Л.Жамбалжав: МАХН нэр дэвшүүлсэн хүнээ байршуулж чадахгүй бол засгаас гарах хэрэгтэй
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажилласан зарим хүмүүс, хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд албан тушаалтанууд хувь хүний хувьд тийм муу өөдгүй шунахай авлигач хүмүүс байсан юм уу, үгүй. Тэд ажил амьдралынхаа төлөө тэмцэж эх орондоо чадах чинээгээрээ зүтгэж ажиллаж байсан жирийн хүмүүс. Тэдний тохироогүй албан тушаал тогтолцооны гажиг, хоосон улстөржилт алж байна шүү дээ.
-Албан тушаалын бялуу хүртэх гэлээ хэмээн зарим хүмүүс харж байх шиг байна?
-Монгол ардын хувьсгалт нам засагт ороод эрүүл мэндийн салбарт сайдаа тавихад би Н.Удвалыг дэмжсэн яагаад гэвэл тэр энэ намын төлөө эрүүл мэндийнхээ салбарт тодорхой хэмжээгээр зүтгэж, улс төрийн тэмцэл явуулж өөрийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс сайдын суудлыг авах эрхтэй байсан. Дараа нь засаг солигдож сайдын асуудал тодруулах үед МАХН-аас бодлогоор огт өөр мэргэжлийн эрүүл мэндийн салбарын ямар ч туршлагагүй зөвхөн улс төрийн ажил хийж байгаа залууг аваачиж тавьсан нь түүнийг хүнд байдалд оруулсан.
-Таныг Н.Энхбаярын хувийн эмч хийж, тэр хэрээрээ хариу шагнал хүртэх гэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан. Үнэхээр тийм санаа байсан гэж үү?
-МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар миний биеийг дэвшүүлсэн нь өнгөц талаасаа намын нөхдийн минь итгэл сэтгэл гэж хэлж байгаа ч миний бие МАХН-ын шинэчлэн байгуулагдсан үеэс эхлэн тууштай зүтгэснийхээ хувьд сайдад нэр дэвших эрхтэй гэж боддог. Түүнээс гадуур яригдаж байгаагаар намайг сайд болгоод өгөөч гэж өвдөг сөхрөн гуйж Намбарын Энхбаярын хувийн эмч хийж, сайдын суудал руу дэвших хариу шагнал авсан ч юм биш. МАХН шинээр бий болоход Нийслэлийн Хан-Уул дүүрэгт МАХН-ыг үүсгэн байгуулалцаж хэдхэн хөгшичүүл ахмад ажилтан Ира, Бавуудорж, Болд, Бадамдорж, Ганболд, Өнөржаргал, Магнайбаяр, Лхагвасүрэн, Оюунцэцэг, Ононбаяр бид үнэхээр зүтгэлийг гаргаж /бидэнтэй хамтарч зүтгэсэн олон хүний нэрийг дурьдаж болно/ хороо болгон дээр үүр байгуулж, намын байртай болгож тогтмол ажиллагаатай болгосон.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хамгаалж өдөр шөнөгүй цуглаж гудамж талбайн жагсаал цуглаанд тасралгүй оролцож тэмцлийг өрнүүлж байсан юм. Тэр ч байтугай намын дарга Н.Энхбаярыг шөнө өглөөгүүр баривчлагдахад хэдхэн хөгшчүүд түүний үүдийг хамгаалаад орцонд хаалгыг нь таглаад зогсож байхдаа хууль хүчнийхэнд шүдээ нь булга цохиулж биеэ хөх няц болтолоо дэвсүүлж шат руу шидүүлж байлаа. Тэр үед орцны гадаа цуглаж хамгаалж байсан олон арван хүнийг зайлуулан тусгай хүчнийхэн орцны хаалгыг цөм цохиод орж ирж байсан.
Нөгөө талаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд хийхэд миний мэргэжил мэдлэг ажлын туршлага гологдоогүй. Би эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил зүтгэхдээ сумын эмч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, цэргийн эмнэлгийн туслах эмчээс клиникийн захирал, улсын том эмнэлгүүдийн дарга, Эрүүл мэндийн яамны бүх газрын даргыг хийсэн. Эрүүл мэндийн найман сайдын газрын даргаар ажиллаж, Эрүүл мэндийн гол хуулиудын ажлын хэсгийг толгойлж эрх зүйн актуудыг боловсруулахад гар бие оролцсон юм, миний боловсрол ч дутаагүй. ЗХУ-ын хүн эмнэлгийн академид суралцаж докторын зэрэг хамгаалсан, АНУ-д Англи хэлний институт, эмнэлгийн тусгай курс төгсөж улмаар дэлхийн 26 оронд ард түмнийхээ буянаар курс, сургууль, семинар, дадлага сургалтыг хийсэн. Ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллах өртэй.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэргэжлийн лиценз бий болгох эмнэлгүүдэд аккердетаци хийх, мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, сувилахуй, эмнэлгийн тусламжийн чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын олон курст суралцсан. Эмч болсон цагаасаа эхлэн удирдах, зохион байгуулалтын ажлын зэрэгцээгээр өвчтөн эмчилж мэс заслын ажилаа одоо хүртэл хавсран ажиллаж байгааг та бүхэн мэднээ. Монгол улсын түүхэнд анх удаа лазерийн туяагаар мэс засал хийх, гахайны дэлүүгээр хүний цусыг цэвэршүүлэх, элэг бөөрний дутагдалыг эмчлэх, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээнүүдийг анх нэвтрүүлсэн.
Энэ болгоныг хэлдгийн учир нь миний бие Монгол Улсын Эрүүл мэндийн сайд хийхэд би гологдохгүй байх байсан гэж хэлэх байна. Миний бие эрүүл мэндийн салбарыг дэндүү сайн мэднэ. Нийслэлийн эмнэлгүүдээр ч, хөдөө орон нутгийн эмнэлгүүдээр ч байнга ажлаар явж ажил байдалтай нь танилцаж харилцаж байсны хувьд манай салбарын эмч нар намайг сайн мэднэ. Сайтуудаас харахад коммент бичилтийн 80-90 хувь нь намайг дэмжсэн байна. Гэхдээ магадгүй зарим нэгэн хэсэг бүлэг хувь хүмүүс өөрийн үзэл бодолоо илэрхийлж матаас захиа бичсэнийг үгүйсгэхгүй. Хэнд юугаа бичих нь хүний эрхийн асуудал. Надад алдаа дутагдалаа шууд хэлж шүүмжлэх нь мөн коментээр шүүмжилсэн нь надад тусалж дэмжиж шүүмжилж, байгаа нь шударга зүйл. Далдуурах үйлдэл арчаагүй явдал бөгөөд өөрсдийн алдаа дутагдал муу муухайгаа илрэх вий, албан тушаал амин эрх ашигаа алдахаас үхтэлээ айсны тэмдэг юм. Намайг татгалзсан шалтгаанд нэг, нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг улс төрийн хожоонд саад болох гээд байгаа тухай ч бодох л асуудал.
Тийм ээ, Монгол Улсын Ерөнхий сайд намайг татгалзсанд Ардчилсан намын нөхдүүд надад муу учраас Жамбалжавыг дэмжээгүй гэж ярьж байна. Үгүй. Ардчилсан намын нөхдүүд надаас татгалзаагүй. Тэд нар миний анд нөхдүүд, журмын нөхөд, Монгол Улсад ардчилал шударга ёсны төлөө хамтран тэмцсэн андууд. Хүн амьдрал тэмцлийнхээ явцад өөрийн үзэл бодол зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар ч нам улс төрийн хүчинтэй хамтарч болно. Нам солисноор миний журмын нөхөд ардчилсан намыхан өс санадаг арчаагүй хүмүүс бишээ. Ардчилсан нам туршлага сууж санал бодлоо чөлөөтэй солилцож үзэл бодол нийлсэн хүмүүсийг дуртай хүлээн авч өөр сонголт хийснийг араас нь чулуу шидэж байдаг нам биш. Миний бие ардчилсан нам, ардчилын хүнд үеүдэд тэдэнтэйгээ хамтран зүтгэж байсан.
Бүр 1989 оны түүх ярья. 1989 оны аравдугаар сард ээлжит цэрэг татлагаар С.Зоригийг цэрэгт татаад байлаа. Энэ үед манай гэр бүлийн хүний багш н.Доржпалам багш утасдаж, тэр хүн цэрэг татлагад орчихлоо. Хараа муутай, хэцүү, бие нь бас сайн биш, дээр нь МУИС-ийн аспирант хүн, ШУ-ны коммунизмаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүн. Тиймээс анхаарч үзээч комисс авч үзэх болов уу гэж ярьсан. Би тэр даруйд нь госпиталаас хэрэг гаргаад комисс дээр очиж уулзсан. Энэ үед С.Зориг над дээр ирэхэд нь би “За комисст ор, цэрэгт ч эрдэмтэн болж болно. Цэрэгт эрдэмтэн чадалтай хүн хэрэгтэй. Эрүүл мэндийг чинь харна” гээд комисст оруулсан. 10 гаруй эмч үзээд цэргийн албанд тэнцэхгүй юм байна гэж үзээд чөлөөлөгдсөн. Гараад ирэхээр нь “За миний дүү цэргийн албанд тэнцэхгүй юм байна. Ард түмний төлөө өөр ажил хий дээ” гэж хэлсэн. Би тэр үед хувьсгал эхлүүлэх гэж байгаа юм байна гэж мэдээгүй. Гэтэл тухайн жилийн аравдугаар сард Монголын Ардчилсан холбоог байгуулаад гараад ирсэн. Тэр хүнийг цэрэгт татаад оруулаад болно, болно гээд муйхарлаад оруулсан бол ямар байх байсан юм. Монгол Улсад ардчилал хөгжхөд би хувь нэмрээ оруулсан гэж боддог. Ардчилсан хувьсгалын удирдагчийг би ингэж хугацаат цэргийн албанаас чөлөөлүүлж байсан. Үүний дараагаар намайг цэргийн прокурор дуудаж. “Та яагаад С.Зоригийг халсан. Та арын хаалгаар халсан байна” намайг гурван удаа дуудаж байцаасан юм шүү дээ. Хэрэв ардчилсан хувьсгал ялагдсан бол би ямар байдалд орох байв. Тиймээ би үүгээрээ сэтгэлдээ бахархаж явдаг.
1990 онд би УИХ-д Шар хадны тойрогт нэр дэвшиж явсан. Энэ тойрогт одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хийж байгаа Г.Ганболд гарсан. Менежерээр нь С.Баярцогт явж байсан. Тэд МАХН-ын өмнөөс гарч байсан. Би бол ардчилсан хүчний өмнөөс явж байсан. Мөн 2004 онд С.Ламбаагийн талд тойрогт ажилласан. Би С.Ламбааг дэмжиж гаргаж чадсан. Би ЭМ-ийн сайдад нэр дэвшихэд нь салбарынхаа мэдээллээр хангаж байлаа. Мөн С.Эрдэнэ БГД-ийн 25 дугаар тойрогт нэр дэвшихэд бас л зүтгэж гаргаж ирсэн. Сонгуулийн тойрог дээр 11 хүн байхад би түүний талд байсан. МАХН-аас яаж ч бодсон таван хүн гар өргөнө. Эрдэнийн талд зургаан хүн гар өргөнө. Хаашаа ч байхгүй байгаа биз дээ. Надад нөгөө талаас та татгалз, наад хүний төлөө санал өгөхгүй байгаач, мөнгө өгье, албан тушаал өгье гэж байсан. Би үзэл бодлоо худалдахгүй гээд С.Эрдэнийг гаргасан. С.Эрдэнэ түүнээс хойш УИХ-д хоёр ч удаа гарлаа, сайд хийгээд амжилттай явж байна.
-Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Өмнөх сайд нь авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдсон учир олон нийт МАХН-аас сайд гарна гэдэгт сөрөг хандлагаар хандаж байж болзошгүй юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Энэ бол харамсалтай явдал. Би Г.Шийлэгдамба биш болохоор тэр хүнийг яаж ажилласан ямар хүнтэй холбогдож байсан юм, ямар хүнээс зөвлөгөө авч байсан, хэний дэмжлэгийг авч байсан юм. Ямар зарчимаар ажиллаж байсныг мэдэхгүй. Түүний үнэн зөвийг хуулийн байгууллага нь үнэ зөвийг нь олоод тодруулах байх. Мэдээж Г.Шийлэгдамба сайд бол МУ-ын Засгийн газрыг нэрийг балиартуулах, МАХН-ын нэрийг сүйтгэхийн төлөө яваагүй. Г.Шийлэгдамба хувийн хөрөнгөө баяжуулах сэтгэлээр ажиллаагүй гэж бодож байна. Би Г.Шийлэгдамбыг сайн залуу, сайн хүн, нөхөрсөг дажгүй хүн гэж үнэлдэг. Харин ажил төрөл салбарын асуудлаар бид өөрсдийгөө магтаж өрөөлийг муулах нь яавч зөв биш бусдын сайн сайхныг магтаж өөрсдийн дутагдал сул талаа илрүүлж зоригтой шүүмжилж засах нь нам хүчтэй байхын илэрхийлэл. МАН-ынхан засагт орсон үед албан тушаалд хүмүүсээ зоригтой байршуулж, хариуцлагыг хатуу тооцож зориг зүрхтэй ажиллаж байснаар намын гишүүд, ард иргэдэд ч талархалтай хүлээж авч байсан. Тиймээс МАХН-д шударга шүүмжлэл байх ёстой бөгөөд ганц нэг удирдах хүмүүстэй холбогдож байгаа алдаа дутагдлаа намыг тэр чигээр нь бохирдуулж бодох бол утгагүй асуудал. Энэ чинь аль ч намд сайн муу сайхан муухай байдаг. МАХН-аас гарсан хоёр сайд муу байна. Гурав дахь нь муу байна гэж хэн ярьж байна. Хэн үүнийг урьдчилж мэдэх юм бэ. Би үүнийг тийм биш, би Эрүүл мэндийн салбарынхаа сайдыг хийж чадна гэдгийг олон түмэндээ зарлаж хэллээ шүү дээ. Энэ бол үнэхээр чадаж байгаа юманд арга байхгүй. Сэтгэлд багтаж байгаа учраас ард түмэндээ хэлсэн.
-МАХН-аас Эрүүл мэндийн сайд томилогдох квоттой. Тэгэхээр таныг биш юм аа гэхэд өөр хүнийг дахин нэр дэвшүүлэх асуудал яригдаж байна уу?
-Мэдэхгүй. МАХН миний хүсэлтийг хүлээн авч миний салбарын эрдэмтдийн хүсэлтийг хүлээн авч намайг л дэвшүүлсэн. Хэнийг дэвшүүлэхийг надтай ярьдаг ч үгүй, яриа ч үгүй, ярих ч үгүй байх. Тэр бол намынхны асуудал. Хэрэв нам намайг гаргасан бол гаргасан чигээрээ гаргаад, тайлбараа хэлээд нөгөө намтайгаа ярилцаад зөвшилцөөд явах л ёстой. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм. Тэгээд зохицуулаад хийх л байх гэж бодсон. Би Н.Энхбаяр дарга аа та яриач, хэлээч, юу нь болохгүй байна. Ямар хэрэг хийсэн юм. Монгол Улсын сайд хийж болохгүй асуудал байгаа бол тайлбарлаад өгөөч би мэдмээр байна. Энэ нь цаашид ажиллахад хэрэг болно. Намайг дэмжээрэй гэсэн. Шаардвал шаардах л байх. Эрх нь байгаа байх. МАХН яаж шийдэх нь намын л асуудал. Тэр хүмүүс хүсэлгүй учраас гэж байна, хэн мэдлээ. Ямар ч байсан хүсэлтэй ч бай, хүсэлгүй ч бай нэгэнт тодорхойлсон байна. Тодорхойлсон хүнийхээ төлөө яваач гэж би намын даргатай хоёр ч удаа уулзаж хэлсэн. МАХН засагт хамтран оролцож гэрээ хийгээд бодлогоор дэвшүүлсэн хүнээ албан тушаалд нь тавиулж чадахгүй юм бол ямар эрх тэгш шударга ёс байх юм. Бурантагтай тэмээ шиг бусдаар заалгаад боловсон хүчнээ байршуулахдаа хамтрагч намынхаа сэтгэлд нийцүүлж явах болж байна уу. Эрх тэгш байхгүй юм бол шударга ёсыг баримталдаг гэж тунхагладаг МАХН засгаас гарах хэрэгтэй. Ер нь МАХН-д шинэчлэл хэрэгтэй болж байгааг намын гишүүд олон удаа яриж шаардаж байгаа. МАХН-ыг дагасан олон залуучууд ажил албатай залгаж чадаагүй. МАХН 2012 оны сонгуульд оролцож засгийн эрхэнд орсоноор цөөнгүй сайд албан тушаалтангуудыг бий болгосон ч харамсалтай нь тэд ах дүү амраг саднаа ажилтай болгож намын жирийн гишүүдийг ажилд томилоогүйг хүн болгон ярьж байгаа шүү дээ.
Өнөөдөр МАХН-аас намын гишүүдээ ахмад настай тэтгэврийн гэж голох нь бас юу билээ. Тэгж ярьвал МАХН-ыг шинээр үүсгэн байгуулахад намын олонхийг бүрдүүлж байгаа масс нь ахмадууд гэдгийг мартаж болохгүй юм. Тэд юуны төлөө тэмцсэн нь утга учиртай юм шүү.
Т.Давааням
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЖАМБАЛЖАВ ҮНЭН Л ЯРТСАН БАЙНА.БИ ХУД ИЙН МАХН ГИШҮҮН ХҮНИЙ ХУВЬД ЖАМБАЛЖАВЫГ ДЭМЖИЖ БАЙНА.