Дүрмээ мэддэггүй дасгалжуулагч, тамирчдыг шүүмжлэв

Чөлөөт бөхийн ДАШТ-д манай улс зэгсэн амжилт гаргасан. Үүнийг спортын түүхэн дэх анхдагч гэж хэлэхэд болно.

ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдыг өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хүлээн авч сэтгүүлчид, тамирчид дасгалжуулагчид халуун яриа өрнүүлсэн юм.

Холбооны удирдлагууд “Аливаа зүйлд алдаа оноо байдаг. Манай тамирчин дүрмээ мэдэхгүй байсан, бөгсөөрөө суусан нь оноо алдахад хүргэсэн” гэхчлэн ярьсан нь ДАШТ-д гуравдугаар байрт шалгарсан эмэгтэй баг тамирчдын баярын сэтгэлийг жаахан гонсойлгох шиг болсон. Учир нь холбооны удирдлагуудын эл яриаг А.Басхүү гавьяат эрс няцаасан юм.

Тэрбээр “Дүрэм батлагдаад долоон жил болж байхад дүрмээ мэдэхгүй дасгалжуулагч, тамирчин байж болох уу. Нэг нь дүрмийг сайтар мэдүүлэх, нөгөө нь сайн мэдэж байж амжилт гаргана шүү дээ. Бидэнд бололцоо байна гэдгийг ахархан хугацаанд амжилт гаргасан эмэгтэй баг тамирчид хэлээд өглөө. Тэгэхээр арай илүү сайн ажиллах хэрэгтэй байна” хэмээсэн.

Түүний эл яриаг Х.Баянмөнх аварга жаахан эсэргүүцэх маягтай байснаас бус бусад нь “Үнэн үг, шар тос” гэсэн шиг сууж байлаа. Дасгалжуулагч А.Цэдэнсодном “ДАШТ-ий шүүгчид зохион байгуулагчид тамирчдад амрах зав өгөөгүй.

Дүрэм ёсоор тамирчид доод тал нь 15 минут амрах ёстой байдаг. Гэтэл манай зарим тамирчид 12 минут хүрэв үү үгүй юу барилдаж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн манай тамирчдад тохиолдсон юм биш. Бусад улсын дасгалжуулагчид ч үүнийг хэлж байсан.

Зарим тамирчдын маань хөлс нь хатаж амжаагүй дараагийн барилдаанаа хийсэн. Энэ удаагийн ДАШТ жаахан хүнд хэн байлаа” хэмээн зовлон тоочиж байсан юм. Чөлөөтийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн эл тэмцээн Туркийн Стамбул хотноо болж өндөрлөсөн.

Манай эрэгтэй тамирчид 40 орчим удаа эл тэмцээнд оролцож байгаа бол эмэгтэйчүүд тун ч цөөн удаа оролцож ахархан хугацаанд амжилт гаргаж буйг дурьдалгүй өнгөрч боломгүй юм.

С.Туул

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих