Францад эмийн үйлдвэр хэл аманд оржээ
Францад, эм үйлдвэрлэлтэй холбоотой томоохон шуугиан дэгджээ. Энэ улсын шүүх дэлхийд алдартай “Медиатор” тураах эм бэлдмэл үйлдвэрлэгч компанийн эсрэг гомдлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн зууны 70-аад оноос хойш Медиатор хэмээх энэ эмийг дэлхийн олон улс оронд хүмүүс жингээ хаяж, турах зорилгоор ууж байжээ. Тэгвэл энэ олон жил эмийн жагсаалтад багтан, хүмүүсийн итгэж найдан хэрэглэж байсан энэ эм үнэн хэрэгтээ хүний эрүүл мэндэд онцгой хортой байсан болж таарчээ.
Медиаторыг хэрэглэж байсан хүмүүс сахарын өвчин, зүрхний дутагдлаар нас барж, ийм тохиолдол албан ёсоор бараг 500-аад бүртгэгджээ. Түүнчлэн Медиатор эмийг хэрэглэснээс 2 мянгаад хүн амиа алдсан тоо баримт ч байгаа юм. Мөн энэ эмийг хэрэглэж байсан 3,500 гаруй хүн эмчид хандан, эрүүл мэндийнхээ байдалд гомдоллож байжээ. Медиатор гэх эмийг богино хугацаанд турааж, жингээ хасахад хамгийн үр нөлөөтэй эм гэж сурталчлан, Францад үйлдвэрлэгддэг энэ эм дорхноо хамгийн гүйлгээтэй зарагддаг эм болжээ. Энэ эм нь уг нь сахарын өвчтэй хүмүүст зориулагдсан ч жирийн эрүүл хүмүүс ч турах зорилгоор ихээхэн хэрэглэх болсон байна. Тэгвэл энэ эм гарснаас хойш 12 жилийн дараа л эмийн сөрөг нөлөөний талаар сая судалгаа хийж, харамсалтай нь сөрөг үр дүн гарсан байна. Медиатор эмийг хэрэглэж байсан хүмүүсийн цусанд хориотой, эрүүл мэндэд хортой бодис ихээр илэрч байжээ. 1998 онд энэ эмийг худалдаанаас хасах ёстой гэсэн дүгнэлт гаргасан ч энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжээгүй байна.
Ердөө хэдхэн улс оронд л энэ эмийг худалдаалахыг хоригложээ. Медиаторын бүрэлдэхүүнд бен-флуо-рекс гэх амфетамины төрлийн бодис ордог нь хүний бие организмын ачааллыг жирийнхээс хэд дахин ихэсгэж, улмаар зүрхний дутагдал, бүр цаашлаад цус харвахад хүргэдэг болох нь тогтоогджээ.
Медиатор эмийг үйлдвэрлэгч эмийн үйлдвэрийн эзэн Жак Сервьег энэ сарын 22-нд дээрх хэргээр саатуулан, Парист шүүх ажиллагаа эхэлжээ. Хэрвээ Жак Сервьегийн компани үйлчлүүлэгчдэд хортой эм нийлүүлж байсныг баталбал 89 настай энэ эрхэм үлдсэн бүх насаа торны цаана өнгөрүүлж болзошгүй байна.
URL: