Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр шинэ дурлалтайгаа учирчээ

toomas-hendrik-ilves-ieva-kupce-73142281

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн өндөр хөгжиж байгаа, ахиц дэвшилт гаргаж буй орнуудын тоонд Эстони улс багтдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Эстони улс цахим хувьсгал амжилттай хийж бүхэл бүтэн төр засаг, нийгмээрээ онлайн хэрэглээтэй болсон тухай дэлхий нийт шагшин магтаж байгаа. Тэгвэл Эстони улсын ерөнхийлөгчийн шинэ дурлалт бүсгүй нь хүртэл цахим аюулгүй байдал хариуцсан эмэгтэй болж таарсныг хэвлэлүүд егөөдөхийн сацуу гайхашран бичиж байна.

Эстонийн ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвесийн дурлалт бүсгүй, ирээдүйн тэргүүн хатагтай нь хөрш зэргэлдээх Латви улсын цахим аюулгүй албаны дарга Иева Купце аж. Хөрш улсынхаа цахимтай холбоотой төрийн агентлагаас хайр дурлалаа шүүрэн авсан Тоомас Хендрикийн тухай дуулианыг Эстонийн Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүртэл баталсан байна.

Тэд гэрлэлтээ бүртгүүлж ирэх жил гэхэд Иева Купце Эстонийн иргэн төдийгүй тэргүүн хатагтай болж хувирах гэнэ. Анх хосууд Латви, Эстони хоёр улсын хооронд цахим аюулгүй байдлын туршлага солилцох форумын үеэр танилцжээ. Нэг ёсондоо Эстонийн Ерөнхийлөгч Латви улсад айлчилж явсан юмсанж.

_87086991_capture

2014 онд тэд ингэж танилцсан бөгөөд түүнээс хойш нууцгайхан уулзаж учирч явсаар 2015 онд Ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсанаас хойш олны нүдэнд ил гарч эхэлжээ.

2006 онд анх Ерөнхийлөгчийн сэнтийд залрахдаа л тэрээр улс орноо цахимжуулж, төрийн үйлчилгээ, иргэдийн бүртгэл гээд бүхий л зүйлийг интернэтэд шилжүүлэх тухайгаа мөрийн хөтөлбөртөө багтааснаар голчлон ард түмэн нь саналаа өгч байж.

Тоомас Хендрик Илвес ч хэлсэндээ хүрч өдгөө Эстони улсын засгийн газар онлайн хурал хийж, иргэд нь эрүүл мэндийн үзлэг мэдээллээ цахим орчинд хадгалан хянаж, автомашин байр хоолны зардлаа гар утсаараа төлж, цахим иргэний үнэмлэх цахим гарын үсэг ашиглаж цаас хэрэглэдэггүй болжээ. Түүгээр ч үл барам хүүхдүүдэд таван настайгаас нь эхлэн кодчлол зааж, эгээтэй л цахимаар эмнэлэгт үзүүлэх шахаж байна.

Ингэснээр төр иргэн хоёр нүүр тулж уулзахаа байж бичиг цаас, тамга урт дараалал байхгүй болсноор авлига ч буурчээ. Ийм улсын төрийн тэргүүн нь шинэхэн гэргийгээ хүртэл энэ салбараас сонгож авчээ.

Эх сурвалж: Politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих