Сэтгэлийн өр
Зарим хүмүүст хэзээ өр тавьснаа санадаггүй ч сэтгэлийн мухарт нэг зүйл хоосроод л байдаг даа. Магадгүй энэ насны биш хэдэн төрлийн өмнөх явдал байхыг таашгүй. Шалтгаан хаана үүсч хаана төгсөхийг мэдэхгүй учраас сэтгэлд нэг тийм ЗАЙ яваад байдаг биз. Тэр сэтгэлд оршигч ЗАЙ хэзээ дүүрч цайрахыг хэлэх аргагүй. Цайрч дүүрэлгүй дараагийн цаг хугацаанд өвлөгдөж ч болох юм. Гэтэл миний хэзээ аль төрөлдөө тавьсан юм, бүү мэд. Тийм СЭТГЭЛИЙН ӨР-ЗАЙ арай л их санагдах болов.
Олон хүнд тийм сэтгэлийн өртэй амьдрах сайхан ч юм шиг эсвэл хийсэн ҮЙЛИЙН ҮР ч юм шиг санагдана. Сэтгэл зүрхтэй, тэр нь гал халуунаар цохилдог бол хүн бүхэнд хэзээ тавьсан нь мэдэхгүй СЭТГЭЛИЙН ӨР буй гэдэгт би итгэдэг.
Үүнийг үл үгүүлэхийн учир…
Зарим хүмүүс Б.Ринчен гуайг “БИЛГҮҮН НОМЧ” гэж өргөмжлөх нь бий. Үнэхээр билгүүнтэй хүн байсныг монгол даяараа төдийгүй соёлт хүн төрөлхтөн зах зухаасаа мэднэ. ХХ зууны хорвоод түүн шиг дуулиантай, нэр суутай, хэл амтай амьдарсан нь даанч цөөхөн. Ёстой л “мундахгүй эрдмийг сурахад нас даанч богино, мунхагуудын дунд суухад нас даанч урт” гэдэг чухал мэргэн үгээ аргагүй арга барагдахдаа хэлсэн байх гэж би санадаг юм.
Бас “Би цэцэрлэг бүлгээ. Цэцэглэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүсийн нүднээ үл үзэгдэх арвис илбийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд ээлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа, би” хэмээн уужран саруулсахдаа хэлсэн буй заа. Тэрхүү цэцэрлэгт саатан суугч олны сэтгэлд ганц л зүйлийн эр омог оволзон хөдөлдөг гэдэгт би итгэдэг.
Үүнийг үл үгүүлэхийн учир…
Зарим хүмүүс Б.Ринчен гуайг “ЦОГТ ТАЙЖ” гэдэг кино зохиол бичсэнийг мартчихжээ. Монгол кино урлаг ёстой “нялх” үедээ байлаа. Одоо ч нэг их өсч томроод олигтой болсон юм алга. Үндэсний кино урлагийн 11 дэх бүтээл, 152 минут үргэлжлэх, 2 ангит, түүхэнд гавьяа алдартай хүмүүний амьдрал тэмцлийг харуулжээ. Дэлхийн дайны утаа Монголчуудын дээлний нугалаанаас арилаагүй 1945 он. Б.Ринченг гуайг маршал дуудаад үүрэг өгсөн гэх.
-“За, нөхөр Ринчен бидэнд ард олны эх оронч үзэл, бахдал цэнгэлийг төрүүлэх КИНО хэрэгтэй байна. Чи сайн бод. Чингис, Батын тухай киног ХОЙНООС зөвшөөрөхгүй. Тиймээс чи сайн бод” гэсэн гэдэг. Энэ үгийг би бээр ач хүүгийнх нь амнаас саявтархан сонссон бөлгөө. Мэдээж ухаантай хүн удаан бодсонгүй. Өөрийн дээд өвөг Цогт тайжийн тухай КИНО хийх санаагаа маршалд шууд хэлжээ. Маршалын санаанд олон талаараа нийцсэн гэнэ. Яруу найрагч, эх оронч, тэмцэгч болж байна. За, нөхөр Ринчен зохиолоо бич л гэж дээ. Харин Цогт тайж удмын хүн гэдгээ Ринчен гуай эмэг эхээсээ дуулж мэдсэн гэдэг.
Саяхан нэг зохиолчийн хэвлэлд өгсөн ярилцлагаас “Халхын хилийн орчмын сул газраар нутаглаж буриадуудтай холилдон байсаар сүүлдээ халх буриад нь ялгагдахаа болихгүй юу. Ринчен гуайн дээд өвөг нь мөнөөх Охин тайжийн угсааны, еншөөв овгийнхон байж. Сэлэнгийн Бул Сарай гэдэг газар 1905 онд буриад Бямбаевынд төрсөн боловч өөрийгөө би буриад биш еншөөв гэдгийн учир энэ.”/ Х.Зандраабайдий: Ринчен гуай халхын Цогт Хунтайжийн удмын хүн байжээ” www. zaluu.com/ гэсэн хэсгийг уншсан бол мэдэж авсан биз.
Үүнийг үл үгүүлэхийн учир…
Зарим хүмүүс сүрхий гярхай юм. Орос-Зөвлөлтийн кино урлагт хүчээ авч байсан цэрэг-эх орны сэдэвтэй түүхэн кинонуудын нөлөө ч туссан байх үндэстэй. Судлаач М.Саруул-Эрдэнэ “Түүх-үзэл суртал-кино / Александр Невский, Цогт тайж хоёр/ нийтлэлдээ “Дэлхийн дайны үед зохиогдсоноороо энэ хоёр киног бүтээх цаад үзэл суртлын суурь нь ижил байсан юм./www.saruul.niitlelch. mn/ гэж тэмдэглэсэн нь зөвхөн дайны цаг үед бүтээгдсэнээрээ ч биш кино илэрхийллийн олон талаараа төст чанарууд байна. Нөгөө талдаа найруулагч Ю.В.Тарич /1885-1967/-ийн бие даасан найруулгаар бүтсэн кино юу? эсвэл монгол талын найруулагч Бадрахын Гомбын тодорхой оролцоотойгоор бүтсэн бүтээл үү? гэсэн эргэлзээтэй асуултууд ч урган гарч байна. Найруулагч Б.Гомбын охин Г.Заяад хадгалагдаж байгаа “Цогт тайж” киноны найруулагчийн зохиолын эхийг ажиглавал энэхүү киног бүтэхэд найруулагч Б.Гомбо гэдэг хүний үүрэг их байсан бололтой. Судлаач Ч.Болд “Цогт тайжийн монгол найруулагч” /Өнөөдөр сонин, 2015,07, 22, №34/ өгүүлэлдээ “ Гомбо гуай Герман, Орос хэлийг сайн мэддэгээс гадна маш сайхан зурдаг хүн байж билээ. Гомбо гуай кино найруулагчийн төлөвлөгөө хийхээс эхлэн киноны бэлтгэл ажлыг голлон гүйцэтгэсэн хүн” гэж бичсэн нь учиртай.
Үүнийг үл үгүүлэхийн учир…
Б.Ринчен абугайн “үгсийн цэцэрлэгт “ 152 минут үргэлжлэх 2 ангит бүрэн хэмжээний “Цогт тайж” киноны эх байна. Тэр зохиолоор бүтээгдсэн киног харин 2015 онд Франц улсын “СNC“ кино сэргээх төвд сэргээн завсарлажээ. Ялимгүй гүн нэвтэрвэл ЭХ ЗОХИОЛ-КИНО ЗОХИОЛ хоёрт овоо хэдэн ЯЛГАА бий.
ЯЛГАА -1
“Цогт тайж” кино тууж | “Цогт тайж” кино |
Цогт морийг хөдөлгөн явна. Тэр хүүхэдтэй эхийн дэргэд олны хамт зогсож байгаа нэг эмгэн,
Улсболд гэж сайхан нэр байна даа гэж их л баярлан, Цогтын хойноос сүүгээр цацаж, Хун тайжийн нас нь урт, жаргал нь удаан болог гэж өргөнө. Нэг өндөр өвгөн арваад насны хүүхдийг хөтөлж, Цогтын өмнө хүрч ирэв. Цогт дахин морийг зогсоов… …Цогт тайжийн бүснээс зүүсэн эрдэний чулуун шигтгээтэй сайхан хутгыг ихэд бахдан ширтэнэ. Цогт түүнийг мэдээд хэт хутгаа авч тэр хүүд, Май, олны төлөө зүтгэхдээ энэ хутганы ган төмөр шиг хатан зоригтой эр болтугай гэж хутгыг өгөв. /Б.Ринчеи” Цогт тайж” МУЗД-27, 1997. 131/ |
Кадр. Цастай уулс, модод. Моддын захад гэр майхан харагдана. Цогт тайж олны дунд алаг морь унасан явна. Тойрон цугласан цэргүүд, эгэл ардууд түүнийг гараараа даллан байна. Цогт тайж мориныхоо амыг татан зогсоно. Түүнийг цэргүүд, эгэл ардууд тойрон зогсоно. Нэгэн хүүхэн бага насны хүүг тэвэрчээ. Цогт ташуурын гоёмсог цацгаар хүүг эрхлүүлэн байна.
Хүүхэн:- Хунтайж минь, хүүд минь нэр хайрлаач. Цогт: – Төмөр… Төмөр Цогт морио хөдөлгөн цааш явна. Хүүхэн эргэн хараад олонд хандаж, -Төмөр… Төмөр Кадр. Эмгэн хүү хоёр. Ихэд хүндлэнгүй байдалтай.. Эмгэн :- Харав уу, манай Цогт тайж ард бидэн шигээ алаг морь унасан байна. /”Цогт тайж”/1945/ Монтажны зохиол 2 -р анги, 3-р бүлэг/
|
Ялгааг сайтар ажиглавал туужийн нэг хэсэг хасагдаж, кинонд нилээд өөрөөр дүрслэгдсэн байна. Цогт тайж хүүхний хүүхдэд “-Хүүдээ олны төлөө зүтгэдэг Улсболд гэж нэр өг гэв. /Б.Ринчеи” Цогт тайж” МУЗД-27, 1997. 131/ гэдэг бол “Цогт тайж”/1945/ кинонд Төмөр хэмээх нэр өгч байгааг үзүүлжээ. Яагаад хүүд өгөхөөр шийдсэн хамаагүй ЯЗГУУРТАН нэр ТӨМӨР болж хувирав. Бодох л бодол. Цогт тайжийн хүүд хэт хутга бэлэглэдэг хэсэг нэгмөр хасагдсан байна. Лигдэн хааны Цогтод илгээдэг эрдэний илд, Цогт тайж өнчин хүүд бэлэглэдэг эрдэний хутга нь эх орон тусгаар тогтнолын үйл хэрэг хэзээд үл тасарна гэснийг давхар билигдэн харуулсан шинжтэй. Гэтэл тэрхүү холбоотой байж болох илд, хутга хоёрын цаад билигдэл утгыг кинонд гүйцэд харуулсангүй. Өөр нэг ЯЛГАА буй.
ЯЛГАА-2
“Цогт тайж” кино тууж | “Цогт тайж” кино |
Хар гэж Арслангийн мөрнөөс бариад, нэг балгаж, аягатай архийг ширээн дээр тавиад, Арслангийн өөдөөс уруулаа тосно. Арслан анх итгэлгүй бүлтийн харж байснаа хоёр гараараа мөрнөөс нь бариад өөр тийшээ болгон, уруулыг нь шимэн наалдана. Тэр хүүхэн ойртсоноор залуу эрийн хүслийн гал бадраад ухасхийн татаж, гүнжийг олбог дээр хэвтүүлнэ. Гүнж мултрах гэж нүүрээ үрчийлгэн, хоёул ач тач ноцолдоно. Гэнэт гүнж тачаангуйн гал бадарсан тэр залуу хүүгийн гараас могой шиг суга үсрэн гарна. /Б.Ринчеи” Цогт тайж” МУЗД-27, 1997. 127/ | Кадр. Арслан уурлан, нүүрээ харж буруу харна.
Дулмаа- Oо ёо, ёо, яасан их ууртай. Баавгай шиг гарыг хүчтэй шахах юм. Төвдийн гүнж, Арсланд ойртон очиж хажууд нь сууна. Ханцуйнаас нь татна. Дулмаа:- Аа, яа, яа яасан байна, аа. Хүүхэд шиг яасан байна, аа. Гараараа хацрын оролдоно. Арслан уурлан нүүрээ буруулна. Хэсэг эргэлзэнэ. Гүнж архийг хараад Арслангийн мөрнөөс татна. Дулмаа: – Байз. Чи хар. Амандаа архи балгаж, Арсланд ойртоно. Арслан гүнжийг тэврэн авч олбог дээр хэвтүүлэх үед бүснээс нь нэгэн зүйл мултарч газар унана. Кадр. Хулан хатны Арсланд өгсөн бэр цэцэг, захидлын хамт байна. /”Цогт тайж” /1945/ Монтажны зохиол 2 -р анги, 4-р бүлэг/
|
Арслан тайж, төвдийн гүнжтэй зууралдах үед бүснээс нь алдууран унах Хулан хатны аян дайнд явахад нь дурсгасан бэр цэцэг, захидал. Дараагийн кадр солигдоход Улаан малгайт гэрт орж ирээд, Гүюнбаатар хүлээж буйг сануулаад гарсны дараа, Арслан тайж хилэгнэн уурлахад төвдийн элч Дамбийням бөхөлзөж, уран үгийг хэлээд газар унасан захидал, түүнд хавчуулсан цэцгийг авч Арсланд өгнө. Кино кадраас Арслангийн сэтгэл нэгэнт төвдийн гүнж Дулмаад бүрэн эргэж, Хулан хатныг ор тас мартжээ гэх санааг олж харна. Кино туужид ч кинонд ч төвдийн гүнжид дурласан, Далай ламд мөргөсөн бүхэн Арслан тайжийн үхлийн гол шалтгаан гэж харуулжээ. Гэтэл зарим судлаачдын сурвалжилсан домогт “Хун тайж ордон бүтээгээд юугаар тахих вэ? гэж нэг ламаас асуужээ. Тэр лам” заанаар тахь” гэжээ. Монгол газар заангүй учир заан гэдэг нэртэй хүүгээрээ тахихаас өөр аргагүй болов. Хун тайж хүүгээ хөөж, арайхийн гүйцэж алав” / Ж.Дашдондог” Халхын Цогт хун тайж” 1992,21/ хэмээсэн байна. Тэгвэл өөр нэгэн баримтанд“ Цогт нь аль аймгийн хэн гэгч эзэгтэйтэй ураг холбосон нь тодорхойгүй, харин Арслан тайж тэргүүтэй таван хөвгүүнтэй байснаас дөрөвдүгээр хөвгүүн Гармаа зугийн заан хун тайж, түүний хөвгүүн Судай илдэн нар гал голомтын залган эзэмшиж…” /Д.Гонгор “Халх товчоон” 1970, 210/ гэсэн сурвалжийн мэдээ байна. Цогт тайж, Заан нэрт хөвгүүнтэй байсан хийгээд домогт өгүүлсэн хэрэг явдал үнэн гэж үзвэл түүхэн сурвалжуудын мэдээгээр Арслан тайж, Гүүш хан хийгээд Далай ламын талыг баримтлах болж, эцгээсээ урваад эцэст нь ямар хувь тавилангаар насан эцэслэсэн нь тодорхойгүй үлдэж байна. Харин “Цогт тайж”/1945/кино туужийн Арслан тайжийн цаазаар авахуулдаг хэсгийг судлаач М.Саруул-Эрдэнэ”…хамгийн гол нь Ри багш яг тухайн үед “Тарас Бульба”-г орчуулж байсантай холбоотой байж мэдэх юм хэмээн өгүүлж байлаа. Гоголийн зохиолд эсрэг талд урвасан хүү Андрейгаа, Тарас Бульба өөрийн гараар буудан хороодог. Бас нэг сонирхолтой давхцал нь Андрейгийн урвах болсон шалтгаан нь бүсгүй хүн болдог. Цогт тайж кинонд ч Арслан тайжийг мөн тийн үзүүлсэн билээ. /www.saruul.niitlelch. mn/ гэж таамагласан нь сонирхол татаж байна. Мөн “…Цогт тайж, төвдийн Замба хантай нийлж хүүгээ урвасан гэж албатаар нь сэм алуулсан…/Д.Бүдсүрэн “ Цогт хун тайжид холбогдох түүхэн баримтын судалгаа” 2011, 14/ хэмээн судлаач Ч.Далай ” Ойрд Монголын түүх” /тэргүүн боть УБ, 2002, 102/ бүтээлдээ тэмдэглэснийг иш татжээ. Харьцуулаад харвал өөр бас нэг ЯЛГАА-г олж харна.
ЯЛГАА-3
“Цогт тайж” кино тууж | “Цогт тайж” кино |
Энэ хааны тэмдэг байна гэсэнд
Гүюн их л зовлон туссан байдлыг мэдээд нам дуугаар, Хаанд үхлийн хар цэцэг тусчээ гэнэ. Цөм чимээгүй болж, тэр хөл хорьсон тэмдгийг ширтэнэ. Цогт морин дээрээ нуруу тэнийж, - Та нар намайг энд түр хүлээ. Би үзээд ирьe гээд морийг хөдөлгөтөл, Хулан сэтгэл зовнин зогсоож, - Аав, аа. Та яваад яах нь вэ? Тэнд үхлийн газар шүү дээ гэхэд Цогт, Хулангийн зүг эргээд, - Хүүхээ, би нэгэнт их зэрэг сувилсан, над аюулгүй. Та нар намайг энд хүлээж бай гээд явна. /Б.Ринчеи” Цогт тайж” МУЗД-27, 1997. 106/ |
Кадр. Цогт тайж, Гүюнбаатар, Арслан тайж, Хулан нар харж зогсоно.
Цогт: -Зогсоцгоо. Хааны туг Гүюнбаатар: – Хаанд үхлийн хар цэцэг тусчээ. Цогт тайж- Та нар эндээ хүлээж бай. Кадр. Хулан асууж байна. -Аав, аа та яваад яахав. Тэнд тэр хар үхэл Цогт тайж: – Зүгээр хүү минь, аав нь энэ өвчнөөр болсон юм. Кадр. Морьтойгоо давхин одно. Цогт дахин кадраас гарна /”Цогт тайж” кино/1945/ Монтажны зохиол 2 -р анги, 1-р бүлэг/
|
Зарим үед заавал бодогдоно. Кино зохиолын “Хүүхээ, би нэгэнт их зэрэг сувилсан, над аюулгүй”, кино монтажны зохиолын “- Зүгээр хүү минь, аав нь энэ өвчнөөр болсон юм”. Хэдийгээр дээрх 2 өгүүлбэрийн найруулга ялгаатай ч Цогт тайж өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан гэх утга санааг агуулж байна. Түүхэнд “Цоохор” Цогт гэж тэмдэглэгдсэний шалтгааныг зохиолч дээрх 2 өгүүлбэрээр илэрхийлсэн байх боломжтой. Судлаач Г.Аюурзана “Бямбын Ринчен абугай кино тууждаа Цогтыг алаг морь унадаг гэж бичсэн нь дам холбоотой байж магадгүй. Алаг, цоохор хоёр бол адууны зүсний хувьд ч, хэлцийнхээ хувьд ч шүтэлцээтэй байхуйц үгс. Бас тэр үед нүүдэлчид цэцэг өвчнөөр өвдөх нь түгээмэл асан тул ийм өвчний ул мөр болох нүүрний цоохор ч байж мэднэ. Зарим судлаачид “цөхүр” хэмээх алдар цолны сунжирсан дуудлага гэж үздэг. / Г.Аюурзана” Цогтын цонж” www. Ayurzana.mn 2011, 07/ гэсэн таамаглалуудаас “Бас тэр үед нүүдэлчид цэцэг өвчнөөр өвдөх нь түгээмэл асан тул ийм өвчний ул мөр болох нүүрний цоохор ч байж мэднэ” гэсэн нь зохиолчийн уран санаатай илүү ойр гэж үзэх юм даа. Мөн “Цогт тайж” кино зохиолд “Соёмбот далбаа дээр нь намилзана. Цогт тэр далбааг гал нь буурч байгаа нүдээр ширтэсгээд,
-Монгол Улсын сэтгэл хүчин нэгтэй тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соёмботой энэ далбаагаа үүрд эрхэм болгож явагтун гээд нүдээ анина. /Б.Ринчеи” Цогт тайж” МУЗД-27, 1997. 141/ бичсэн нь хожим судлаачдыг санал зөрөөтэй байдал хүргэжээ. Ш.Сонинбаяр багшийн нэгэн ярилцлаганд “Нэг л болохгүй юм кинонд бий дээ. Кинонд Соёмбо гараад байдаг. Гэтэл тэр бол Соёмбо үсэг зохиогдоогүй байсан үе… /М. Саруул-Эрдэнэ, “Манайхан АМЕРИКТ”, Бидний монголчууд цуврал, 2009, 60/ гэснээс үзвэл зохиолчийн алдаа гэж харсан байна.
Үүнийг үл үгүүлэхийн учир…
Кинонд зарим нэгэн жишээ нь цэрэг дайны хэсэг ихэдсэн, эсвэл кино аппаратын өмнө анх удаа тоглосон зарим жүжигчид туршлагагүйтсэн зэрэг дутагдал буй. Олон түмний оролцсон зарим үзэгдлийг дэндүү ерөнхий хийсэн зүйл ч бий. Гэвч эдгээр дутагдал нь монголын залуу кино урлагийн өсч өндийн буй үеийн дутагдал юм. /www.archives.gov.mn/ гэсэн кино судлаач Всеволод Пудовкины саналыг ч хүлээн зөвшөөрөх үндэстэй.
Эцэст нь Ринчен гуайн өмнө бид ямар их ӨРТЭЙ вэ? Түүнийгээ мэдэхгүй амьдрах л тэнгэр минь юутай хатуу шийтгэл вэ?
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
URL: