Хоёр тэрбум төгрөгийн нуусан хөрөнгө ил болжээ

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр санаатайгаар болон санаандгүй байдлаар өөрийн хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хуулийн этгээд хувь хүнийг тус хуулиар нэг удаадаа уучлан хэлтрүүлэх боломжийг олгож буй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадаагүй бүртгэлээс гадуурх хөрөнгө орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр энэ сарын 30-ний дотор ил болгон мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөхөд хуулийн давуу тал оршиж байгаа гэхэд болно.

Хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүдэд хуулийн талаарх мэдээлэл дутмаг, нуусан хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэх талаар ойлголтгүй байгаагаас хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа гэх. Энэ талаар өчигдрийн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр хэлэлцсэн байна. Тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Бүлгийн хурал дээр Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр одоогоор хоёр тэрбум орчим төгрөг орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр тэрбум төгрөгийн нуусан хөрөнгө ил болсон гэсэн үг. Харин хууль бүрэн хэрэгжих хугацаанд ойролцоогоор гурваас дөрвөн их наяд төгрөгийн нуусан хөрөнгө ил болж улсын төсөвт багагүй нэмэр болно” гэсэн юм.

Хууль санаачлагчдын төлөвлөснөөр багадаа гэхэд хууль бусаар нуун дарагдуулсан дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө ил болж дэнчигнэж байгаа эдийн засагт бага ч хувь нэмрийг оруулах учиртай. Угаас  эдийн засагтаа цус сэлбэж нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчиддээ боломж олгон дахин хуудуутай зүйл хийхгүйгээр бүхнийг хуулийн дагуу цагаан цаасан дээр бичиж эхлэх боломжийг тус хууль олгож байгаа. Гэсэн хэдий ч хууль хэрэгжиж дуусах хүртэл хорь гаруй хоногийн хугацаа үлдээд байхад дөрвөн их наяд төгрөгөөс хоёрхон тэрбум төгрөг ил болсон гэдэг нь туйлын чамлалттай байгаа аж. Эцэст нь хуулийн хэрэгжих хугацаанд гааль, татвар, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн асуудлаа гаргаж чадаагүй бол дараа нь хариуцлагаа үүрч яааж ч илчлээд “уучлаарай” болно шүү гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Д.Жаргал

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих