Г.Шийлэгдамбыг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүллээ
Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжлээ. Энэ талаар МАХН-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Эмчилгээ хийлгэсний дүнд амь насанд нь халгүй болсон. Тиймээс өнгөрсөн ням гарагт сэхээн амьдруулах тасгаас гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорих төвд хоригдож байсан учир эмнэлэгт байгаа ч гэсэн ар гэрийнхэн нь эргэлтээр орох боломжгүй. Эргэлтийн хуваарийнхаа дагуу орж уулзах ёстой. Одоо бол зөвхөн эмчлэгч эмч нар нь орж байгаа” гэлээ.
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн авлигын хэргээр саатуулсан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан. Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагийн орой биеийн байдал нь эрс муудсаны улмаас хорих ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Учир нь тэрбээр зүрхний цусан хангамжийн дутагдалд орсон тул яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлт гарсан байдаг.
Г.Шийлэгдамба хэрэгт холбогдсон даруйдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээн сайдын суудлаас чөлөөлөгдөх тухайгаа дурдаж, улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний оронд Шадар сайд Ц.Оюунбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL: