Обама Иракт цэрэг оруулна

АНУ-ын ерөнхийлөгч Обама Иракт Лалын улс бүлгийн эсрэг цэрэг оруулахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ Иракт цэрэг оруулах явдал нь 2003 онд тус улсад цөмрөн орсонтой адилгүй, өөр хэрэг гэдгийг онцолсон юм.

Тэрбээр Лалын улс бүлгийн эсрэг Сири, Иракын тэмцэлд АНУ-аас цэрэг оруулахгүй гэж байсан боловч, энэ долоо хоногт Пентагоноос тусгай хүчний цэргүүдийг илгээх болсон тухай мэдэгдсэн юм.

Лхагва гарагт, АНУ-ын армийн хурандаа Стив Уоррэн тусгай хүчний 100 цэргийг Иракт оруулна гэсэн байна. Нэмж оруулж буй тэдгээр цэргүүд нь тус улсад үүрэг гүйцэтгэж буй Америк цэргүүдэд  дэмжлэг болно гэж тайлбарлаж байна.

Пүрэв гарагт Иракын ерөнхий сайд Хайдер Аль Абади хэлэхдээ, гадны ямар нэгэн орноос цэрэг оруулах хүсэлт ирээгүй гээд, хэрэв аль нэг улс Ирак улсад цэрэг оруулах аваас түүнийг “дайсагнасан үйлдэл” гэж үзэх болно гэсэн байна.

Обама хэлэхдээ, Ирак, Сирид байгаа Америк цэргүүд ихээхэн эрсдэл дунд байгаа тул нэмэлтээр тусгай хүчний цэргүүдийг оруулна гэсэн юм. Мөн тэрбээр Бүгд найрамдах намынхны зүгээс ихээхэн дарамт шахалттай байгаа гэдгийг хэлсэн ба, тэдгээрийн зарим нь Ирак, Сирид мянга мянган цэргийг оруулах нь зөв гэж шаардаж буйг ч хэлсэн байна.

Нэмэлтээр очих тусгай хүчний цэргүүд тагнуулын үйл ажиллагаа явуулж, орон нутгийн хүчнүүдтэй Лалын улс бүлгийн эсрэг тэмцэхэд хамтран ажиллах ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих