Ч.Насанбат удаа дараа авлига авч байжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Замын-Үүдийн гаалийн байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.
Тухайлбал, улсын ахлах байцаагч Ч.Насанбат тэргүүтэй зургаан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Ч.Насанбатын хувьд хилээр орж ирсэн тавилгын бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, мөн бага хэмжээний татвар төлүүлж, өөрөө мөнгө завшдаг байсан гэх яриа ч байгаа. Тэрбээр бусдыгаа буюу байцаагч нараа “Би мэдэж байна” хэмээн дагуулж, хэрэгт оролцуулсан байна лээ гэдгийг Замын-Үүдийн гаалийн газрын экс дарга ч ярьж байсан удаатай. Энэ үйлдлээс өмнө өнгөрсөн жил Ч.Насанбат хилээр тавилга оруулж ирсэн машины жолоочид 160 мянган төгрөгийн татвар бичиж өгөөд, цаана нь сая төгрөгийн хахууль авч байсныг хуучин дарга нь мэдээд хариуцлага тооцох гэтэл суудлаас нь буулгасан гэдэг.
Ийнхүү удаа дараа авлигын хэрэгт холбогдож байгаа төдийгүй, авлига авдаг байсан гэдгийг нь экс дарга нь илчилж байгаа юм. Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, Зөрчлийн байцаагч Галбадрах нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: