Үдийн цайны дараа нойрмоглоод байна уу?

Өдрийн хоолны дараа хэн хүнгүй нойрмоглож, түрхэн зуур ч болов ширээгээ дэрлээд унтахыг хүсдэг. Гэвч ажлын нөхцөл шаардлагаас болоод тэр бүр хүслээ гүйцээж чадалгүй, ширээний ард толгой дохин суух нь элбэг.

Тэгвэл хүн өдрийн цагаар заавал унтах хэрэгтэй юу, тийм бол яг хэдийд, хэр хугацаанд унтвал зохистой болохыг Пенсильванийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.

Юуны өмнө нойр, түүний ач тус ба хор гэдэг бидний бодсоноос хамаагүй нарийн эд гэдгийг эрдэмтэд хэлж байна. Хэтрүүлвэл бие хүндрүүлж, унтаа болгон ажлын эрч хүчийг бүр алдагдуулна.

Дутвал цааш ажиллах эрч хүчээ нөхөж чадахгүй. Тэгэхээр зохистой хугацаа гэж хэрэгтэй байгаа биз.

Тэгвэл өдрийн 13-16 цагийн хооронд ойролцоогоор 10-20 минут дугхийгээд авах нь хамгийн тохиромжтой гэж судлаачид олон янзаар судалгаа хийсний дүнд тогтоосон байна.

13-16 цагийн хооронд түр зуур унтаад авах нь шөнийн нойронд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр та хэвийн нойрсох боломжтой. Харин үүнээс оройтсон тохиолдолд унтаад хэрэггүй. Учир нь тийм орой унтсан тохиолдолд шөнө нойр хулжих гэх мэтээр нөлөөлж эхэлдэг байна.

Харин нойрсох хугацааны тухайд 10-20 минут гэдэг гүн нойронд автахгүйгээр хөнгөн зүүрмэглэх төдийд унтана гэсэн үг. Энэ нь та сэрмэгцээ ажлаа гүйцэтгэхэд ямар нэгэн саад болох зүйлгүй, сэргэг болно гэсэн үг.

Харин нэг цагаас дээш хугацаагаар унтсан тохиолдолд бие болоод ухаан санаа тань бүрэн сэргэж, өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлэхэд багагүй хугацаа шаардагддаг байна. Гэхдээ ингэж удаан хугацаагаар унтах нь тийм ч муу биш гэдгийг нэгэн судалгаа харуулсан байна.

Судлаачид хэсэг оюутныг туршилтад хамруулахдаа эхний хэсгийг огт унтуулахгүй, хоёр дахь хэсгийг 10-20 минут, гурав дахь хэсгийг нэг цагаас дээш хугацаагаар нойрсуулсан байна.

Ингээд тэдний сэрмэгц оюун ухаан шаардсан дасгал ажиллуулахад 10-20 минут унтсан хэсгийнхэн хамгийн сайн үр дүн харуулж, огт унтаагүй хэсэг нь хамгийн муу дүн авчээ.

Сонирхолтой нь, долоо хоногийн турш туршилтаа явуулсны дараа үр дүнг харахад тогтмол нэг цаг унтаж байсан гурав дахь хэсгийнхний үзүүлэх үр дүн сайжирч, харин 10-20 минутынхан огт унтаагүй хэсгийнхэнтэй адилхан болсон байна. Үүнээс харвал цайны цагаар 20 минут дугхийгээд авах нь өнөөдрийнхөө ажлыг бодвол сайн ч, ер нь сайн нойр авч, унтаж амарч байх нь алсдаа бие болоод сэтгэхүйд ч сайнаар нөлөөлдөг аж.

Угаас нойр тархины ой санамжийг сайжруулдаг болохыг аль хэдийнэ тогтоосон шүү дээ. Гэхдээ ажлын цагаар бүхэл бүтэн нэг цаг ширээгээ дэрлээд унтахыг ямар албан байгууллага хүлээн зөвшөөрөх билээ.

Тиймээс үдийн хоолны дараа үлдсэн хэдхэн хоромдоо ч болов нүдний хор гаргаад авахыг хичээгээрэй. Харин гүн нойронд автахгүй тулд гартаа үзэг ч юмуу бариад унтаарай. 10-15 минутын дараа та нойрондоо гүн автахын алдад гарцаагүй үзгээ алдаж таарна. Тэр бол сэрүүлэг л гэсэн үг.

Б.Дэжид

Эх сурвалж: www.healthgrades.com


URL:

Сэтгэгдэл бичих