Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Европын орнуудын Элчин сайд нар энд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ нь Европын холбоо, Монгол Улсын хоорондын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Бид газар зүйн хувьд хол байдаг ч Европын холбоог Монгол Улс хамгийн чухал, ойрын гурав дахь хөршөө гэж үздэг. Монгол Улс Европын холбоотой 25 жилийн турш дипломат харилцаа тогтоож ажиллаж байгаа. Энэ бол их чухал үйл явдал. Бид нар 25 жилийн хугацааны харилцаандаа маш их сэтгэл хангалуун байдаг. Энэ ойг бид 2014 онд хоёр талдаа тэмдэглэж өнгөрүүлсэн. Цаашид хамтарч ажиллах ажиллагааны чиглэлүүдийг ч гаргасан.
Өнгөрсөн зургадугаар сард надад сайхан боломж олдож Европын холбооны парламент-Европарламентад үг хэлж, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, 25 жилд явуулсан үйл ажиллагаа, бидний харилцааны талаар ярих сайхан боломж олгосонд би их баяртай байгаа.
Энэ жил бид Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг тэмдэглэсэн. Ардчиллын анхны үйл явц өрнөснөөс хойш Европын холбоо, түүний гишүүн орнууд үргэлж бидэнд тусалж, дэмжиж хамтарч ажиллаж ирсэнд талархалаа дахин илэрхийлье.
Ирэх жил Монгол Улс АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хүлээж авах болсон. Энэ бол маш чухал үйл явдал гэж бид үзэж байгаа. Мөн АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой энэ үйл явцтай давхцаж байгаа. Та бүхэн өөрсдийн төлөөлж байгаа улс орнуудаараа дамжуулан энэ чуулга уулзалтыг өндөр түвшинд, сайн үзохион байгуулахад хамтарч ажиллаж байгаад талархаж байна.
Европын холбоо, Монгол Улсын хооронд хамтын ажиллагаа, түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ бол маш чухал ололт гэж бид үздэг. Европын холбооны 17 гишүүн орон энэ хэлэлцээрийг батлаад байна” гэлээ.
Үүний дараа Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан байр суурь, санал бодлоо илэрхийллээ.
Элчин сайд нар өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн Европарламентад хэлсэн үг болон саяхан Францын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцохдоо хэлсэн үгийг өндрөөр үнэлж байв.
Мөн ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлцгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр УИХ-аар Эрүүгийн хууль, Байнга төвийг сахих бодлогын тухай хууль зэргийг шинээр хэлэлцэн баталсныг тайлбарлалаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх тухай болон Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-аар ярилцаж байгааг Элчин сайд нарт тайлбарлан ярилаа. Тэрээр мөн Элчин сайд нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулсан юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Энэ хүнд хүн шагнах, хуульд хориг тавихаас өөр сүртэй эрх мэдэл байхгүй шүү дээ. Манайх чинь парламентийн засаглалтай улс. 76 нөхөдийн алдаатай шийдвэр, төсвийн буруу зарцуулалтаас болж одоо ийм хүнд байдалтай байгаа шүү.
МОНГОЛЧУУД БИДНИЙ ГАНЦ ҮҮХ ТҮҮХ БОЛСОН МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ГАДНЫ ОРНЫ АРГА БАРИЛ ТУРШЛАГА ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ШҮҮ