Хар тамхины хэргээр шүүгдэж суллагдсан Б.Халиун их хэмжээний мөнгө амлажээ
Малайз улсын шүүх Монголын хоёр ч иргэнийг гэм буруугүй хэмээн үзэж суллав. Тодруулбал, хар тамхины хэргийн бүлэглэлийн толгойлогчтой суусан Б.Халиун болон, хар тамхи гэртээ хадгалсан гэх Н.Золзаяа нарыг шүүж, тэдний гэм буруутай үйлдлийг тогтоож нотлож чадаагүй юм. Н.Золзаяаг гэм буруугүй гэж үзэх шалтгаан нь түүний гэрээс олдсон хар тамхи өөрт нь ямар ч хамааралгүй, Б.Халиуны хадгалуулсан хар тамхи гэдгийг илчилж, Б.Халиун ч түүнийгээ “Минийх” гэж хүлээн зөвшөөрчээ. Тиймээс тус улсын шүүх түүний хөл гар болсон эмэгтэйг буруугүй гэж үзэх нь зөв бололтой.
Харин хар тамхины хэргээр аль 2007 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрсөн эгч Б.Хулантайгаа гар нийлж, ганзага нийлүүлэн хууль бус наймаа эрхэлж, монголчуудыг хууран мэхэлж, худлаа хэлж ийм төрлийн гэмт хэрэгтээ уруу татаж, олон хүний амь амьдралыг хохироосон, хэргийн хохирогч болгосон Б.Халиун гэгч этгээдийг сулласан нь олны анхаарлыг яах аргагүй татаад байгаа юм.
Гэрээс нь 70 кг хар тамхи илэрсэн, олон улс даяар эрэн сурвалжлагдаж байсан зартай эзнийг Малайзын хууль хяналтынхан нотлох баримттай баривчилж чадсан, бас саатуулсан хэрнээ, шүүхээр хэрэг нь ортол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн сулласан нь асуудлын гол учир зангилаа болоод байгаа байна. Эгч дүүс олон жил хар тамхины хэргээр бизнес хийж, манай улсын хуулийнхныг чулуу хөөлгөж, олон эмэгтэйг хар тамхины хэргээр золиос болгож Хятадад цаазын ял сонссон хоёр ч эмэгтэй байдаг. Нөгөө Л.Байгальмаа, Х.Дамдин, Б.Билгүүн, Э.Оюунзул нарыг уруу татаж, эцэст нь гэмт хэрэгтэн болгосон юм. Х.Дамдин нь Б.Хулангийн нөхөр байсан бол Б.Билгүүн нь тэдний төрсөн дүү, бэр нь Э.Оюунзул юм.
Ийнхүү гэр бүлээрээ хар тамхины хууль бус наймаанд элсч, улс орон дамжиж наймаагаа хийдэг бөгөөд тэд зөвхөн зохион байгуулагч, тээвэрлэгч, гүйцэтгэгч нь мөнгөний төлөө явсан жирийн иргэд байгаад эцэстээ хохироод үлдсэн байдаг. Тэд гүйцэтгэгч, тээвэрлэгч нартаа бараа хүргүүлэх зардалд 1500 ам.доллар өгч явуулдаг байжээ. Ийм мөнгөний тоо сонссон хүмүүс ямар бараа авч яваагаа мэдсэн хэрнээ баригддаг бол мэдээгүй явж байгаад Хятадын хууль хяналтын байгууллагд баригдаж, шүүхээс нь насаараа хоригдох ял сонссон иргэд ч цөөнгүй байгаа ажээ. Б.Халиуны хувьд “Хар гурвалжин” хэмээх том бүлэглэлийн толгойлогчийн төрсөн дүүтэй нь суусан гэдэг. Тус бүлэглэл Ази, Африк тивийн хэмжээнд томд тооцогдож, хар тамхины наймаагаараа газар авсан, асар их мөнгө хөрөнгөтэй том бүлэглэл байдаг гэнэ.
Тиймээс авлигад идэгдсэн Малайз улсын хууль хяналт, шүүхийн байгууллагыг нь асар их мөнгөөр худалдаж авч, их хэмжээний шан харамж өгнө гэж амлаад суллагдсан гэдгийг эх сурвалж хэлэв. Эгч, дүү болох Б.Хулан, Б.Халиун хоёроос болж хохирсон иргэдийн тоо 60 гарсан бөгөөд тэд хэзээ ч Монголынхоо хилээр орж ирэх боломжгүй юм. Яагаад гэвэл тэднийг манай улсын хууль хяналтынхан баривчилна. Тиймээс тэд эх орон руугаа зүглэх бодол байхгүй. Малайз, Хонконг, Гуанжоу, Сингапур зэрэг улс орноор явж хар тамхины наймаагаа цэцэглүүлж яваа юм. Хар тамхины хэргийн хамгийн том бүлэглэлийн толгойлогч нартай гэр бүл болж, хүүхдийг нь гаргасан ажээ.
О.Сайхан
URL: