Хонины махны үнэ хуушуурынхтай тэнцлээ
Өглөө эрт нийслэлийн худалдааны төв, дэлгүүрийн наймаачид голдуу худалдаа хийж байна. “Булганы Могодын сайхан адууны мах байна”, “Хэнтийн Биндэрийн тарга сайтай хонь шүү. Хэдийг авах юм. Олноор авбал ярина”, “Архангайн Цэнхэрийн үхэр заръя” гэсэн ченжүүд машиныхаа дэргэд хоёр, гурваараа эргэлдэж, нэг хэсэг нь тэргэн дээр хонь ямааны гулууз, үхэр, адууны өрөөл махыг овоолчихсон хаа нэг тийш “Зам тавь, зам тавь” хэмээн орлилдон зөрнө. Захын ченжүүдээс махны үнийг сонирхлоо. Хонь кг нь 2800, адуу ч ялгаагүй 2800 төгрөг, ямаа олноор авбал 1700, үхэр нэг кг нь 3800 төгрөг гэж байна. Худалдаанд үхэр, хонины мах дийлэнх. Ямаа, адууны мах арай татуу ирдэг бололтой. Тэмээний мах бүр зарагддаггүй гэх. Гэтэл Булганы Могодоос ирсэн гэсэн ченж портерын чиргүүл дээрх ганц тэмээний махаа зааж нэг кг-ийг нь 2000 төгрөгөөр өгнө гэлээ. Гэхдээ энэ ханшууд өдөр бүр өөр гэнэ. 100-200 төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг юм байна. Наймаа хэр байгааг ченжүүдээс асуулаа. “Худалдан авагч эрс цөөрсөн. Бараг алдагдалтай наймаа хийж байна. Хөдөөнөөс ачаад ирсэн зардлаа арай ядан барьж авч байна” гэсэн аястай тайлбарыг хэлэх юм. Тэднээс мах худалдаж авч байгаа жижиглэнгийн наймаачид ч ийм үгээр ам таглалаа. “Хямрал болоод худалдаа эрс муудсан. Хоёр хоногтоо эргэдэг байснаа долоо хонож байж махаа татаж байна. Анхны үнэ дээрээ 200-400 төгрөг нэмдэг болохоор гавьсан ашиг хардаггүй” хэмээн СХД-т худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг С.Эрдэнэ хэллээ. Тэднээс гадна Дэнжийн мянгын өөрсдийнх нь жижиглэнгийн худалдаачид ч ченжүүдээс, үнэ буулгахыг гуйж зогсоо харагдав.
“Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна”
Ченжүүдийг малчдын гар дээрээс хэдэн төгрөгөөр махаа авдгийг асуухад “Бид өөрсдөө малчид. Хотныхоо хэдийг хагалаад авчирч зарж байна” гээд өөрийг хэлэх шинжгүй. Хүчит шонхор захад ченжүүд л зогсдог юм байна. Малчид хотноосоо, эсвэл Эмээлт дээрээс худалдаагаа хийгээд буцдаг ажээ. Цөөн тооны малчин л зах дээр худалдаа хийдэг бололтой. Шуудай зардаг эмэгтэй “Малчин ченж хоёр ялгардаггүй. Олонх нь ченжүүд байгаа” хэмээв Булганы Могодоос ирсэн малчин залуу н.Болдтой уулзлаа. “Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна. Зээл, оюутны сурагчдын төлбөрөөс эхлээд ахуйн хэрэглээний мөнгө ч хүрэлцэхэд бэрх болж байна. Ченжүүд малчдаас авсан махан дээрээ 500-1000 төгрөг нэмж зардаг. Адууны гэдэс өнгөрсөн жил 30 мянгатай байсан бол одоо 18-20 мянгаар авч байна. Бидний бүтэн жилийн хөдөлмөр, идэш тэжээл гээд багагүй зардалтай малын махны үнэ ингэж унах ч гэж дээ” гэж халагласаар одов. Түүний ярьснаар бол ченжүүд малчдаас ямааны махыг нэг кг нь 800-1000, адууных 1800-2300, үхрийн махыг 2800 төгрөгөөр авдаг болж таарах нь. Хонины мах ч адил 1800-2300 төгрөгөөр авч байгаа гэсэн үг. Гулуузаар бодвол ямааных 20 гаруй мянган төгрөг, хониных 30 гаруй мянган төгрөг болж байна.
Махны үнэ тэнгэрээс огцом газардаад зогсохгүй малчдын нуруун дээрх ачаалал нэмэгдсээр байгааг тэд хэлж байсан юм. Тэр нь малын тэжээлийн үнэ. Бид тэжээлийн бөөний цэг “Энхжин” төвийг бас зорьсон юм. Баруун аймгууд руу явах замд буюу хуучнаар 22-ийн товчооноос наана байдаг “Энхжин” төв “Нарантуул” худалдааны төвөөс илүү олон үйлчлүүлэгчтэй гэнэ. Учир нь Увс, Ховд, Говь-Алтай, Төв зэрэг аймгаас гадна Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийнхан малын хүчит, тэжээл, овъёос хивгээ эндээс ирж авдаг гэдгийг худалдаачид хэллээ. Тус худалдааны төвөөс зам дагуу үргэлжлэх 5-6 агуулахаар ороход хивэг, тэжээл, будааны үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал, хивэг 25 кг нь 8500, орос овъёос 35 кг нь 19 мянга, тэжээлийн будаа 40 кг нь 24 мянган, хүчит тэжээл 40 кг нь 24 мянган төгрөгийн үнэтэй байхад зарим цэг дээр 1000-3000 төгрөгийн илүү үнэтэй байх аж. Хивэгний тухайд Алтантариа, Улаанбаатар үйлдвэрийнх гэдгээрээ 1000-1500 төгрөгийн ялгаатай. Оросоос оруулж ирдэг овъёос 40 кг нь 19 мянган төгрөг, Монголынх нь арай хямд байх юм. Хүчит тэжээлийг рапсын шахдсаар хийж өвөл, хавар цариг муу авсан малд өгдөг бусад тэжээлээс чанартай учраас илүү үнэтэй байдаг. Тэр хэрээрээ малчид ч их хэмжээгээр худалдаж авдаг юм байна.
Нэг гулууз хонины махаар нэг шуудай овьёос авч байна.
Бид “Энхжин” худалдааны төвд таван жил малын тэжээлийн наймаа хийж байгаа Д.Очирбаттай уулзсан юм. Тэрээр “Энэ жил тэжээлийн үнэ хямдарсан. Хивэг 1000, овъёос 10 мянган төгрөгөөр хямдарсан. Өнгөрсөн зун овъёос 35 кг нь 35 мянган төгрөг байсан бол энэ жил 19 мянган төгрөг болсон. Нэгдүгээрт, эдийн засаг хямарсан, хоёрдугаарт Оросоос оруулж ирж байгаа үнэ нь боломжийн байна. Хивэгний хувьд Улаанбаатарын хивгийг үйлдвэрээс нь 7500 төгрөгөөр авч тээврийн хөлснөөс гадна 500 төгрөг нэмж зарж байна. Тэгэхээр хивэг кг нь 350 төгрөг байна гэсэн үг. Энэ жил өмнөх жилүүдийнхийг бодвол борлуулалт сайн байна. Өдөрт хамгийн багадаа 500 мянгаас нэг сая төгрөгийн тэжээл зардаг. Хүмүүс хямд зардаг газраасаа авдаг учраас баруун аймгуудаас гадна Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийнхан ирдэг. Ойрын аймгийнхан хэдэн шуудайгаар нь, холынхон нь 5-10 тонноор нь ачаад явдаг” гэсэн юм. Мөн малын мах өгөөд тэжээл авъя гэсэн хүмүүс ч их ирж байгааг худалдаачид хэлж байсан юм.
Энэ үеэр портер машинд хивэг, овъёос ачиж байсан Говь-Алтай аймгийн малчин С.Бэхбаатартай уулзахад “Энэ жил бичин жилийн зуд болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж бас малчид ч ярьж байна. Тиймээс хотод ирэх далимаараа малын тэжээлээ авч байна. Аймгийнхаас арай хямд учраас хамаатан садан, таньж мэддэг хүмүүсийнхээ захиасыг давхар биелүүлж явна. Цаг сайхан өвс ногоо элбэг бол малчид хэдэн төгрөгөө тэжээлд өгөхгүй. Энэ жил банкууд зээл өгөхгүй, түүхий эд үнэд хүрэхгүй байгаа учраас бүх мөнгөө л тэжээлд өгч байна” гэсэн юм. Одоогийн ханшаар бол нэг гулууз хонины махаар нэг шуудай овъёос л авч таарах нь. Гэтэл цаана нь хивэг, тэжээл, өвс гээд малчдаас гарах зардал мундахгүй.
Онигоо ч гэмээр, үнэн ч гэмээр явган яриа гарсан байна лээ. Мах хямдраад байхад хуушуур яагаад хямдрахгүй байна вэ гэж. Гэтэл малчны хотноос хониных нь махыг “хямдардаггүй” хуушуурны үнээр зарагдсаар, малчид цаана чинь “уйлж” байна.
Б.Заяа, С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
neeree unen unen 1kg yamaanii mah 2 shirheg huushuurnii untei .