Ардчилсан намд гүн эмгэнэл илэрхийлье
Арванхоёрдугаар сарын зургаан… “1206”… Эдгээрийг зүгээр ч нэг хийх юм олдохгүйдээ сараачиж байгаа юм биш. Нэлээд гүн утга учрыг агуулж байгаа учир зориуд ингэж бичив.
1206 онд Их Монгол Улс байгуулагдаж, Тэмүүжин Чингис хаан хэмээн өргөмжлөгдлөө. Энэ үеэс 783 жилийн дараа түүний суурийг нь тавьсан Монгол улсад Ардчилсан хувьсгалын чимээ шуугиан дэгдэж, арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо хамаг тохироо нь бүрдэн, 1989 оны арванхоёрдугаар сарын 06-нд Эрдэнэт, Ховд зэрэг хотуудад “бослого” гарав. Улмаар 1990 он гарангуут цагаан морин жилийн хувьсгал шулуун замдаа орсон түүхтэй. Мөн арванхоёрдугаар сарын 10-нд Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, ерөнхий зохицуулагчаараа С.Зоригийг сонгож байлаа. Одоо түүнийг хүрэл хөшөө болон хувиргасан л даа.
Тэр үеэс хойш Ардчилсан хувьсгалын 1….10…..15….20….24 жилийн ойг нижгэр тэмдэглэж ирсэн юм. Гэхдээ хамгийн олзуурхууштай нь энэ хугацаанд жалга бүхэнд нэг, нэг дов сахиад сууж байсан Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал, сэргэн мандлын нам, хуучин ардчилсан нам 2000 оны 12 сарын 06-нд нэгдэж Монголын ардчилсан намыг байгуулсан явдал хийсэн хувьсгал, түүнийгээ тэмдэглэх баяраа улам утга учиртай болгов. Мөн Их Монгол улс байгуулагдсан 1206 оныг билэгдэхдээ чухамхүү энэ өдрийг үзэж харж байгаад сонгожээ.
Баяраа гоё тэмдэглэдэг байлаа. Шагналын хур хаа сайгүй бууж, магтаалын үгсээр Ардчилсан намын дарга нар бие биенээ өндийхийн аргагүй булдаг байв. Дарга нар нь шүү. Нэгэндээ Улсын баатар цол хүртэл өглөө шүү дээ. Харин жинхэнэ хувьсгал хийсэн партизануудын хувьд өөр. Ардын хувьсгалын партизанууд ардчилсан хувьсгалын өнгөн дээр бараг дайсан мэт хөсөр хаягдаж байсан бол Ардчилсан хувьсгалын партизанууд өөрийнхөө хийсэн хувьсгалын өнгөн дээр өт хорхой мэт адлагдаж асныг одоо нуугаад яах вэ дээ. Тиймээс баярынхаа үеэр тэдэнд ганц нэг шил юм задлах гуанз олдож байвал их юм. Харин дарга нар өөр. Ёстой л үлгэрт гардаг шиг хутга тавилгүй мах зооглож, хундага тавилгүй шарз шимнэ.
…МоАХ-ны дарга Х.Баттулга ёстой эр хүн шиг, “Май та нар” гэжээ. Баяр хүргэе. Баяраа ч бүү тэмдэглэе. Их сайндаа л чам руу баатар Э.Бат-Үүл энэ өдөр одонгоо зүүж чадаагүйдээ жаахан өмхий үг чулуудна биз. Яадгийм. Ардчилсан холбоо гэж асаалттай танк ард чинь байхад бүү эмээ…
Гурав хоногийн дараа энэхүү уламжлалт баяр маань болно. Бөхчүүд бай өндөр баяр болдог тул бэлтгэлээ хангаад зав алга. Зарим нэг дарга одон зүүх дээлийнхээ энгэрийг ордонд орсон хойно амар гээд аль хэдийнэ цоолчихож. Мэдээж ардчилсан Ерөнхийлөгч маань ч цоо шинэ дээл, малгай хийлгээ байлгүй. Улсын баатар Э.Бат-Үүл энэ өдөр одонгоо зүүнэ гээд түүнийгээ өнгөлж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэтэл яав, яг энэ үед МоАХ-ны дарга Х.Баттулга аянга буулгаж орхив. Тэрбээр МоАХ-ны салбар зөвлөлүүдийнхээ удирдлагад хандан мундаг мэдэгдэл гаргасан байна. Мөн алдарт Андерсений ёгт үлгэрт гардаг шиг, “Хаан шалдан байна” гэснээс дутуугүй үгсийг хэлсэн байв. Ингэхэд энэ үгийг эрхэм Баабар тэртээ 1990 онд анхны их хурлынхаа индэр дээрээс хэлж байсныг бид мартаагүй байгаа.
Энэ удаа “Женко” Х.Баттулгадаа баяр хүргэе. МоАХ нүдээ нээсэнд баярлалаа. Тэрбээр уг мэдэгдэлдээ, “…Төрийн бодлого гаднаас чиглүүлэгдэх, монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бус өрнөл эрчимжлээ” гэсэн байна. Мөн, “…Гаднаас бүрэн хамааралтай болгохыг хүсэгч нам дамнасан бүлэглэл бодитойгоор оршиж, та бидний итгэл сэтгэлээр төрийн өндөр албан тушаалуудад олон жил суусан зарим хүмүүс төрийн ажлыг гацааж, төгс завхруулж байгаа ийм хүнд үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг баяр хөөр, шагнал цэнгүүнээр ёслон тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй” гэжээ. Тэрбээр ерөнхийдөө баярлаж хөөрөхөөсөө илүүтэй бодож эргэцүүлэх, нэгдэж нягтрах хэрэгтэй байна. Хэрвээ шаардлага тулгарвал сөрөн тэмцэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд нам дамнасан бүлгүүдийн санаархлыг тас цохих, хазаарлах арга замаа тодорхойльё гэсэн байлаа. Мөн дөө хө. Улс орон хямраад ард түмэн нь эдийн засаг, эд баялаг гэхээсээ илүүтэйгээр итгэл, сэтгэлээрээ бүрэн ядуурах шатандаа орчихоод байхад юун Ардчилсан хувьсгалын баяр, ямар юмны нь 1206 он, 12 сарын 6. Хоногийн хоолоо яая гэж байхад юун бөхийн барилдаан, дуу хуур, найр цэнгэл, шагнал урамшил, одон медаль, шинэ дээл.
Ингэхэд ард олныг ганцхан Ардчилсан нам ядууруулаагүй л дээ. Тоорой бандийг байхад торгоны сайныг эдэллээ гэдэг шиг сайн сайхан засаглаж байсан үе тэдэнд бий. Муу муухай ч үе байдаг. 1996 оныг санахгүй юу. Яаж эхлээд яаж төгслөө дөө. Өнөөдөр ардчилсан намын нэр хүнд яг тэр үеийнх шигээ биш юм аа гэхэд түүнд нэлээд дөхөж очсон гэдгийг хэлэх байна. Ялангуяа сүүлийн үед энэнамын нэр хүнд онгоцноос шүхэргүй үсэрсэн хүн шиг л эрчимтэй доошилж байгаа. Худлаа гэвэл судалгаа хийгээд үзээрэй.
Энэ бүхэнд Ардчилсан намын удирдлагууд буруутай. Тэд өнгөрөх гэж буй дөрвөн жилийн улстөрийн циклд 1996 оных шигээ өвөр хоорондоо маш хорлонтойгоор толхилцож ирсэний гай энэ юм. Харин энэ үед МоАХ-ны дарга Х.Баттулга ёстой эр хүн шиг, “Май та нар” гэжээ. Баяр хүргэе. Баяраа ч бүү тэмдэглэе. Их сайндаа л чам руу баатар Э.Бат-Үүл энэ өдөр одонгоо зүүж чадаагүйдээ жаахан өмхий үг чулуудна биз. Яадгийм. Ардчилсан холбоо гэж асаалттай танк ард чинь байхад бүү эмээ.
Эцэст нь хэлэхэд ийм нэг онигоо гарсан байна билээ. Аав нь хүүгийнхээ сурлагын дэвтрийг шалгаж л дээ. Гэтэл бүх хичээлдээ “муу” гэсэн дүн авчихсан хэрнээ ганцхан дууныхаа хичээлд “онц” гэсэн дүн авсан байж. Аав нь, “Хамаг хичээл дээрээ муу авсан хэрнээ юундаа баясч дуулдаг байна аа, чи” гээд толгой сэгсрэн гайхсан гэдэг юм. Түүн шиг Ардчилсан нам эдүгээ ихэнх хичээлдээ муу аваад байгаа юм чинь юундаа ч баясч дуулах вэ дээ. 25 жилийнхээ ой дээр өөрсдийхөө хойдохыг уншиж байгаа Ардчилсан намд энэ өдөр гүн эмгэнэл илэрхийлэхээс өөр яах билээ...
Д.Гал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭНЭ НЭГ БАТТУЛГЫГ ХООСОН МАГТСАН ГАР БАЙНА ДАА НААД БАТТУЛГА ЧИНЬ МОНГОЛ ТӨРИЙГ ХООСРУУЛЖ БАЙГАА ГОЛ ХҮН ШҮҮ ДЭЭ ЯГ ҮНЭНДЭЭ АРДЧИЛСАН НАМЫН БИШ ЭХ ОРОН НАМЫН ХҮН ШҮҮ ДЭЭ. МӨНГӨНИЙ ХҮЧЭЭР УЛС ТӨРД ОРЖ ИРСЭН ХҮН. БАТҮҮЛИЙН ХАЖУУД БОЛ ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ЛУЙВАРЧИН ШҮҮ ДЭЭ. МАН ЫН ТОМЧУУЛТАЙ МАШ ОЙР ХАРЬЦААТАЙ ХҮН ШҮҮ ДЭЭ.МАН ЫН БАДАМЖУНАЙ М.ЭНХБОЛД НАР ТҮРИЙВЧ НЭГ ХҮН ШҮҮ ДЭЭ. БАТЗАЯА НАРЫН ЛУЙВАРДАЖ АВСАН 42 САЯ ДОЛЛАРАА ХЭЗЭЭ МОНГОЛД ӨГӨХ ВЭ ТИЙМ БАЙЖ ХООСОН АРДЧИЛАЛ ЯРИАД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. АН-С ХУРДАН ЭНЭ ХҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ