Г.Алтанхүү өршөөлд хамрагдаж суллагдлаа

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм.

Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүв. Хэдийгээр Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учир хуулийн дагуу Г.Алтанхүүг суллалаа.

Ингээд өмнөх шүүх хурлын үеэр мэдүүлж байсан болон хавтаст хэргээс сөхье.

Тухайн өдөр юу болов

2013 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Г.Алтанхүү, талийгаач Н.Цэдэн-Иш нар найз М, Б нартай Сансарын бааранд архи уужээ. Улмаар шөнө 03.00 цагийн үед салж, маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 4-ны өдөр Г.Алтанхүү, Н.Цэдэн-Иш нар хоол цай хийж идэн, дахин 3 шил виски уусан байна. Архиндаа согтсон тэд хоорондоо маргалдан, Г.Алтанхүү талийгаач Н.Цэдэн-Ишийг түлхэхэд ууж байсан хундага нь талийгаачийн хамрыг гэмтээсэн аж. Бухимдсан талийгаач Г.Алтанхүүг хэд хэд алгадаж, маажиж самардан хоорондоо зодолджээ. Өмнө нь мөн Г.Алтанхүү нь талийгаачийг зодож, биед нь гэмтэл учруулж байсан аж. Үүний дараагийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тэд шартан дэлгүүрээс 0.75 литрийн “Алтан Чингис” архи, найман шил пивонтой авч уусан байна. Харин арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тэдний бие муудаж, Г.Алтанхүү найзынхаа хүүхдүүдийн толгойг барьдаг бариач Б-г дуудан дусал хийлгүүлжээ. Гэтэл 13-ны өглөө талийгаач Н.Цэдэн-Ишийн бие бүр муудаж, Г.Алтанхүү, талийгаач Н.Цэдэн-Ишийн найз Б, М, Б нар ирж, тэд хамтдаа “Хатагтай эмнэлэг”, 100 айлын эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн аж. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Гэрчүүд юу гэж мэдүүлэв

Тухайн өдөр Г.Алтанхүүгийн гэрт очиж талийгаач Н.Цэдэн-Ишид дусал хийсэн Б гэгч нь “2013 оны арваннэгдүгээр сарын 5, 6-ны үед орой 16.00 цагийн үед Г.Алтанхүү, талийгаач Н.Цэдэн-Иш нарынд очсон. Ширээн дээр нь алое ундаа, кола ундаа, газраар их том вискины шил, дунд зэргийн вискины шил, архины шил хэвтэж байсан. Тэр хоёр хоёулаа шарталтын байдалтай. Хоёулангаас нь архины нигширсэн үнэр үнэртэж байсан. Мөн тэд хоорондоо зодолдсон шинжтэй. Эмэгтэйгийнх хамар хөндлөн хөхрөлттэй. Тэр нь хоёр нүд рүүгээ нүүх гэж байгаа байдалтай байсан. Мөн Г.Алтанхүүгийн хоёр шанаа маажсан байдалтай, хоёулангийнх нь үс нь сэгсийсэн байдалтай байсан. Тэр 2 ээлжлээд ундаа уугаад түмпэн рүү бөөлжөөд байсан. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин дуудахад нь очиход нөгөө эмэгтэй орон дээрээ хэвтэж байсан. Царай нь шарлаад ногоорсон байдалтай. Би эмнэлгийн ажилтан болохоор цөс нь болохоо больсон байна гэдгийг мэдээд эмнэлэг явах хэрэгтэй гээд ойрхоноор нь “Хатагтай” эмнэлэг орсон. “ЭХО-оор сайн харагдахгүй байна, 2-р эмнэлгийн томографи руу яв” гэсэн. Тэр үед нөгөө эмэгтэй дэмийрлийн байдалд ороод шүлсээ хамаагүй хаяад байсан” гэж мэдүүлжээ.

Мөн гэрч Б “Бариач эгч биднийг очиход талийгаач Н.Цэдэн-Иш диван дээр хөнжил нөмөрчихсөн унтаж байсан, харахад нүүр нь ногоон шар туяатай болчихсон байсан ба “хүүе” гээд татахад нүдээ нээхэд нь нүд нь мөн ногоон шар болсон байсан. Тэгээд бариач эгч энэ “хүн чинь цөсний хордлогонд орсон юм биш үү, эмнэлэг явъя, хурдал” гээд аваад гарсан” гэж мэдүүлсэн байна.

Гэрч О “Мэс засал хийсэн Ц эмч “гадны нөлөөтэй, цөс задарсан, дотор нь дусал цөс ч байхгүй бүгд бүх биедээ тархсан байна” гэж хэлсэн байдаг юм билээ. ЭХО-ны эмч “цөс харагдахгүй байна, цөс нь байхгүй болсон байна” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн байсан. Задлан шинжилгээнд ороход талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь илт харагдаж байсан. Тэгээд задлан шинжилгээнд ороход цөсийг нь урьд мэс заслаар авсан байсан” гэжээ.

Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ээж “Охин маань тийм орчинд өсөөгүй. Үнэхээр архи ууж байсан бол энэ залуугийн дарамтанд байхдаа ууж байсан байна гэж үзэж байна. Би охиноо алдсаны дараа сэтгэл санаа хүнд байх үед намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гутааж байсан. Энэ залуугийн аав ээж нь ч гэсэн яаж байна гэж ганц ч удаа хандаж байгаагүй. Үнэхээр хэцүү, гомдолтой байна” хэмээн мэдүүлж байжээ.

Г.Алтанхүү юу гэж мэдүүлж байв

Яллагдагч Г.Алтанхүү “2013 оны долдугаар сарын 11-нд анх талийгаачтай танилцаж байсан. Улмаар бид 2013 оны арвандүгээр сарын 13-ныг хүртэл хамт амьдарч байсан. Тухайн өдрүүдэд бид 2 маргалдаад талийгаачийг гэрээсээ хөөхөд намайг алгадсан. Тэгэхээр нь би баруун гараараа мөрөнд нь цохисон. Би тухайн үед талийгаачийг цохиж хавиргыг нь хугалсан нь миний буруутай үйлдэл байсан. Олон хоног архи уусны улмаас ийм харамсалтай явдал болсонд маш их харамсаж байна” гэжээ.

Шинжээчид юу гэж дүгнэв

Шинжээчид талийгаач Н.Цэдэн-Ишийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлтийг гурван удаа гаргасан байдаг. Шинжээчдийн дүгнэлтээр талийгаачид элэгний эдийн үхжил гэмтэл үүссэн. Тухайн үед архины улмаас элэгний хордлого, үрэвсэл болсон учир цөсний хүүдийн хана нимгэрч үрэвсэн хэврэгшсэн. Үүн дээр доргилт үүсч цөс шүүрсэн байжээ. Хэдийгээр хөнгөн гэмтлээс болж цөсний хана язрахгүй ч доргилтоос болж үүссэн гэж дүгнэсэн байна.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: Bb Огноо: 4 December 2015

Алтанхуу одоо яаж Монгол улсдаа амьдарнаа нийгэм даяар алуурчин мэтээо ойлгочихсон. Хаана ч ажиллаж амьдарч чадахгуй. Тэгэхээр сэтгуулчид болон хумуус юмны нармйн учрыг олж бж цуурахгуй бол хуний амьдрлийг амьдийн там болгож бна шуу дэ

Нэр: bi Огноо: 6 December 2015

одоо яая гэхэв архидаж цэнгэж байхдаа ухаарахгүй дээ нийгэм тэр аяараа л жихүүцээд зэвүүцээд байгаа юм биш үү

Нэр: Зочин Огноо: 7 December 2015

Шүүх эмнэлгийнхэн хэрэг хийсэн хүнийг хийгээгүй болгож байгаа нь харамсалтай. Эмч нар нь улсын төсвөөс цалинжина, дээр нь хэрэгтнүүдээс мөнгө саана, энэ мэт овилгогүй гаруудаас болж олон аав ээжийн зүрх шархалж байна даа.

Сэтгэгдэл бичих