Р.Амаржаргал: АН-д “их цэвэрлэгээ” хийх цаг болсон

Ардчилсан нам байгуулагдсны 15 жилийн ойн баярын өдөр өчигдөр тохиосон. Гэвч тус намынхан энэ баярын өдрийг төдийлөн өргөн дэлгэр тэмдэглэсэнгүй бололтой. Харин угийн хатуу, хахир үгтэйгээрээ нам дотроо “сондгойрдог” эрхэм болох Р.Амаржаргал гишүүн намын нөхөддөө хандаж тун их хатуу үгсийг чулуудсан ил захидал бичлээ.

Тэрбээр, энэ цаг үед Ардчилсан нам дотор болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийг үнэн мөнөөр нь бичиж асуудлыг шийдэх гарцуудыг ч гэсэн захидалдаа тусгаж өгчээ. Түүнийхээр бол яг одоо эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болоод буй хүмүүсээр тэргүүлүүлсэн Ардчилсан намыг зоригтой “цэвэрлэх” хэрэгтэй аж. Түүний хатуу атлаа үнэн үгс магадгүй зарим нэг хүнд “хазаар” болох буй за. Ингээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нээлттэй ил захидал, уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нээлттэй ил захидал

2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын чиг баримжаа бүхий таван нам нэгдэж, Монголын Ардчилсан нам хэмээх үндэсний хэмжээний улс төрийн хүчнийг үүсгэн байгуулсан юм. Түүхт энэ өдрийн мэндийг намын нийт гишүүд, дэмжигчдэдээ хүргэж мэндчилье.

Өнгөрсөн 15 жилийн түүхэнд ололт, амжилт олон байгаа нь маргаангүй. Ялангуяа дунд, анхан шатанд чармайн зүтгэсэн гишүүд маань хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр энэ өдөртэй учран уулзаж байгаа нь олзуурхууштай. Гэсэн хэдий ч Ардчилсан нам маань өнөөдөр дээрээсээ эхлээд бүхэлдээ ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэх чадваргүй болтлоо сульдсан нь бас үнэн юм. АН амьгүй мэт болсон нь намын гишүүд, дэмжигчид одоогийн төр засгийн, улс төрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаас харагдана. Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорчээ.

Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зүйлд жирийн гишүүд, дэмжигчид нөлөөлөх санал шүүмжлэлээ илэрхийлэх боломж алга. Ардчиллын төлөөх намуудын нэгдлийн Их хурал дээр “АН цаашдын үйл хэрэг, үзэл баримтлалдаа хувь хүний сонирхлыг татах, хоосон амлахгүйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжүүлэх, давуу талаа зөв сурталчлах, эрх зүйт нийгэм байгуулах, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн үедээ хамгийн том нь болох МҮАН-ын даргын хувьд миний хэлсэн үг, зорилго бүр сураг алдарчээ. Бид өөр, буруу замаар явчихлаа. Тийм учраас миний бие энэ өдөр иргэд, олон нийт, АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн шийдэл гарц хайх ёстой гэж үзэн байр сууриа ийнхүү бичиж байна.

Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр хариулж болно. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа. Ер нь улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зүхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишүүнчлэлгүй, гишүүнгүй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Ерөнхийлөгчийн зүгээс арай дэвшилтэд санаа бүхий Улс төрийн намуудын хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг олох янзгүй.

Тэр ч байтугай намууд маань хүчний байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокуророор улс төрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол төрийн институцүүдийг улс төржүүлж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай. Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хүний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зорилго бүхий бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихоод байна. Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бүтцийг хэрэгжүүлж байна. Хүчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгүй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ. Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн хариу шийдэл гаргана биз. Миний хувьд дээр дурдсан зүйлүүдийг үндэслэн Ардчилсан намын, мөн Монголын улс төрийн төвшинд хэд хэдэн шийдлийг санал болгож байна.

АН нь төрийн эрхийг авахын төлөөх бүлэглэл бус, иргэдийн өргөн оролцоог төрд хангадаг ГҮҮР байх уян хатан загварыг сонгох цаг болсон. Гишүүдээ нэгэн зорилгод зангидах үзэл санаа, үнэт зүйлсээ өргөн хүрээнд хэлэлцүүлж, дахин тодорхойлох замаар АН-ын улс төрийн үзэл баримтлалыг шинэчлэх нь зүйтэй юм. Намын дүрэм, зорилт, зорилгоо бүгдийг шинэчилж, Намын Их хурлыг жил бүр хийдэг болох. Их хурлаар намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг, сонгодог болох. Ажлаа сайн хийж олны итгэл хүлээвэл дахиад сонгогдоод яв. Зоригтой өөрчлөлт хийе. Нийгмийг чиглүүлье гэж байгаа бол өөрсдөө эхлээд шинэчлэгдье.

Ардчилсан намын нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэрнээ олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж буй, өөрөө муу имижтэй хүмүүс сайн дураараа намаас татгалзах хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа намдаа дахин элсэх боломж нь нээлттэй. Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн нягтарсан нэг цөм болох ёстой. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон.

Ардчилсан нам үлгэр жишээ байх ёстой. Ардчилсан намаас ардчилал өөрөө хэрхэн “амьдарч”, хэрэгжиж, хүчтэй байдгийг иргэд олж хардаг газар байх ёстой. Үүний эхлэл нь Ардчилсан намын санхүүжилтийг ил тод, олон нийтэд нээлттэй болгох ажлыг цаг алдалгүй эхлэх явдал юм. Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс төрийн намуудыг татан буулгах, шинээр эмхлэн байгуулж бүртгэн Монголын улс төрд цоо шинэ хуваарилалтыг хийх нь зөв бололтой. Нэгэнт ийм өөрчлөлт хийвэл залуучуудад орон зай нээгдэх юм. Үүнийг АН эхлүүлж, манлайлъя.

Журмын нөхөд өө, Ардчилсан нам өөрөө ардчиллын этальон, амьд загвар болж чадсан цагт олон түмнийг дагуулна. Эс бол нийгмээсээ хоцрогдож хямралаас салахгүй, эсвэл тарна. Шинэ цагийн эрэлт хэрэгцээг хангасан үзэл санаа, түүнийгээ хэрэгжүүлж чадаж байж бусдыг дагуулна. Зөвхөн сонгуульд сайн оролцоно, МАН-аас хэдэн санал илүү авах зорилт бол тун богино хараа. Өмнө нь Ардчилсан намын дотоод дүрэм, бүтцийг шинэчлэх оролдлого цөөнгүй удаа гарсан ч тэдгээр нь косметик төдий “шинэчлэлт, өөрчлөлт” болж хувирсан. Одоогийн Ардчилсан намын суурь зарчим, тогтолцоо, зорилго, шийдвэр гаргах процесс нь намын гишүүд хийгээд иргэд олон нийтийн хүсэл эрмэлзлээс алсарсан учир компьютерын үйлдлийн системийг форматлаж /format/reset/ цоо шинийг суулгадаг шиг “Ардчилсан Нам 2.0” үйлдлийн системийг нэн яаралтай суулгах шаардлагатай байна. Иргэд 25 жилийн өмнөх гавьяаг мөнхөд хараад суухгүй. Одоо Монгол Улс өөр шинэ улс төр, шинэ намыг шаардаж байна. Хэрвээ бид намаа шинэ түвшинд гаргаж чадахгүй бол улсаа ч бас чадахгүй. АН-ын төлөө Монгол Улс биш, Монгол Улсынхаа том эрх ашгийн төлөө АН оршин байгаа юм гэдгээ ойлгоцгооё.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон: МҮАН-ын дарга асан Р.Амаржаргал 2015-12-06

Ийнхүү Р.Амаржаргал гишүүн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр улс төрийн хүрээнийхэн болон олон нийтийн ярианы гол сэдэв болоод байна. Харин намын удирдлагууд энэ асуудалд хэрхэн хандах нь сонирхол татаж байгаа юм. Дашрамд дуулгахад Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо оны өмнө хуралдах төлөвтэй байгаа аж. Уг хурлаар Ерөнхий сайдын асуудал болон намын дарга З.Энхболдыг жинхлэх асуудлыг хэлэлцэх гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийн бид эргэн мэдээлэх болно.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих