“Улаанбаатар буян” ХХК бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна

Нас барагсдаа бид эх орныхоо хөрснөө амар тайван нойрсуулдаг байсан бол өнөөдөр ясаа тавих алга дарамхан газрын мөнгөө хуримтлуулах шаардлага гараад удаж байна.

Статистикийн газраас гаргасан судалгаагаар нийт хүн амын 39.2 хувь нь ядуу гэж тодорхойлсон бөгөөд дундаж буюу дунджаас дээш орлоготой хүмүүс л буяны компаниудаар үйлчлүүлэх боломжтой юм.

Гэвч талхны мөнгөнөөсөө хумслан байж бурхан болоочдоо бид ёслол хүндэтгэлтэйгээр буяны компаниудад даатгадаг ч нүднээс далд хайрлаж, хүндэлдэг талийгаачидтай минь “Улаанбаатар буян” ХХК энэ мэтээр харьцдаг аж.

Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг талийгаачдын оршуулган дээр газар тэглэгч машинаар хээвнэг талхалж байгааг уншигч та харж байна. Бусдыг гүтгэж байгаа юм биш, зургаас харахад л бүх зүйл олйгомжтой харагдах аж. Тэгээд бүр суварга босгох үйлчилгээ бол буяны компаниудын хамгийн өндөр үнэтэй үйл ажиллагаа.

Том суваргатай багц 11,6 сая, жижиг суварганы багцыг 8,6 сая төгрөгийн үнэтэй байдаг талаар буяны компаниуд хэлж байсан. Тэгэхээр хамгийн өндөр үнэтэй багцыг сонгон бурхан болоочдоо “Улаанбаатар буян” ХХК-д даатгасан байхад нүднээс далд хайртай талийгаачидтай маань ингэж л харьцдаг байна.

Бурхан болоочдынхоо газар дээр гишгэлэх эрх монгол хүмүүн бидний оюун ухаан, ухамсарт байхгүй. Тэгтэл хаа хамаагүй ажилчид бидний хайрлаж, хүндэлдэг бурхан болоочдын газар дээр машин тачигнуулан гишгэлж, зарим тохиолдолд бүр хайрцаг нь цөмөрдөг ч гэж эх сурвалж өгүүлж байна лээ. Ийм зүйл байж болно гэж үү.

“Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс энэ талаар тайлбарлахдаа “Энэ бол олон улсын стандарт. Зүлэг ургуулахын тулд бүх газрыг ингэж тэгшилдэг. Олон улсын стандартаар л бид хийсэн. Ямар ч буруу зүйл байхгүй” хэмээж байв.

Олон улсын стандарт байж болно, гэхдээ монгол хүний ухамсар энэхүү нүд хальтирч, зүрх шимшрэм асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Уг нь “Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс их л ухамсартай, ёс зүйтэй зүйл ярьцгаадаг. Өөрсдийн ажлын зорилго, ёс суртахууны уриандаа “Бид ажил хэрэгтээ хууль тогтоомж, байгууллагынхаа дотоод журмыг ямагт сахин баримталж, харилцагч нэг бүртэйгээ ёс зүйтэй, шударга харилцаа тогтоохыг эрхэмлэнэ. Бид соёл, уламжлалаа хамгаалагч. Газар, ус, онгон дагшин байгаль дэлхийгээ хөндөлгүй, эх нутгаа хайрлан хамгаалж, эдүгээг хүрсэн, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй, чандарлан оршоох дэвшилтэт монгол уламжлалаа хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлнэ” гэсэн аж. Энэхүү урианд “Соёл, уламжлалаа хамгаалагч, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй оршооно, харилцагч нэг бүртэй ёс зүйтэй, шударга харилцаа тогтооно” хэмээсэн байгаа биз. Эдний соёл уламжлалаа хамгаалж, бурхан болоочидтой гүн хүндэтгэлтэй ханддаг зарчим нь энэ бололтой. Юутай гутамшиг, юутай харуусал вэ. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг нь энэхүү бодит зургаар харамсалтай нь нотлогдлоо.

Ер нь бурхан болоочдоо ёс төртэйгээр оршуулахын тулд хэр хэмжээний зардал гаргадаг талаар бид судаллаа. Учир нь хичнээн төгрөг төлдөг байтал бидний бурхан болоочидтой эд иймэрхүү үл хүнтэтгэсэн байдалтай харьцдаг юм бол гэсэн бодол орж ирсэнийг нуух юун.

Нийслэлийн хэмжээнд 20 гаруй оршуулгын газар байдгаас өнөөдөр Нарангийн энгэр, Хан-Уулын Өлзийтийн энгэр, 61-ийн гарамд байрлах далд оршуулгын газар, Төв аймгийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газар, шарил чандарлах хоёр төв л албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын хэмжээнд жилд дунджаар 16 мянга гаруй иргэн нас барж байгаагаас 6500-7500 нь Улаанбаатар хотынх байдаг аж.

2013 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрийг сонгожээ.

Нэг хүн оршуулахад 15-20 м.кв га газар ашиглагддаг гэхээр жилд 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд зориулагддаг байна.

Монгол Улсын ямар ч иргэн нас барсныхаа дараа насан туршдаа “үнэгүй” газар “өмчлөх” эрхтэй байдаг.

Буяны зан үйлд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?

“Улаанбаатар буян” ХХК-иар ороход тус газрын угтагч бүсгүй үйлчилгээнийхээ тухай танилцуулав.

Шарил чандарлах болон Хан-Уулын Өлзийтийн энгэр, 61-ийн гарамд байрлах далд оршуулгын газрын талаар мэдээллийг өглөө.

Өлзийтийн энгэрт Монгол Улсын ямар ч иргэн бурхан болоочоо бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөг тушаагаад оршуулах эрхтэй байдаг. Тэгвэл ухаж бэлтгэсэн газрыг 100 мянган төгрөгөөр үнэлдэг талаар тэндээс сонсов.

Мөн 61-ийн гарамын гэгдэх “Нью Семетри” ХХК-ийн далд оршуулгын газрын үнэ ханшийг сонирхлоо.

Олон улсын стандартад нийцсэн гэгдэх тус оршуулгын газрын хувьд үйлчилгээ болон орчин нь Далан давхар болоод бусад газрынхтай харьцуулалтгүй цэвэрхэн, тохитой.

Тус оршуулгын газар нийт дөрвөн багцын үйлчилгээг иргэдэд санал болгодог байна. Тухайлбал,

1.Том суваргатай багц -11.6 сая төгрөг /Тус багц нь талийгаачийн оршуулган дээр тавигдах чулууны оронд байгалийн саарал боржин чулуу бүхий гурван метрийн өндөртэй суварга байршуулдгаараа онцлогтой юм билээ. Түүнээс гадна дээрх төлбөрт газар аргадаж гуйх, шашны зан үйл хийх ламын үйлчилгээ, лакан хайрцаг, шарилыг зөөх унаа, биеийг нь ороох ноосон хөнжил, 108 зул, 50 ширхэг бүхий хүндэтгэлийн амьд цэцэг, талийгаачийг хөдөөлүүлэхээр ухаж бэлтгэсэн газар болоод оршуулах үйл явцийн үйлчилгээ багтжээ./

2.Жижиг суваргатай багц – 8.6 сая төгрөг. /Харин энэ багцад дээрх үйлчилгээ бүгд багтсан бөгөөд 1.50 метрийн өндөртэй жижиг суварга байдгаараа ялгаатай аж./

3. Хөшөөтэй багц – 4.9 сая төгрөг. /Үнэ ханш нь харьцангуй бага гэж хэлж болох энэ багцыг талийгаачдын ар гэрийнхэн ихээхэн сонгодог гэнэ. Шарилын дээд талд суваргын оронд байгалийн чулуу байрлуулдаг байна./

4. Хүүхдийн багц – 2.9 сая төгрөг. /Дээрх үйлчилгээнүүд болоод хөшөө, лакан хайрцаг энэ төлбөрт багтжээ./

Хэрвээ иргэд дээрх багцуудыг сонгохгүй гэвэл тухайн буяны компаниас оршуулгад шаардлагатай эд хэрэгсэл, үйлчилгээг өөрсдийн сонголтоороо авч болох аж. Түүнчлэн буяны цогц үйлчилгээний хувьд хайрцаг, хөшөө, унаа гээд цогц үйлчилгээ үзүүлэхэд гурван сая төгрөгийн үнэтэй байх ажээ.

Энэ мэт компаниудын үнэ ханшийг тодруулсны дараа шарил чандарлах үйлчилгээг сонирхлоо.

Чандарлуулахад…

Манай улсад 2004 оноос эхлэн “Улаанбаатар буян” ХХК шарил чандарлах үйлчилгээг нэвтрүүлсэн.

Нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан, байгаль экологид ээлтэй ч гэж хэлж болох энэ үйлчилгээг иргэд эхэндээ таашаадаггүй байсан бол сүүлийн жилүүдэд дэмжих болжээ. Тухайлбал,

2004 онд нийт нас барагсадын ар гэрийнхний 17 хувь нь чандарлах үйлчилгээг сонгож байсан бол 2012 оны эцсийн байдлаар 40 гаруй хувь болж өссөн гэх тооцоо байдаг аж.

Үнийн хувьд дээрх буяны цогц үйлчилгээтэй харьцуулбал хямд байв.

Тэгэхдээ хамгийн багадаа л халаасандаа 1.5 сая төгрөгтэй байж чандарлуулах боломжтой. Хэрвээ дээрх үйлчилгээнүүдийн хамгийн үнэ бүхийг нь сонговол бурхан болоочдын гэр бүлийнхэнд 2.3-5.5 сая буюу түүнээс дээш төгрөг хэрэгтэй болох юм.

Ийм л өндөр ханшаар бид бурхан болоочдоо буяны компаниуд болоод эдгээр дундаа монополь гэгдэх “Улаанбаатар” буян ХХК-иар үйлчлүүлдэг байх нь. Харамсалтай нь тэд бидний итгэлийг даах нь битгий хэл, нүднээс далдуур ийм л аймшигтай зүйл хийдэг аж.

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Нэр: зочин Огноо: 4 December 2015

Ризда газраа бурхан болоочтой vнэгvй хэрэглvvлээч бизнес болгочих юмаа

Нэр: зочин Огноо: 7 December 2015

буяны нэр барьж луйвар хийхээ болиоч эээээээээээээ

Нэр: уянгаа Огноо: 7 December 2015

балиар хулгайчдыг өөрсдийг нь амьдаар нь хийгээд булшлах юмсан. яаж чадаж байнаа. үхсэн өмхий шаарнууд.мөнгөний төлөө хийж байгаа үйл нь лай болж хожим нэг өдөр хар тархинд нь бууна даа

Сэтгэгдэл бичих