Жүжигчин төр
Анх орос эрдэмтдийн “Монгол” гэдэг экспидиц Ноён уулын сав газарт алт олборлож байсан баримт. Хүннүгийн үеийн булш байна гэдгийг мэдээд Богд хаан тэр үед үйл ажиллагааг нь зогсоон түүхтэй. 1924 он.
Жүжигчилсэн улстөрийн зорилгоо биелүүлэхийн тулд Ч.Сайханбилэг өмнөх Ерөнхий сайдынхаа ажил бүгдэд эзэн сууж, сүржин тавилттай, даржин мэдэгдэл хийлээ. За тэр ч яахав, өдгөө засаг барьж, эрх дарх эдэлж байгаа намын, тэдний лидерүүдийн үндсэн араншин юм. Сурсныг сураар боох биш.
Тэрхүү жүжгийн зорилго нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын орчимд байрлах Гацууртын алтны ордтой холбоотой. Гацууртын ордыг “Сентерра гоулд Монголиа” компанид улс өгчихсөн л юм чинь буцааж авъя гэвэл ардчилагдсан гэгдэх энэ төрд хэцүү гүйцэтгэл болох нь үнэн. Гэхдээ авъя гэвэл ч болно л доо. Гол нь, гадныхнаар ажил хийлгүүлчихээд дууссан хойно нь Монголын төр булаагаад авчихвал энэ улсын гадаад нэр хүнд, тэдний хөрөнгө оруулалт гэдэг чинь унасан дээрээ унаад, бүдгэрсэн дээрээ бүр арилах биз ээ. Үүнийгээ нэг юм хагас дутуу мэдээд байгаа болохоор ичсэн хүн хүн алахын үлгэрээр жүжигчин төр ард түмнээрээ наадгай хийж байна.
Гацууртын ордын тодорхой хувийг эзэмшихээр “Сентерра гоулд Монголиа”-д илэрхийлсэн саналаа биелүүлэхийн төлөө Монголын төр ард түмнээ ашиглаж, тэдний өмнө дүр эсгэх шаардлагагүйд л хамаг учир байгаа юм. Үнэндээ л, “Сентерра гоулд Монголиа”-гийнхныг “Орон нутгийнхан, Мандал сумынхан уул усаа эзлүүлж, орд газараа ашиглуулахгүй юм байна. Тэр төр засагт нь хүсээд байгаа хэдэн хувийг нь өгөөд ажилаа явуулъя…” гэсэн гарцгүйд оруулах.
Нөгөө талд нутгийн зон олныг “Газар газрын үл бүтэхчүүдээр бүтсэн нинжануудад нутаг усаа зэрэмдэглүүлж, орой үдэш охин нойтон хүүхдээ ч харуул хамгаалалтгүйгээр гаргахын аргагүй болтол амьдарна гэж юу байхав. Хууль ёсны дагуу, эмх цэгцтэй ажиллаад, улс оронд минь хувь хишигээ өгөөд явах газарт Гацууртын ордынхоо “бүлээн хошууг” атгуулъя…” хэмээх хүртэл залхаан цээрлүүлэлт зохион байгуулалтын цаана хэний хүсэл биелэх нь мэргэн уншигч таньд харагдаж байгаа бизээ.
Ийм л жүжгийнхээ нэлээд төгсгөл хэсэгт, бараг хаалт хавьцаа явж байгаагаа сая 26-нд ноён Ч.Сайханбилэг мэдэгдэж байгаа нь тэр. Мэдэгдэлдээ “Тээр тэнд ууланд байгаа булш хамгаалах нэрээр эх орончийн дүр эсгэцгээх зуур алтыг нь аваад авдрыг нь хаясан мэт ухсан нүх хоосон онгойж, татварын орлогогүй, нөхөн сэргээлтгүй гэмт хэрэг л үлдэж үржиж байна. Эсхүл далд биш илээр, буух эзэнтэй буцах мөртэй, үүрэх хариуцлагатай, хөрөнгө оруулагч ажиллуулж, орлого, татвараа улс ч, орон нутаг нь ч авч, алтны нөөцөө нэмж, байгаль орчныг нь ч нөхөн сэргээлгэж, булш бунхнаа ч хамгаалах ёстой.
Энэ бол Гацууртын ордын эсрэг тэсрэг хоёр салаа зам. Шийдэх, шийдэхгүйн хооронд өнгөрсөн хугацаанд, мянгаас илүү нинжа өм цөм цөлмөж, үнэндээ бол дээрэмдэж байхад эх орон, Ноён уул минь гэж хамгийн чанга хашгирч байсан хатан зүрхтнүүд, хараа нь хурц хүмүүс хаашаа алга болчихов оо? Ууланд, булшинд учир шалтгаан нь байсангүй. Улстөрийн оноогоо ухаж авчихаад тарчихсан байна. Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улстөр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна.
Нинжа нарын ухаад, зөөгөөд, нураагаад, ачаад дуусгасан Өвөрхангайн Уянга, Төв аймгийн Заамар, Архангайн Цэнхэр, Өмнөговийн Хүрмэн сумын Цагаанхайрхан толгой, Дорноговийн Хатанбулаг сумын Модоншандын толгойн гунигт түүхийг бид Гацууртаар үргэлжлүүлэх ёсгүй. Монгол бол түмэн нь сонгосон төртэй, төр нь баталсан хуультай улс…” гэхчилэн уран яруу, удаан зуулттайгаар ард түмнээ доромжлох, тавлахын дунд ярьлаа. Ноён уулаа өөрсдөө хамгаалж чадахгүй байж, хаа хамаагүй хөдөлгөөнийхнийг Үндэсний телевизээрээ зандчиж, зангах нь тавьсан жүжигтээ хэтэрхий их автсан төрийн эмгэнэл.
Ер нь яахаараа “Ноён уулаа хамгаалъя” гэж өлсөж, цангаж явсан өнөө муу хөдөлгөөнийхөн буруутаад явчихдаг байна аа. Төрийн өөрийнх нь нинжа хөөж оруулсан тэр орд руу хэрвээ хөдөлгөөнийхөн “Ноён уулаа хамгаана…” гээд давхиад очсонсон бол цуст мөргөлдөөн үүсэхээр байсан. Төр тийм цус асгаруулалт хүсэх хүртлээ айж эмээх, ард түмнээ хайрлаж хайхрахын жишимгүйгээр “Хөдөлгөөнийхөн юугаа хийгээд нинжа нарыг хөөхгүй байгаа юм бэ?” гэж жүжиглэхийг харж суухын эцэс алга. Тэгсэн хэр нь Ерөнхий сайдын амнаас өнөөх Ноён уулын түүх соёл, Хүннүгийн үеийн булш бунханы талаар дурдагдах ч үгүй байгаа юм.
Түүний нүдэнд, төрийн зорилгод алтнаас өөр зүйл үзэгдэхээ больжээ. Ард түмэн, амь нас, түүх соёл хамаагүй юм байна. Харин ч хөдөлгөөнийхөн тэнэг биш юм. Ард түмний нэг хэсэг болсон өөрсдөө ард түмний нэг хэсэг болсон нинжатайгаа зөрчилдөхгүй, мөргөлдөхгүйгээ мэдэж байна. Тэднийг зохицуулах нь төрийн ажил гэдгийг бас мэдэж байна.
Малаа маллаад амьдарчихаж чадахгүй алт, эрдэнэст шунаж яваа нинжанууд машин техник гүйцтэл хүчээр Гацууртыг ухаж төнхөнө гэдэг юу л бол. Анх 1924 онд орос эрдэмтдийн “Монгол” гэдэг анхны экспидиц Ноён уулын сав газарт алт олборлож байсан зураг сэлтээс үзэхэд нинжа мэт нь дураараа хялбархаан алт хамаад байхаар орд биш. Мэргэжилтнүүдийн ч хэлж байгаагаар их гүнд ухаж, машин техникийн хүчээр л олборлохоор тогтоцтой гэж байгаа.
“Мэргэшсэн” нинжанууд газрын хөрсний хаахна нь алт байгааг илрүүлэх хэрэгсэлтэй гэх ч гэнэт л нэг өдөр олноороо Гацуурт руу нэвтрээд, өдөр бүр нэмэгдэж очоод, үймж самуураад байгааг Үндэсний телевизээр орой бүхэн цацна гэдэг том сүлжээ, том түвшинд ажиллаж байгааг илтгэнэ. Ер нь 300-хан нинжагаа зохицуулж чадахгүй Монгол Улсын 3000 нинжа маргааш Оюу толгой руу дайрвал хэрхэх вэ гэсэн гадаад нэр хүндээ ч ядаж төр тооцох л ёстой. Олгой хагаравч тогоондоо гэдэгсэн. Гэтэл нэг л өглөө сэрэхэд Гацууртын орд руу нинжа нэвтэрлээ, бусниулаад эхэллээ… гэж сошиалаар турхирсан нь өнөөх жүжигчин төр өнгөн хэсгээрээ алттай газар руу бусниулагчдыг чиглүүлж оруулснаас гарцаагүй. Тэгэж л таамаглаж байна.
Таамаглалыг баталгаажуулах үйл явдал өрнөсөн үү гэсэн өрнөсөөн. Зүй нь, төр хүсвэл 300-хан цагдаа илгээхэд л нинжа сураггүй зугтах байсан. 2012 онд Завхан аймгийн Ургамал сумыг 2000 нинжа буулгаад эхлэхэд төр хүчээ үзүүлж, “Төвөөс цагдаа нар гарлаа…” гэх сургаар бараа тоосгүй алга болсон.
Төрд тийм хүч эрх, дарх нь бий. Үхэр хүртэл сэвсэн дээрээ бөөгнөрч тойроод мөөрөлдөмхий. Голд нь сүх тавьчихаар дахиж хэзээ ч тэнд очихгүйгээр таран оддог шиг нинжа нарт төр буюу цагдаа бол сүх юм. Цагдаа биш л бол секюрити хэдэн мянгаараа ирээд ч нинжа тоохгүй. Төрийн цагдаа ажил үүргийнхээ үед аргагүй хамгаалалтаар буу ч хэрэглэх эрхтэй болохоор, төр тийм эрхээ өгсөн байдаг учраас нинжанууд явахаа мэддэг. Тэдний далайлтад л хөөгдөхөө мэддэг.
Тэгэхээр Ноён уулаа үнэхээр аврах сэтгэл байсан юм бол, Ерөнхий сайдын өөрийн нь хэлснээр Уянга, Заамар, Цэнхэрийн түүхийг давтахыг хүсээгүй юм бол цагдаагаа илгээж яагаад болсонгүй вэ. Оронд нь уугуул нутгийнхныг айлгаж, эмээлгэх зорилготой дүрс үндэсний телевизээр цацуулахаа л уйгагүй гүйцэтгэсэн. Хаа холын Сэлэнгэ байтугай хажууханд нь хүүхдийн цэцэрлэг шатахад Үндэсний телевиз самераа явуулахыг санахгүй л юм байна. Дэлхийд байхгүй их зантай Монголын цорын ганц энэ мэдээллийн байгууллага сэтгүүлч, оператороо Мандал руу явууллаа юу. Явлаа гэхэд тэд нь гурван орой даруйлж мэдээ, дүрс дамжууллаа юу.
Одоо орон нутгийнхан төрийн хүссэн дүрд орчихсон. Бадарчин явсан газар балагтай гэдгээр нинжа цугларсан газар эрдэм шинжилгээний хурал болоод, хүмүүнлэгийн үйлс өрнөхгүй нь лавтай. Ядахад саяхан өршөөлийн хууль гарсан. Өршөөгдсөн нь байгутай өөрийнхөө зүтгэлээр дипломтойд нь ч ажил олдохгүй цагт суллагдагсад хаашаа явах нь тодорхой. Архидалтаас эхлээд өчнөөн л замбараагүйтэл тэнд болж байгаа нь гарцаагүй.
Уг нь энэ төрд ард түмэнтэйгээ томпон шанага, оймс гуталны ийм хэрүүл хийх зав минутаар алга л харагдах юм. Эцсийн эцэст 2025 он гэхэд ашиггүй малтмал болчих гээд байгаа нүүрсээ амжиж мөнгө болгох менежмент хийх нь яг энэ цаг үеийн төрийн ажил болохоос хэзээд үнэ цэнээ алдахгүй алт руугаа орохын тулд ийн чичирч, салгалах хэрэг юун.
Гэсэн ч төр жүжиглэснийхээ үр дүнг бараг л үзчихлээ. Уг нь энэ их авъяасаа жинхэнэ төрийн бодлого гаргахад ашигладагсан бол САЙХАНБИЛЭГтэй. Төрийг би буруутгах гээгүй, зөвтгөх ч гээгүй. Тэгэх шаардлага ч алга. Гол нь би Монгол төрийг жүжигчин байхыг л хармааргүй байна.
Б.Хажидмаа
URL: