Ж.Алтанцэцэг: Алдарт дуучин Яширо Акитай их газрын чулууны үзэсгэлэнт байгальд тоглолтоо хийнэ
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндхүргэе. Эмэгтэй уран бүтээлч ээж болохоороо уран бүтээлээ түр завсарладаг. Тэглээ гээд би зүгээр суугаагүй. Өнгөрсөн зунаас шинэ цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн. Ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Оршихтой хамтарч хийж байгаа цомгоо он гаргаад сонсогч, фэнүүддээ танилцуулна. Үүнтэй холбогдуулан “Хайр гэж” нэртэй шинэ дуугаа саяхан сонсогчдодоо толилууллаа. Энэ клипэд тоглохдоо бүрдүүлсэн имиж хүмүүст таалагдсан байна лээ. Дуу амьд хөгжимтэй, доргио дуу болж чадсан. Би уран бүтээлээ хийхийн хажуугаар Удирдлагын академийн нийтийн удирдлагын ангид сурч байгаа. Нялх хүүхэдтэй ч сурахаар болсон нь зөв шийдвэр болсон. Одоо шижигнэсэн сайхан залуустай нэг ангид сурч байна. Сурна гэдэг нь хүн өөрийгөө шинээр таньж байгаагийн нэг хэлбэр гэж боддог. 1997 онд СУИС-ийг төгссөнөөс хойш хэлний дамжаанд л сурснаас албан ёсоор сургуульд сураагүй байсан болохоор надад их сонирхолтой байна.
-Таныг жин нэмсэн талаар төрсний чинь дараахан сэтгүүл дээр бичиж байсан. Гэтэл та асар богино хугацаанд жингээ хасч чаджээ. Тэгэхээр төрснийхөө дараа хэвийн жиндээ хүрэхээр хичээж байгаа бүсгүйчүүддээ зориулаад зөвлөгөө өгөөч?
-Эмэгтэй гэлтгүй хүн бүр гоё сайхан болох гэж хичээдэг. Миний хувьд олон цагийг дасгалд зарцуулсан. Гурав дахь төрөлт байсан болохоор би жингээ удаан хаясан. Жингээ хасахын хувьд хүн бүр биеийн онцлогоос шалтгаалаад өөрийн гэсэн жортой байдаг. Тийм болохоор миний жингээ хасахын тулд хэрэглэсэн жор бусдад таарах эсэхийг мэдэхгүй байж “Ингэ, тэг” гэж хэлмээргүй байна. Ер нь би жирэмсэн үедээ байх ёстой жин дээрээ 20 кг нэмдэг. Тийм үед зарим сэтгүүл дээр намайг гутааж, эмзэглэмээр зүйл бичиж байсан. Тухайн үед их гомдсон л доо. Би гоо сайхны мэс заслын хувьд нээлттэй мэдээлэл өгдөг. Таван жилийн өмнө хамраа засуулсан гэдгээ хэнээс ч нуугаагүй. Түүнээс хойш нүүрэндээ мэс хүргээгүй. Гэтэл сүүлийн үед миний талаар мэдээлэл бичихээрээ гоо сайхны мэс заслын тухай бичдэг болжээ.
-Дуучид шинэ жилийг тохиолдуулан сонсогчдодоо уран бүтээлээр гэнэтийн бэлэг барьдаг. Та энэ жил ямар бэлэг задлахаар зэхэж байна вэ?
-Би “Миний гэр бүлийн шинэ жил” дуу хийсэн. Ам бүл тавуулаа болж, гурван хүүхдийн ээж болсон учраас ийм сайхан дуу хиймээр санагдсан. Дууны үг нь их гоё.
“Хүн бүхэн хүлээдэг оны сүүлчийн орой
Хөөрхөн үрс минь хөөрөн сүлд модоо чимнэ
Дүүрэн аз жаргалтай ч зөөлөн гунигтай
Дулаахан шинэ жилийн үдэш хүн бүхэн хайртай” гэсэн үгтэй. Энэ дууг TJ энтертайнмэнтийн залуус дүрсжүүлж байгаа. Удахгүй үзэгчдэдээ толилуулна даа. Миний охин Номин-Эрдэнэ өнгөрсөнжилцомог гаргасан. Хүүхдийн хоолойны өнгө жил болгон өөрчлөгддөг юм. байна. Одоо охины маань дуулсан “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дууг Хүүхдийн ордны найрал дууныхантай дүрсжүүлж байна.
-Охин тань багаасаа дуулсан. Та охиноо мэргэжлийг тань өвлөөд дуучин болоосой гэж боддог уу?
-Би охиноо дуучин болгоно гэж боддоггүй. Надаас өвлөсөн авьяастай, дуулах чадвартай бол хөгжүүлэхэд нь тусална гэж боддог. Гэхдээ багадаа дуулдаг байсан хүүхэд том болоод өөр мэргэжил сонгодог тохиолдол бий. Намайг хүүхэд байхад ч гэсэн маш гоё дуулдаг байсан найзууд маань өөр мэргэжил эзэмшчихсэн мэргэжлээрээ ажиллаж байх жишээтэй. Тиймээс цаг хугацаа л энэ асуултад хариулах байх.
-Ээж хүн охиноо харахаар өөрийнх нь бага нас санагддаг гэдэг. Номин-Эрдэнийг дуулахаар та өөрийн эрхгүй хүүхэд насаа санадаг байх. Ер нь шинэ жил таны хувьд хэрхэн өнгөрдөг байв?
-Би шинэ жилээр аав ээжийнхээ албан газраар явж дуулдаг хүүхэд байсан. Тэр үеийнхэн нийлж баяр тэмдэглэхдээ хэн нэгнийхээ гэрээр зочилдог байсан юм. Манай аав уурхайчин, ээж Налайхад эм найруулагч байсан. Томчууд шинэ жилээ тэмдэглэхдээ биднийг ширээн дээр зогсоож байгаад л дуулуулдаг байлаа. Би онц сураад өвлийн өвгөнөөс бэлэг авдаг хүүхэд байв. Харин одоогийн хүүхдийн шинэ жилээ тэмдэглэж байгаа нь бидний үеийнхээс тэс ондоо болжээ. Одоогийн хүүхдүүд гадаадын дуу сонсч байна. Үздэг кино ч гэсэн бидний үеийнхээс өөр юм. Үүнээс болоод уламжлал алдагдаад байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор өнөөгийн хүүхдүүдэд монгол уламжлалын талаар сургасан зүйлийг үзэж, харуулах бодлого дутагдаад байна.
-Таниас тусламж хүсч хүмүүс ирдэг тухай өмнө нь ярьж байсан. Энэ удаад ч гэсэн нэгэн гэр бүлд туслахаар тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ талаараа яриач?
-Энэ сэдвийг хөндсөнд баярлалаа. Би ярилцлага өгч буйн далимд хүмүүнлэгийн тоглолтынхоо талаар яримаар байна. “Нэг гэр бүл Монголын ирээдүй” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн XVII хорооны иргэн Баянсан гэдэг залууд манай уран бүтээлчид туслахаар болсон. Энэ айл гэр бүлээрээ хөгжлийн бэрхшээлтэй. Ийм нэгэн гэр бүлд зориулан арванхоёрдугаар сарын 11-нд тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг хорооных нь иргэд надад санал тавьсны үндсэн дээр хийхээр болсон. Уран бүтээлчид маань ч сайхан сэтгэлтэй юм, миний хэлсэн саналыг хүлээж авсан. Дээрээс нь Баянсангийн оршин суудаг хорооных нь иргэд энэ гэр бүлийнхнийг дэмжиж байгаа нь бидний ажилд түлхэц болж байна. Тэгэхээр би Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сарын 11-нд болох рок попын нэгдсэн тоглолтод ирэхийг урьж байна. Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст Баянсанг дэмжээрэй гэж уриалъя. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм болохоор энэ тоглолтыг зохион байгуулах нь миний үүрэг гэж би бодож байгаа юм.
-Эдийн засгийн хямрал ярьсаар байгаад гудамжинд инээж яваа хүн цөөн таарах болжээ. Ийм бухимдалтай үед та стрессээ яаж тайлж байна?
-Дуучин С.Наран бид хоёр өглөө болгон дасгал хийж байгаа. Ер нь надад хий дэмий гиюүрэх цаг хугацаа гардаггүй. Хүмүүсийн яриад байгаа эдийн засгийн хямрал бүгдийг л дайрч байна. Ялгаа байхгүй, миний нөхөр бизнес хийдэг хүн энэ жил ажил төрөл нь зогсоод бэрхшээлтэй ч байсан. Гэхдээ бид үүнээс хэцүү үеийг даваад л гарсан. Бидэнд өнөөгийн хямралыг давах нөөц бололцоо одоо ч гэсэн байгаа гэдэгт хувь хүний хувьд итгэдэг. Хамгийн гол нь хүмүүс оюун санаагаа цэвэрлэх хэрэгтэй.
-Та Японы алдарт дуучин Яширо Акитай зургаа авахуулснаа фэйсбүүктээ тавьсан байсан. Тэр зургийг тохиолдлоор авахуулсан уу, эсвэл уран бүтээл дээр хамтран ажиллаж байна уу?
-Японы алдартай дуучин Яширо Акитай 2016 оны есдүгээр сард тоглолт хийхээр болсон. Монгол Улсаас Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нар энэ дуучинтай хамтран уран бүтээл хийхэд намайг холбож өгсөн. Монголд тоглолт хийсний дараа Японд хамтарсан уран бүтээлээ хүргэх бодолтой байна. Яширо Аки дуучин төдийгүй олон газар үзэсгэлэнгээ гаргасан зураач. Саяхан над руу зурсан зургаа явуулсан. Дуучин өнгөрсөн зун Монголд ирж Их газрын чулуу, Хамрын хийдээр аялсан юм. Тухайн үед “Үнэхээр сайхан зүйлс харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Бид урьдчилсан байдлаар Их газрын чулууны үзэсгэлэнт байгальд тоглолтоо хийхээр ярилцаад байна. Тэгэхээр тоглолтоо хүмүүст хүргэхийн зэрэгцээ байгаль, уул усанд зориулж дуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Та хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Маш олон хүн бий. Тэр дундаа Монголынхоо дуучдыг хүндэлж, биширдэг. Тухайлбал, миний багш Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо байна. Би багшаасаа үлгэр дуурайл авдаг. Оюутан байхдаа зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн гэрт очиж байсан. Уртын дуучнаар суралцдаг шавьтай нь нэг оюутны байранд байсан болохоор энэ мундаг хүний сургаалыг сонсох боломж надад тохиолдсон юм. “Эмэгтэй хүн цэцэг шиг гоё сайхан амьдрах хэрэгтэй. Цаг ямагт өөрийгөө тордох хэрэгтэй. Ялангуяа дуучин хүн 40 нас гараад илүү туршлагатай сайхан дуулдаг. Дуучин хүн амьдралыг ойлгодог ухаантай байдаг. Дууг ухаанаар дуулдгаас ганцхан авьяасаараа дуулдаггүй” гэж Н.Норовбанзад гуай хэлсэн. Тэр үед би 19 настай л байсан байх.
-Дуучид тайзан дээр гарахдаа үзэгчдэдээ бүхий л авьяасаа үзүүлэхийн төлөө хичээдэг. Харин энгийн үед дуучид зөвхөн өөрсдөдөө зориулж дуулдаг болов уу. Тухайлбал, та караокед ордог уу?
-Би рок попынхонтойгоо караокеддог. Гэхдээ өөрийнхөө дууг дуулдаггүй. Тухайлбал, би дуучин Т.Ариунаагийн дуулсан “Нандин учрал”-ыг дуулах дуртай.
-Ярилцлагаа таныг шинэ жилээр ямар бэлэг авмаар байгааг асууж өндөрлөе гэж бодлоо?
-Би уламжлалаа дагах дуртай. Мэдээж найз, хамаатан садныхаа хүүхдэд бэлэг өгнө. Гэхдээ одоо өөрөө бэлэг авна гэхээс илүү хүүхдүүддээ бэлэг өгмөөр байдаг болжээ. Тийм болохоор хүүхдүүддээ хэрэгтэй, гэгээлэг бэлэг өгмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ атигар дуучинд үнээр дургүй.