгвээс улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүндрэл бэрхшээл ч бий болох нөхцөл байдалд хүрчихлээ. Ардчилал мандсан 1990 оноос хойш МАН-гүй, МАН-ын бүлэггүй УИХ гэж байгаагүй.
Харин МАН-гүй, МАН-ын оролцоогүй Засгийн газар гэж байх үед ард түмний амьдрал яаж дордож, төрийн нэр хүнд, үнэ цэнэ хэрхэн дор ордгийг Монголын ард түмэн хоёр ч парламентын өнгөн дээр бодитой харлаа. Нэг нь 1996-2000, нөгөө нь 2012-2016 оны УИХ-ын үед.
Өнөөдрийнхөөс илүү дордохыг хэн ч хүсэхгүй. Тийм учраас ирэх 2016 оны сонгуульд МАН амжилттай оролцох, улс орныхоо эдийн засгийг өөд татах нь нэг талаар нийгмийн захиалга. Нийгмийн энэ захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэх нь МАН-ынхан, тэр дундаа намын даргын үүрэг учраас миний хувийн улс төрийн карьер, амбийц бол ёстой зуудугаар асуудал.
-Сүүлчийн асуулт. Сая хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайдыг их өөдрөг үг хэллээ гэж зарим хүн хэлж, зарим хэвлэлд бичиж байна. Тэгэхээр таны хэлж байгаа шиг тэгж их дордчихоогүй, бас дордохгүй юм биш үү
-Өөдрөг гэхээсээ өмнөх, өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн үгээ л давтаж уншлаа гэж ойлгосон. Цаг хугацаа, орчин нь өөрчлөгдсөн болохоос өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн үгнээс нь ялгарах онцгой содон зүйл байхгүй байна байна лээ. Ажил болгож чадаагүй өмнөх амлалтаа дахиад амлаж байгаа юм байна гэж ойлгосон. Дөрөвдүгээр сард, тэр үед хэлснээсээ нь өнөөдөр юу ажил хэрэг болсон, юу нь бүтээн байгуулалт болж эхэлсэн бэ гэхээр онож хэлэх зүйл үнэхээр байхгүй.
Хүсвэл хэвлэлийнхэн та нар тулгаж хараарай. Нөгөө талаас, хэвлэл тэгж бичиж байна биш, хэвлэлд тэгж бичүүлж байна гэж би ойлгож байгаа. Засгийн газар хийсэн ажлаа хэвлэлээр сурталчлах ёстой. Харин хийгээгүй ажлаа мөрөөдөл болгож ярих, АН-ын сонгууль угтсан улстөрийг Монгол Улсын Засгийн газрын нэрээр сурталчлахыг би буруу гэж үзэж байгаа. Эдийн засаг дордсон, дордоогүй тухайд онолын маргаан өрнүүлж, олон тоо хэлэх нь үнэхээр илүүц.
Хэрвээ эдийн засаг дордоогүй юм бол хотын захын гэр хорооллын зарим хэсэгт хоёр айл дундаа нэг талх авахгүй. Хотын дарга, АН-ын нийслэлийн дарга нь “ирэх хавар гэхэд Грек шиг хямарна” гэж ярихгүй. Хэрвээ ирэх онд илүү дордохгүй юм бол Засгийн газраас нэг ч бүтээн байгуулалтгүйгээр, төрийн албанаас 3000 хүнийг цомхотгохоор, цалин тэтгэврийг огт нэмэхгүй, харин ч 10 хувь хасахаар 2016 оны төсвийн төслийг оруулж ирэхгүй л байсан.
УИХ дээр ярьж байгаад хүмүүсийг цомхотгож болохгүй, дотоод урсгал зардлаа танах замаар ажлыг байрыг нь хадгалж үлд гэж шийдвэр гаргасан. Үйл явдал, цаг хугацаа хамгийн үнэнийг хэлдэг гэдгийг улстөрчид тооцох хэрэгтэй.
URL: