Quiza: Залуус Ардын намд ашиг харж элсдэг

Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Батцэнгэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед урла­гийнхан улс төрд хүч тү­рэн орж ирэх болсон. Энэ жишгээр та ч бас улс төрд хөл тавьсан байх. Таныг нийс­лэлийн Ардчилсан за­луучуудын холбооны дэд тэр­гүүний албыг хаших болсон гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?

-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги байдалд орчихсон байсан. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд хэдэн сарын өмнө холбооныхоо их хур­лыг хийж, тэргүүн, дэд тэр­гүүнээ сонгож, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон юм. Миний хувьд урьд нь Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байсан. Нийслэлийн Ардчилсан за­луучуудын холбооны их хурлын үеэр би орон нутагт ажиллаж байсан. Тухайн үед дэд тэргүүний албан тушаалыг горилж байгаа тухай хүсэлтээ холбооныхонд бичгээр үлдээсэн байсан юм. Энэхүү хүсэлтийг маань гишүүдийн олонх нь дэмжиж, намайг дэд тэргүүнээр сонгосон.

-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэр­гүүнийг сонгосны дараа нэлээд эсэргүүцэл гарсан. Таны хувьд ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй юу?

-Тухайн үед Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхон дотооддоо асуудалтай бай­­сан учир аль нэг та­лыг нь баримтлахгүйн үүд­нээс төлөөлөгчдийг нь  ху­ралд оролцуулахаас түд­гэлзүүлсэн. Хан-Уулынхан тухайн үед асуудал үүсгэж байсан ч шинээр сонгогдсон дарга маань ажлаа сайн хийсний хүчинд Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхны доторх зөрчил үгүй болж, бүх зүйл хэвийн горимд шилжсэн. Миний хувьд дэд тэргүүн болоход ямар нэгэн эсэргүүцэл гараагүй.

-Урлагийнхан улс төрд хөл тавихдаа Ардын намаар “өлгий”-дүүлэх нь түгээмэл болсон шүү дээ. Гэтэл та Ардчилсан намыг сонгосон байх юм. Ямар учраас тэр вэ?

-Би 1998 оноос буюу аравдугаар ангид байхдаа л улс төр сонирхдог хүүхэд байсан. Тэр үеэс л би ардчилал шударга ёс, эрх чөлөөний төлөөх тэмцлийг өөрийн итгэл үнэмшлээ болгож авсан. Одоо ч тэр итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. Миний бодлоор Ардын нам намын гишүүнчлэлд хэтэрхий их ач холбогдол өгдөг. Үүнийг дагаад энэ намаар овоглож, улс төр, бизнесийн карьераа нэмэгдүүлэх ашиг сонирхолтой залуус л уг намд элсдэг гэж боддог. Тэгэхээр Ардын намын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын  холбоонд нэгдсэн эдгээр залуусаас бусад монгол залуусыг нь Ардчилсан намыг дэмждэг гэж хэлж болох юм. Ардчилсан залуучуудын холбоо бол ямар нэгэн гишүүнчлэлээр овоглох, карьер хөөх байгууллага биш. Залуучуудын итгэл үнэмшил дээр тулгуурласан учир заавал гишүүнээр элсэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, Ардын намд залуус элсэхдээ мөнгө харж, ашиг сонирхлын үүднээс нэгддэг бол манай байгууллага үнэт зүйлсээ эрхэмлэж, ардчилал талдаа зогсдог. Тиймээс ардчилсан залуучуудад илүү давуу тал байгаа л даа.

-“Урлагийнхныг санхүү­гийн асуудлаас болж намд элсдэг” гэлцэх нь бий шүү дээ. Энэ яриаг баталж намын захиалгатай дууг бүх оддоороо дуулах нь энгийн үзэгдэл мэт болсон. Гэтэл ингээд зогсчихгүй намынх нь батлахыг гардан авч, гишүүнээр нь элсэх болсныг та юу гэж бодож байна. Заавал ийм зүйл байх ёстой гэж үү?

-Энэ асуудлыг хоёр талтай тайлбарлаж болох юм. Тухайн хувь хүний итгэл үнэмшил байж болох юм. Тухайлбал, миний хувьд хип хоп урсгалаар дамжуулж ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг дуулдаг. Харин хип хоп уран бүтээлчид Ардын намыг дэмжиж дуулах нь үнэмшилгүй сонсогдох байх л даа. Яагаад гэвэл энэ урсгал ардчиллын төлөө тэмцэж үүссэн урсгал. Монголд ардчиллын буянаар л нэвтэрсэн шүү дээ. Тиймээс харин ч үнэт зүйл нь зөрчилдөөд байж магад юм. Нөгөө талаар Монголын шоу бизнест орох орлогын урсгал татарсан гэж болно. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор улс төр рүү хальтирдаг. Гэхдээ энэ бол эрүүл бус биш харин ч эрүүл зүйл гэж боддог.

-Тэгэхээр таныг Ардын намынхны захиалгаар уран бүтээл хийж байгаа хип хопчид өөрсдийн үнэт зүйлийг гээсэн байна гэж хэллээ гэж үзэж  болох уу?

-Тэгж ойлгож болно. Хамгийн ойрын жишээ гэвэл “Люмино” хамтлаг байна. УИХ-ын 2008 оны сонгуулиар Ардын намаас мөнгө аваад суртал ухуулгынх нь дууг дуулж байсан. Харин саяхнаас буруу зүйл хийснээ ойлгоод Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгчийн тухай дуу хийлээ. Энэ бол алдсан байсан үнэт зүйлээ дахин сэргээж байна гэсэн үг юм л даа.

-Тийм учраас л та УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байсан байх. Тэр үеийг эргэн дурсахгүй юү?

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг “Монголын либертар сан” гэж төрийн бус байгууллагад байхад нь танилцаж, либералр үзэл болон хип хоп урсгалын талаар санал бодлоо солилцдог байсан. Монголын залуус өөрийн хувийн амьдралыг хамгаалсан, эрүүл нийгмийн төлөө ажиллаж амьдрах ёстой гэдэг дээр бид санал нэгддэг. Хип хоп ч гэсэн эрх чөлөөтэй, хэнээс ч хараат бус хөгжмийн урсгал. Түүнээс хойш либерал үзлийг Монголд дэлгэрүүлэхээр хамтарч ажиллаж байлаа. УИХ-ын 2008 оны сонгуульд Х.Тэмүүжин гишүүнийг нэр дэвшихэд өөрийн чадлаар туслахыг маш их хүсч, өөрийн санаачилгаар тусалсан. Миний хүсэлтийг тухайн үед хүлээн зөвшөөрсөнд нь талархаж байдаг.

-Намд гишүүнчлэл тийм ч чухал биш гэсэн. Гэтэл бодит байдал дээр гишүүнчлэл бий болгож чадаж байгаа нам нь илүү хүчтэй харагддаг шүү дээ?

-Тэд өөрсдөө тэгж бодож байж магад. Би бол тэгж боддоггүй. Гишүүнчлэл гэдэг бол асар их мөнгө зарцуулж хүчээр хэн нэгнийг тогтоодог хүчин зүйл. Хуучин социализмын үеийн л систем шүү дээ. Тиймээс бид энэ системийг заавал нэвтрүүлэх шаардлагагүй. Ер нь хүмүүсийн үнэт зүйл нь тэдний эрх чөлөө, ашиг сонирхол нь хувийн амьдралдаа чиглэгдсэн байх л биз дээ. Тиймээс ардчилал хүмүүсийн үнэт зүйлийг хамгаалж байдаг. Тиймээс үүнийхээ эсрэг зүйл хийх шаардлагагүй юм.

-Нийслэлийн Ардчилсан залуу­чуудын холбоо үйл ажиллагаагаа сэргээхээр зорьж байгаа гэсэн. Үүний тулд ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн Ардчилсан за­луучуудын холбоог улс төрийн байгууллага гэхээсээ илүүтэй залуусын байгууллага байгаасай гэж би хүсдэг. Бид ерөнхийдөө хэрхэн ажиллах талаараа төлөвлөгөөгөө боловсруулсан. Ирэх сараас эхлээд залуус руу хандсан байнгын үйл ажиллагааг явуулна. Сайны хажуугаар саар гэж байдаг шиг манай холбоог Ардын намынх шиг гэж ойлгож, хэлбэрт баригдаж, улс төрийн карьер хөөх гэж орж ирсэн залуус багагүй байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн карьер хөөх гэж байгаа залууст бус Монголын нийт залууст хандсан үйл ажиллагаа явуулна гэдгийг эхний ээлжинд ойлгуулж, дотоод дахь асуудлаа шийдээд үйл ажиллагаагаа жигдлэх хэрэгтэй болов уу.

-Залуу хүмүүс ирээдүйгээ харж ямар нэгэн байгууллагад элсэх нь буруу биш шүү дээ. Тэднийг үүнийх нь төлөө  буруутгах ёсгүй байх. Тухайлбал, таны нэгэн адил реппер байж байгаад Ардын намын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа Темон буюу Н.Учрал ч гэсэн энэ л замыг сонгосон шүү дээ?

-Залуус ийм замыг сонгож болно л доо. Энэ бол хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ залуучуудын байгууллагын үйл ажиллагаа тийшээ чиглэгдсэн байх ёсгүй. Залуучуудын байгууллага бол Монголын нийт залуус руу хандсан үйл ажиллагаа явуулах ёстой болохоос улс төр сонирхдог, карьер хөөдөг залууст хандсан үйл ажиллагаа явуулна гэдэг нь өөрөө утгагүй асуудал юм. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Монголын залуус улс төрийн карьер хөөнө гэдгийг бүх зүйлээ хаяж, дүрэмт хувцаснаас салахаа болиод л, ярьж байгаа зүйлс нь хүртэл огт өөр болж хувирах явдал гэсэн өрөөсгөл хэлбэрээр ойлгоод байх шиг санагддаг. Би хип хоп дуулж эхлэх үеэсээ л улс төр сонирхдог байсан. Цаашид дуугаа дуулсаар  байх болно. Харин Темонд нэг их буруу өгөхийг хүсэхгүй байна. Тэр хүний байгалиас заяасан төрх нь энэ л байсан юм байна. Анх хип хоп гээд жаахан төөрөлдөж байсан байж болох юм л даа.

-Цаашид үүрэгт ажлаа ч амжуулна, дуугаа ч дуулна гэлээ. Дуугаараа дамжуулж, залуусыг холбоондоо нэгтгэх боломж илүү нээлттэй юм шиг санагдаж байна?

-Цаашид ардчилал, эрх чөлөө, шударга бус байдлын тухай үргэлж дуулна. Гэхдээ дуу, ажил хоёр оо хольж, хутгахгүй гэж бодож байгаа. Мэдээж, дуугаараа дамжуулан, “Ардчилсан залуучуудын холбоонд гишүүнээр элс” гэж залуусыг уриалахгүй. Миний ажил, уран бүтээл тусдаа байх болно.

-Таны дуунаас амьдралын чинь түүх нэвт үнэртдэг л дээ. Өөрийн хүчээр одоо байгаа бүхнээ цогцлоон бий болгохын төлөө хэрхэн ажиллаж, амьдарч байснаа дуулсан байдаг шүү дээ. Гадны улс орнуудад олон жил ажиллаж амьдарч байхдаа залуусаас нь сурах зүйлээ сурч л байсан биз. Монголын залуус тэднээс  юугаараа өөр санагддаг вэ?

-Олигархиудын хүүхдүүдийг эс тооцвол Монголын залуус бүгд өөрсдийн хүчээр л амьдралаа цогцлоож байгаа. Хамгийн гол нь Монголын залуус өөрсдийн сонирхлоо бүү хөсөр хаяасай гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр бүжиглэх, хөгжим тоглох, дуулах, жүжиглэх, кино бүтээх сонирхолтой залуус маань амьдралын эрхээр хууль, эдийн засаг, уул уурхай, улс төр сонирхоод явж байна. Энэ бол урлаг үнэ цэнэгүйдэх, урлагийн тэнцвэр алдагдах байдал руу түлхэн оруулах юм. Гэхдээ залуус маань өөрсдийн хүсэл, сонирхлыг дагаад явах гэхээр ямар нэгэн зүйл саад болж, болохгүй байгаа учир манай улсад бухимдал хэтэрхий их бий боллоо. Үүнээс л болж залуус маань өөрсдийн хүссэн зүйлсийг хийж чадахгүй улс төр рүү өнгийж эхэлж байна. Би Чех, Англи улсад ажиллаж, амьдарч байсан. Тэндэхийн залуустай харьцуулахад Монголын залуус  хаана ч дасан зохицож, юмыг хурдан сурах чадвартай, үлгэр дуурайл болохоор хүмүүс байдаг юм шиг санагдсан. Миний хувьд тэнд амьдарч байхдаа үлгэр дуурайл болж, “Эд надаас юм суралцаасай” гэж бодон хичээдэг байсан. Тиймээс чадвартай залууст боломж олгох хэрэгтэй. Өнөөдөр мөнгөтэй нь мөнгөөр “зодож” хийж чадахгүй зүйлээ чаддаг мэт харагдаж байна. Гэтэл урлагийн салбарт ямар ч мөнгөтэй хүн хөл тавиад, мөнгөөр “зодож” уран бүтээл хийгээд ч нэмэргүй шүү дээ. Би бүх салбарыг ийм болоосой, эрүүлжээсэй гэж хүсэж байна.

-Залуус өөрийг тань Quiza гэдгээр тань л мэддэг. Гэтэл бодит амьдрал дээр Quiza-ийн ард Б.Батцэнгэл гэж хүн байдаг. Энэ хоёр нэрний ард хувь хүнийх нь хувьд ялгаа бий юу. Зарим хүн нэр тус бүртээ тааруулж өөр, өөр хувь хүн “үйлдвэрлэчихсэн” байдаг шүү дээ?

-Бодит амьдрал дээр Quiza ямар хүсэл, мөрөөдөлтэй байна Б.Батцэнгэл  тийм л хүн. Урлагийн хүнд тэр дундаа хип хоп урсгалыг сонгосон уран бүтээлчдэд nick name буюу хоч хэрэгтэй гэдэг утгаар Quiza гэдэг нэрийг сонгож байсан. Би ямар ч байдалд өөрийнхөөрөө л байдаг. Энэ бүхнийг хамтарч ажилладаг хүмүүс болон ойр дотныхон маань мэддэг байх.

-Монголын шоу бизнесийн орлогын урсгал татарсан гэж та дээр хэлсэн. Та ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?

-Би гадаадад амьдарч байгаад Монголдоо ирээд дууны үг бичиж эхэлсэн. Дууны үг бичнэ гэдэг миний бас нэг сонирхол. Үүгээрээ би бизнес хийдэг. Түүнээс биш надад ямар нэгэн уул уурхайн компани, хувийн дэлгүүр зэрэг зүйл байхгүй.

-Эрх баригчдыг шүүмжилж, жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс репперүүдтэй ижилхэн юм шиг санагддаг. Таны хувьд тэдгээр хүмүүсийг юу гэж дүгнэдэг  вэ?

-Эрх барьж байгаа намуудыг Монголын ард түмэн өөрсдөө сонгосон. Тэд сонгуулийн үед л анхаарлаа төвлөрүүлж, зөв алхам хийх ёстой байсан. Харин бусад үед нь тайван амьдрах ёстой биз дээ. Гэтэл өөрсдийнхөө хийсэн алдаанаас болж, тайван амьдрах ёстой үе дээрээ жагсаал, цуглаан хийж цагаа барж байна. Репперүүд эрх баригчдыг шүүмжилдгээрээ тэдэнтэй ижилхэн. Харин алдаанаасаа болж өөрсдийгөө зовоож байгаа тэднээс аль ч засгийн үед сөрөг хүчин болж чаддагаараа ялгаатай. Тэд талбай дээр жил бүр өлсгөлөн зарлаад үр дүнд хүрэхгүй байхад бид нэг хит дуу гаргаад арай илүү юм бодуулж чадна. Тиймээс бид энэ давуу талаа ашиглаж бас нэг сөрөг хүчин байх ёстой. Гэхдээ тэмцэл хэзээд буруудахгүй. Энэ нь өөрөө нийгмийн тэнцвэрийг бий болгодог гэж боддог.

-Та сая репперүүд бол ямагт сөрөг хүчин байх ёстой гэсэн. Тэгвэл Монголын репперүүд сөрөг хүчнийхээ үүргийг гйүцэтгэж чадаж байгаа юу?

-Хэрэв миний дууны үгийг сонсвол чадаж байгаа гэж бодож байна. Гэхдээ эрх чөлөө байгаагийн зоргоор хэтэрхий их хараал хэрэглэх, бусдыг доромжилж байвал хип хоп биш. Энэ бол хэрүүл. Би хип хопыг Монголын бүх хүн сонсоосой гэж дуугаа хийдэг. Тиймээс хип хоп дуу оролдож байгаа залуус маань ингэж амьдраасай гэж боддог. Хэрэв өөрсдийн гэсэн жижигхэн тогооноос цаашхийг харахгүй бол та нар хэн ч биш болно гэж хэлмээр байна. Мөнгө хамгийн хүчтэй гэдэг. Гэхдээ цаг хугацааны хувьд аваад үзвэл мөнгө хамгийн хүчгүй зүйл гэдгийг залуус маань ойлгоосой. Мөнгөөр амаа бүү таглуулаасай.

Ярилцсанд баярлалаа

Р.САРАНГОО
“Улс төрийн тойм” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих