Н.Энхбаярыг Шадар сайд болгож, МАХН-ыг МАН-тай хамтруулахгүй байх гэсэн АН-ын бодлого

Орчин цагийн улс төрийн өнгө төрхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хүссэн үедээ сэдвийг нь өөрчлөн зурж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.

Өнгөрсөн зун тэрбээр МАН-ын гишүүдийг Засгийн газраас хөөж, өөрөө өршөөлийн хуульд хамрагдаж оронд нь сайдын “сэнтийд” залрах төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Харамсалтай нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй. Гэвч МАН-ын зургаан сайдыг засгаас хөөлгөж дөнгөсөн. Тэднийг хөөж үлдсэн суудлыг нь эвсэл, АН хоёр хувааж, хоёрдугаар ээлжийг хоолтой нь залгуулах төлөвлөгөөг тун ч сурамгай хэрэгжүүлж чадсан хүн бол тэр. Үүнийхээ дараа Н.Энхбаяр АН-ынаас шадар сайдын суудлаас гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудлыг нэхэж “луу унжиж” бойкотлосон. Хэрэв сайдын квот нэмж өгөхгүй бол эвслийг задалж, Засгийн газрыг чинь тараалаа гэх шантаажийг хийж эвсэлд сайдын нэг суудал илүү авч чадсан. Ер нь тэрбээр, Засгийн газрыг тараана гэх нэрийдлээ тун ч олон удаа АН-ын шантаажилж байгаа. Тэгвэл хамгийн сүүлд Н.Энхбаяр шадар сайд болно гэх яриа гарлаа. Тодруулбал, эзэнгүй болоод буй Эрүүл мэнд, спортын сайдын суудалд одоогийн шадар сайд Ц.Оюунбаатар сайдыг томилохоор болжээ. Харин шадар сайдын суудалд Н.Энхбаярыг томилох гэнэ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодруулахад “МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Ц.Оюунабаатарыг ЭМС-ын сайдаар томилуулах хүсэлтийг тавьж байгаа. Манай намын бүлгээр энэ асуудлыг ярьсан. Хэнийг нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. Манай намын гишүүд энэ талаас нь харж, МАХН-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн мэднэ. Шийдэх эрх нь Ерөнхий сайдад байгаа” гэсэн хариулт өгчээ.

Эндээс харахад МАХН-аас ийм шийдвэрийг АН-д хүргүүлсэн. Тэрхүү шийдвэрийг нь АН-ын бүлгийн хурлаар хүртэл авч хэлэлцсэн байна. “МАХН-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна” гэдэг нь шууд бус утгаараа Н.Энхбаярыгаа тавих уу, Ц.Оюунбаатарыгаа сонгох уу тэдний асуудал. Бид хэнийг оруулж ирнэ тэрийг нь л дэмжинэ гэх зүйлийг илэрхийллээ. Хэдийгээр Ерөнхий сайдын бүрэн эрх гэсэн боловч энэ бол зүгээр л “гоё үг”. Учир нь Ерөнхий сайд танхимаа мэддэг байсан бол “МАН-ын сайд нарыг гарга” гэсэн намын даалгаврыг биелүүлэхгүй өнгөрч болох л байсан. Тэрбээр, саяхан хийсэн мэдээллийнхээ эхэнд “Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” гэж үнэнээ өчсөн. Өчсөн ч гэж дээ “арьсаа”  л хамгаалсан хэрэг. Ийм л зүйл болсон учраас Ерөнхий сайдад нам нь даалгавар өгвөл тэр үг дуугүй биелүүлнэ. Түүнд мэдэх нэг ч асуудал байхгүй гэсэн үг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудалд хоёр хуваагдаж “тэмцэлдсэн” гэнэ. Олонхи нь яасан ч яах вэ_ гэсэн байр суурьтай байсан бол цөөнх нь “Н.Энхбаярыг дахин төрд ойртуулж болохгүй” гэх байр суурь илэрхийлж,маргалджээ. Ингээд Ерөнхий сайд, намын дарга хоёр нь бүлгийн хуралдаа мэдээлэл хийж, намынхаа хойч ирээдүйн талаар ярьснаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж чадсан байна. Тэрхүү эсэргүүцэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамын сайд М.Зоригт юм. Тэрбээр өчигдөр өөрийн твиттер хуудснаа Н.Энхбаяртай хамтарч ажиллаж чадахгүй, ажлаа өгнө гэж жиргэсэн юм.

АН-ынхан хэдийгээр дургүй байсан ч Н.Энхбаяртай “гар барих” шалтгаан нь ирэх сонгууль гэж АН дахь эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж өгье. Харин оронд нь МАХН ирэх сонгуульд АН-тай хамтарч оролцож өгөөч гэдэг хүсэлтийг Ардчилсан намын удирдлагууд гаргажээ. Н.Энхбаяр нь энэ хүсэлтийг нь хүлээн авчээ. Тиймээс л Л.Жамбалжавыг Ерөнхий сайд томилохоос татгалзсан хэрэг. Учир нь МАХН-ын 2016 оны сонгуульд МАН-тай хамтарч орно гэх яриа гараад байгаа юм. Эхний ээлжинд дээрх хоёр намын ахмадууд хамтарч сонгуульд оролцох уриалга гарсан. Тэгвэл дараагийн ээлжинд залуучууд нь ийм санал гаргахаар зэхэж байгаа гэх мэдээлэл ч байна. Хэрэв МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч орвол АН гарцаагүй ялагдал хүлээнэ. Тиймээс тэд МАХН-ыг өрсөлдөгчдөө алдахаасаа өмнө өөрсдийн болгож авахаар сайдын суудлаар тохироо хийжээ.

Өчигдөр 18.00 цагаас МАХН-ын Гүйцэтгэх товчоо шуурхай хуралдаж Шадар сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсан ч МАХН-аас “тийм хурал болоогүй” гэдгийг онцолж байна.

Эцсийн шийдвэр буюу томилох эсэхийг УИХ-аас гаргана. Гэвч АН, МАХН хоёр нэгэнт тохирсон нөхцөлд олонхоороо хүч түрнэ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: zochin1 Огноо: 9 December 2015

Herwee ene MAHN AN negdvel enhbayriin ner hund unah bh ard tumenii dund, odoo ihenh humuus MAN iin zug ergeed bhad iim shiidver ni MAHN iin tald sanal uguh hun hovor l bh da

Сэтгэгдэл бичих