Их л алхвал таргалахгүй

Миний хань хүүхдийн эмч. Сүүлийн үед хүүхэд, залуус таргалж, мяраалан, зүрх судасны өвчинд нэлээд өртөх болсонд эмзэглэн ярих нь олшров. Хүүхдээрээ шахуу залуусын харвин унжин, амьсгаадан шатаар арай ядан өгсөхийг харахаар өрөвдөлтэй санагддаг юм. Би урьд нь сониндоо “Алхах сайхан” нийтлэл бичсэнийг зарим уншигч санаж байгаа байх.

Алхахын ач тусын туай “Дал” сонины сүүлчийн дугаарт нийтэлжээ. Тус сонины “Мэдлэгийн сан” буланд “Сүүлийн үеийн мэдээгээр манай хүн амын хоёр иргэний нэг нь таргалалттай болжээ. Явган явахаа больж машин, мотоцикль, автобус хөлөглөн, хотжиж, суугаа болцгоосноос биеийн жин нь голчлон нэмэгдэж байгаа юм.

Хамгийн энгийн гарц гэвэл явган явах. Үүнд: 12 хүртэлх насны хүүхэд өдөрт 15000 алхах, охид 12000, тавиас дээш насны эрчүүд өдөрт 12000, эмэгтэйчүүд 11000 алхах, жараас дээш насныхан өдөрт 8000 алхаад байвал таргалахгүйг өрнөдийн эрдэмтэд судалжээ” гэжээ.

Дээрх тоо нэг их мэт санагдаж мэдэх. Зориглож, алхаад эхэлбэл явах тусам бие хөнгөрч, тавираад алхахын сайхныг аяндаа мэдрэх болно. Өдрөөс өдөрт алхалтын тоо, хурдаа нэмбэл хөлс чийхарч, жин нэмэхгүй, тогтворжино. Таргалахад ташуур өгч буй бас нэгэн зүйл бол хоол хүнс.

Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн, чихэр саахар гээд алив амттанаас татгалзаж, бүхэл үрийн гурил, хүнсний хивэг, зажлахад шажигнадаг байцаа, лууван, бууцай жууцай мэт хүнсний ногоог ихээр хэрэглэвэл хоол хүнс биед зохирч, шингэц нь сайжран таны бие жавхайгаад ирэх буй за. Ойр тойрныхон болон үр хүүхдээ тар­ галахаас сэргийлье гэвэл их л алхуулахаас эрхэм зүйл үгүй.

Н.Бөхдамбий


URL:

Сэтгэгдэл бичих