Сонгуулийн хуулийг өөрчлөх сонирхол энэ парламентад алга

Тойрог, мандатын тоо, хар машины асуудлыг цэгцэлчихвэл Сонгуулийн хууль батлагдахад амархан байгаа. Гэвч хуулийн амин сүнс болсон дээрх асуудалд парламентад суудалтай намууд санал нийлээгүй байна.

Тэд эдгээр асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан ч нэг ч удаа хуралдаагүй. Одоогоор Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын санаачлан боловсруулан гурван өөр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар ажилд нь ахиц гараагүй байна.

Мөн энэ ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулан өнгөрсөн долоо хоногт байгуулсан юм.

УИХ-д суудалтай намууд Сонгуулийн хуулийн гол хэсэг болсон тойрог, мандатын тоо хэд байх, сонгуулийн дүнг хар машинаар эсвэл гараар тоолох уу гэдэгт хол зөрүүтэй байр суурьтай байгаа юм.

Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг өөрчлөх ёстой. Сонгууль тухайн жилийн зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэгэн ажлын өдөр болдог. Одоогийн мөрдөж байгаа хуульд ч, шинэ төсөлд ч энэ заалт хэвээр байна. Тэгвэл шинэ хуулиа энэ сарын 27-ноос өмнө батлах ёстой. Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр болох юм байна. Харин том ажлын хэсэг нь нөгөөдөр хуралдана. Цаана нь хууль батлах хоёрхон долоо хоногийн хугацаа үлдэж байгаа. Гишүүд ашиг сонирхолд нийцсэн зүйлээ батлахад ганцхан долоо хоног хангалттай. Гэхдээ Сонгуулийн хууль дээр ижил байр суурьгүй байгаа учраас батлагдах найдвар үгүй байна.

Тэгээд ч одоогийн мөрдөж буй хуулийг өөрчлөх хүсэл сонирхол аль ч намд алга. Хэрэв шинэ хууль батална гэвэл одоогийн болон түүнийг дагалдсан найман хуулийг хүчингүй болгох юм билээ. Ийм цаг хугацааны боломж байхгүйг нэг төслийг нь санаачилсан гишүүн Су.Батболд хэлсэн. Энэ нь үнэний ортой. Харин гол гурван зүйл дээр тохироод өөрчилвөл боломжтой гэдгийг УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа. Гол нь сөрөг хүчний гишүүдгүйгээр хуулийг батлах боломжгүй юм.

МАН-аас хар маши­наар тоолсон саналын дүнг гараар хяналтын тооллого хийж баталгаажуулах, сонгуулийн мажоритар системийг нэг тойрогт нэг мандат болгох саналыг тавиад байна. Тэд нэг мандатыг нэг тойрогт гэсэн зарчмыг байнга ярьж байгаа. Энэ заалт тус намд туйлын хамаатай. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулиудаар МАН-ын гишүүд нэг тойрог дээр хоорондоо өрсөлдөж, нэгийгээ татаж унагадаг тохиолдол олон гарсан.

Харин намын жагсаалтыг гаргахдаа Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хувааж, 28 хүний нэрийг  жагсаан сонгуулах хувилбарыг дэвшүүлэх,  тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийг болиулж, 70 хувьд улс төрийн намын төлөөлөл оруулах саналыг тавьж байна. Өмнөх сонгуулиар хэсгийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлж байсан юм.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тухайд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн нам, эвслээс гаргасан жагсаалтад эрэмбэлж хуульчлахаар төсөлд тусгасан. Мөн сонгуулийн дүнг санал тоолох хар машинаар хийх нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон дүн эцсийнх байхаар хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах, сонгуулийн сурталчилгаа 43 хоног байх, тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

Харин Р.Бурмаа нарын төсөлд 28:48 гэсэн одоогийн хувилбар хэвээр байна. Хар машинаар саналын хуудсыг тоолох бөгөөд тэр нь эцсийн дүн байх аж.

Сонгуулийн тогтол­цоо­­ны хувьд гурван төсөлд холимог тогтолцоог тус­га­сан. Холимог тог­тол­цоонд намууд са­нал нийлж байгаа ч на­мын жагсаалтаар нэр дэвшигчийн тоо, тойрог, мандатын тооны тухайд харилцан адилгүй саналтай байна.

Эцэст нь одоогийн 76 гишүүн өөрсдийгөө бодсон шийдвэр гаргах нь мэдээж. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам хамгийн олон суудал авсан учир намын жагсаалтыг өөрчлөхгүй байхыг хичээж буй. Мөн одоогийн хуулиар жагсаалтад нэр дэвшсэн эрхэм дахиж нэр дэвшиж болохгүй гэж хориглосон зүйл байхгүй. Одоогийн хууль нь 76 гишүүнд ээлтэй учраас шинэ хууль батлахыг хүсэхгүй байгаа юм.

М.Ган

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих