Өршөөлийн тухай хууль хэнд үйлчлээд байна вэ

10 настай хүүг машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон гэгдэх жолоочийг Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Ийм мэдээлэл гараад удаагүй байтал хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял аваад байсан Г.Алтанхүүг ч мөн уг хуульд хамруулж, өршөөл үзүүлжээ.

Хохирогч хүүгийн тухайд өөрөө гарцаар гараагүйгээсээ болоод дүрэм зөрчөөгүй жолоочийг эрүүгийн хариуцлагад татуулах гэж байсан гэдэг үндэслэлээр тээврийн прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх. Өөрөөр хэлбэл, гарцаар гараагүй хүүгийн амьны хохь гэж хуулийнхан шууд бусаар хэлж, уг хэргийг хаасан гэсэн үг.

Хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан гэгдэх эмэгтэйн хувьд Шүүх шинжилгээний байгууллагаас хамтран амьдрагч нь дарамталж, зоддог байсан ч энэ нь үхлийн шалтгаан болоогүй. Харин архины гүн хордллогод орж нас барсан гэх дүгнэлтийг гаргасан.

Энэхүү шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцэж, хүний эрхийн хуульч М.Ичинноров ч хичээнгүйлэн ажилласны хүчинд Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн шүүх шинжилгээний хариуд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан нь нэг бус удаа. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь хамтран амьдрагчийнхаа биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Хохирогч архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүж, Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир хуулийн дагуу түүнийг суллажээ.

Энэ бол олон нийтэд мэдэгдэж байгаа наад захын жишээнүүд. Тиймээс энэ бүхэнд ямар нэгэн дүгнэлт хийх хэрэггүй учир асуултын хариултыг танд үлдээе.

Н.Гэрэл

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих