Зохиолч Д.Урианхайн хэвлэгдээгүй шинэ шүлгүүдээс…

Зохиолч Д.Урианхайн хэвлэгдээгүй шинэ шүлгүүдээс…


ЭЛЕГИ

Хээрээр тарсан яс шиг
Хэзээ ч бие биенээ нөмөрлөхгүй,
Хэн хэндээ санаа зовох
Хүний халуун гаслангийн
Сав хоосорсон хорвоогийн
Салхинд нь уруудаж яваагаа бодохоор,
Сэтгэлийн минь ууланд
Шувуу эс ниснэ….
Хүйтэн!…
Гагц,
Хүсэл шаргуу цээжинд минь
Нар шатавч,
Гүрвэл мэт мурилзах судсаар минь урсах
Шуугиант “горхи”-нууд
Уулс галзуурам улаан “ган”-д
Уван цуван ширгэнэ….

Хээрээр тарсан яс шиг
Хэзээ ч бие биенээ нөмөрлөхгүй,
Хэн хэндээ санаа зовох
Хүний халуун гаслангийн
Сав хоосорсон хорвоогийн
Салхийг сөрж зүтгэхээр
Шувуудын ганганааг сэтгэлдээ бүтээн эгшиглүүлж,
Замын үзүүр саравчлахуй,
Гагц,
Дүн өвлийн,
Дүлий, харанхуй шуурга л улин,
Амьсгаа царцаана!…

Аяа! Хорвоо ийм ч
Аргалаа түлж, гараа ээгээд,
Ахиад л, тэртээг саравчлахаар
Гэрээсээ гарч гүйнэм!…

Модон тахиа жилийн шинийн хоёрон. Алтан Тэвшийн хөндий.


Санагдахуйн мөнх салхинд
Сүүл, дэлээ лав ширсэн
Сүүдэр улаан гэрлийн морь-
Хорин нэгэн зуунаас үлдэх,
Урвалд үл задрах,
Бүхэллэг ганц бүтэц,
Бүтэн ганц гэрч,-


НАДАД ЗЭХЭЭСТЭЙ ТАМ

I

Намайг хаа нэгтээ,
холд тосох бус,
Хажуу дэргэд минь хавиргалан,
Хамт л зэрэгцэн дагадаг
Хайртай хүн нүдэн дээр тарчлан,
Хатамжлах хэрнээ дуу тавих
Хавартаа нүдэлдэг ягаахан лиш
Газраас цухуйхгүй өнжих
Өмсөж явсан эзэн нь
Бурханд очсон цамцыг
Өглөө, үдэш хацартаа наан уйлах
Шаргалтаад загсдаг өрмийг нь
Таваг дүүрэн хуулдаг тогоо
Шанага дүүрэх сүүгүй “хусран”
Ширгэсэн худаг шиг хонох
Ганирч олсон орь хөгтэй
Сонгодог шүлэгтэй сониноор минь
Гал ноцоохоор хуйлан
Зуух руу чихэхийг харахдаа тэсэх
Өндөрт тасарч ниссэн “гарьд”-сэтгэлээ
Өвс ногоондоо ч шимүүлэхээр
Өглөө өглөөд шүүдэр болж газардаад
Илжигний хөлд гишгүүлэхдээ гутрах
Надад зэхээстэй там
Намайг хаа нэгтээ,
холд “отох” бус
Хажуу дэргэд минь л хавирагалж
Хамт зэрэгцэн дагадаг!
Гэвч би зугатдаггүй!
Гэртээ ч ор, гадаа ч гар,
Гэгээн нялхын боди сэтгэлээр
Амьдралтайгаа эвлэрдэг!

II

Амьдралтай би эвлэрч байна!
Ариунтай нь ч, бусадтай нь ч,
Амраг шиг минь, сүүдэр шиг минь,
Ар, өврөөр ороон дагах тамтайгаа ч
Анд нөхөр шигээ эвлэрэн,
Эх орондоо дассан шигээ
Элгэн чинадаасаа дассаар удаж байна!
Аугаа нь ч, Өчүүхэн нь ч надад
Адил тэнцүү хуваарлигдсан болохоор
Аз жаргалын ч, Үхэл, Зовлонгийн нь ч сайхан
Ав адил тамтайд баярлаж байна!
Харин хүсэх минь:
Хажууд, сүүдэр шиг дагадаг тамтайгаа
Хамт зөндөө удах!
Урсан-Тогтон үргэлжлэх орон зай мэт
Үргэлжлэн удах!
Байхгүй байгаа бүгдтэй нь
Байсаар байгаа нь мэдэгдэн удах!
Байхгүй байгаатай нь ч
Байсаар байсанаа мэдэгдэн удах!
Орчлон эхэлсэн үнэмшимгүй эгшинд
Ор хоосноос тэсэрч бүтсэн цаг хугацааг
Одоо дахин шинээр тэсэртэл

Зөндөө удах!


URL:

Сэтгэгдэл бичих