Эх дэлхийн миссийн эгэл төрх
“Эх дэлхийн мисс-2015” наадмын шилдгүүд тодорч, манай улсын төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 16-д багтсан амжилтыг үзүүлсэн билээ. Харин “Эх дэлхийн мисс”-ийн титмийг Филиппиний мисс дахин хүртэв. Тодруулбал, “Эх дэлхийн мисс 2014” наадмын шилдгээр Филиппиний мисс Жэйми Херрел өнгөрөгч онд шалгарч байсан бол энэ жилийн тэргүүн миссийн титмийг ч мөн л Филиппиний 2015 оны мисс Анжелиа Онг хүртлээ. Ингээд уншигчиддаа Эх дэлхийн миссийн талаар товчхон танилцуулж байна.
Анжелиа Габрена Онг 1990 оны долдугаар сарын 27-нд төржээ. Эдүгээ тэрбээр 25 настай бөгөөд 2012 онд Илойло хотоос нийслэл Манила хотноо их сургуульд суралцахаар нүүж ирсэн байна. Онг Сайнт Бенилдегийн Де Ла Саллегийн коллежид Маркетингийн менежерийн чиглэлээр суралцдаг аж. Түүнчлэн хичээлийнхээ хажуугаар маркетигийн фирмд зөвлөхөөр цагийн ажил хийдэг байна. Тэрбээр өөрийн ялалтаа ээждээ зориулахыг хүсч буй тухайгаа орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагатаа дурьджээ. Учир нь бүсгүй аавгүй өссөн байна. Түүнийг дүүгийнх нь хамт ээж нь ганцаараа өсгөсөн болохоор ч тэр үү Анжелиа Онгийн хувьд ээж нь хорвоогийн хамгийн хүчтэй эмэгтэйчүүдийн төгс жишээ аж.
Охиноо хамгийн их дэмжиж, хамгийн их урмын үг хайрлаж, хажууд нь үргэлж байдаг хүн бол түүний ээж хэмээн Эх дэлхийн мисс-2015 наадмын ялагч нэгэнтээ тодорхойлсон байна.
Тэрбээр багадаа ямар хүүхэд байсан тухайгаа нэгэн сэтгүүлд “Би багадаа нэлээд нийтэч, бусад хүүхдүүдтэй нөхөрсөг харилцдаг хүүхэд байсан. Ичимхий бүрэг зан надад байгаагүй. Харин ч, хичээлээс гадуурх ажилд идэвхитэй оролцдог хөдөлгөөнтэй хүүхэд байж билээ” хэмээн ярьсан байна.
Харин ямар эмэгтэй байхыг хүсдэг талаархи асуултад “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг ч гэсэн хайрлаж чаддаг тийм эмэгтэй байхыг хүсдэг. Мөн өөрөө хүчирхэг байж, өөр шигээ хүчирхэг эртэй гэрлэж, хүчирхэг гэр бүлийг бий болгохыг үргэлж хүсдэг дээ. Өөрийн дуртай бүхнээ хийж, гэр бүлийнхээ хэрэгцээг бүрэн хангах чадвартай санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг ч бас хүсч байна. Эцэст нь хэлэхэд, би ялангуяа ээжийнхээ дүү бид хоёрын төлөө хийсэн бүхнийх нь ачийг хариулж, бурхны хамгийн сайн охин болохыг хүсч байна. Үүний төлөө би бүхнийг хийнэ” хэмээн хариулсан байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: