Т.Гантулга: МАН нийт гишүүдийнхээ нэр төр, хувийн болон ажил хэргийнх нь аюулгүй байдлыг хамгаална
МАН-ын Олон нийт, PR, хэвлэл мэдээлэл,мэдээлэл технологийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга, улс төр судлаач, доктор Т.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Сүүлийн үед “Хөгжлийн банкнаас МАН-ынхан их зээл авчээ” гэсэн яриа гарах боллоо. Тэр дундаа МАН-ын дарга М.Энхболдыг “Говь” компанийн нэрээр 10 тэрбумын зээл авсан мэтээр шуугиж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ бол мэдээлэл биш үнэнээс дэндүү хол зөрсөн гүтгэлэг. Энэ асуудлаар “ Говь “ компаниас мэдэгдэл гаргасан байна лээ. Та бас компанийнх нь удирдлагуудаас тодруулга авах хэрэгтэй. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг газрын асуудалтай холбоотойгоор бодит баримтгүйгээр гүтгэж нэр хүндийг нь олон жил харлуулж ирсэн. Энэ нь мухардаж үнэнд гүйцэгдсэн болохоор ээлжит үлгэрээ эхлэж байна.”Ялааг заан болгодог”-ын үлгэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байгаа “Говь” компанийн 10-хан ширхэг хувьцааны асуудлыг сүр дуулиан болгож байгаа нь баримжаагаа алдсан, байж суух газаргүй болсон хүмүүсийн хийж байгаа муу ажил бас түүхэнд хамгийн муугаар бичигдэх PR-ын гүйцэтгэл. М.Энхболд олон мянган гишүүдийнхээ оролцоотой намын анхан шатны нэгжүүдээс сонгогдсон намын бүх байгууллагуудын төлөөлөл бүхий МАН-ын XXVII их хурлаар сонгогдсон албан ёсны намын дарга. Өнөөдрийн энэ цаг үед гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэн, олны сэтгэлийг хураасан үндэсний хэмжээний лидер болсон учраас зарим хүний дургүйг хүргэж байгаа юм болов уу. Намын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын бүх шатны сонгуультнууд, нийт намын гишүүдийнхээ нэр төр, хувийн болон ажил хэргийнх нь аюулгүй байдлыг нам хамгаална. Манай гишүүдийн дунд “Хамт олонч зарчимдаа тууштай зогсч, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн ажилдаа хариуцлагатай хандаж байж тусгаар тогтнолоо хамгаалж улсаа авч явах юм байна” гэсэн язгуурын Монгол ухааны амин үзэл санаа түгсэн нь урьд өмнө байгаагүй шинэ хандлага буй болж байгааг дэмжин дэлгэрүүлнэ. Намын дарга, бүлгийн гишүүдийн нэр төрд халдсан асуудлууд байгаа учраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материал, иргэдээс өгч байгаа мэдээллийг нягтлан шалгаж, боловсруулалт хийх тусгай ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхээс гадна холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж үнэнийг тогтоолгоно.
-Саяхан ”Гавьяа” нэхсэн самбаруудыг хотын төвөөр байршуулсан нь олны дургүйцлийг хүргээд байна.Хэвлэлийнхний дунд бондын мөнгөөр төсөл хэрэгжүүлсэн газруудаас гаргасан байх гэсэн хардлага байна. Та юу гэж бодож байна вэ?
-Энэ бол өөрийнхөө нүд рүү хуруугаа хийхтэй адилхан тэнэглэл. Харин иргэд үүнийг нь сайн баримтжуулж хадгалах хэрэгтэй. Монгол улс бондын өрийг төлөх үед гавьяа юу, гай юу гэдгийг ард олон шүүнэ. Хувь хүний хувьд ийм тэнэглэлийг хараад “Айсан хүн, хүн ална” гэгчээр бондын мөнгөнөөс хишиг хүртэгсэд мөн эзэн холбогдогчид сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг болон хууль батлагдах агшинд хар машинаа хамгаалж сонгуулийн технологийн луйвар хийхээр улайрах юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Ард олны итгэлийг олж, сэтгэлийг хурааж чадаагүй эрх баригчдад хэцүү байгаа л даа. Харамсалтай нь улс орныг самарсан дүр зургийг яалтай ч билээ.
-Хэрвээ Сонгуулийн хууль батлагдахгүй, АН-ынхан хар машинаар санал тоолохоор улайрсаар байвал танайхаас ямар арга хэмжээ авах вэ?
-Бидэнд бодсон бас тооцсон юм байгаа.
-Та нам судлалаар дагнан мэргэшсэн улс төрийн шинжлэх ухааны доктор, улс төр судлаач хүн. Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Улс төрийн намуудыг төлөвшүүлэх биш хүчгүйдүүлэх тал руугаа хэлбийсэн учраас олон намуудын эсэргүүцэлтэй тулж байна. Энэ хууль цаашаа явахгүй байх. Нийгэмд намгүй болох үзэл суртал бол хорт үзэгдэл. Ийм алхам хийгдэнээ гэдэг өөрөө дүр эсгэсэн ардчилал Монголд нутагшиж цаашидаа дарангуйлал тогтохын урьдач нөхцөл буй болсны шинж тэмдэг.Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, эдийн засаг хямралтай, нийгмийн сэтгэл зүй эмзэгшсэн цаг үед эрх зүйн зохицуулалт, элдэв төсөл, хөтөлбөрүүдээр гадны нөлөө орж ирдэг болохоор Монгол хүн бүр дээд зэргийн сонор сэрэмжтэй байж улам ихээр нэгдэж нягтрах ёстой. Ардчиллын мөн чанарыг гуйвуулсан хувийн эрх ашгаа хангасан, ардчиллыг эрх мэдэлд удаан байх систем, баяжих хэрэгслэл болгосон хүмүүсээс аврах цаг үе ирсэн байхыг үгүйсгэхгүй.
- Монгол улс төвийг сахих асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
- Бид улам л хүчгүйдэж ганцаардах болно. Олон улсын байгууллагуудад бидний оролцоо үгүй болж үнэлэгдэх нь байтугай тоогдох ч үгүй. Энэ хэнд хэрэгтэй бас ямар бодлого байгааг бодох л хэрэгтэй. Монгол улс ийм статустай болсон цагт хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг туршилтын буюу тоглоомын улс болох замын зураг харагдаж байна.
Ярилцсанд баярлалаа
URL: