Дөч гарсан эрчүүд

Аавын голомтын галыг
Хүүдээ өвлүүлж зэхсэн
Айлаас бэр буулгах гэж
Цэнхэр хадаг өвөртөлсөн
Анхны ачаа хараад
Нялхарах нь дэндүү хайлан
Аавынхаа гэрт очоод
Эрхлэх нь дэндүү хайрлам
Өнгө тунамал гоог
Өөрийнхөө л гэргийгээс хайж
Ядам хурууны бэлзэг нь
Янагийн зүрхтэй ээнэгшсэн
Сагсуу хөнгөн занг
Ухааны бяраар номхотгож
Саваагүй үгийг унагахгүй
Намба товхиносон эрчүүд
Амьдралд тохиох бэрх бүхэнд
Сөгдөж нугарахгүй ноён нуруу
Ачаа үүрэг хоёроо
Умартаж хазайхгүй түүчээ
Төрөхөөс төгсөх замын
Төв цэгт нь зогссон
Алдахаас онох амьдралын
Аргыг нь олоод аргадсан
Уйлах дуулахын хооронд
Ялгаа үгүйг мэдэрсэн
Ухаарал дурсамж дүүрэн
Ямба төгөлдөр эрчүүд
Гудиггүй хэнэггүй хээгүй
Залуу насаа гээсэн
Дүүрэн жаргалаа эдлэх
Дөч гарсан эрчүүд

/ 2015-12-07 /

Д.Нора


URL:

Сэтгэгдэл бичих