Абдул Каримын мөнгийг “цэвэр” эсэхийг шалгая

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар  24 тэрбум төгрөгөөр  Абдул Карим  гэх  эр олны анхааралд ороод байна. Тэрээр хэвлэлийнхэнд өөрийгөө 12 жилийн өмнө Монгол Улсын иргэн болсон гэдгээ онцолж,  хэвлэх үйлдвэрийн суурин дээр томоохон цогцолбор барина гэдгээ мэдэгдсэн юм.

Эл мэдээлэлтэй зэрэгцээд өнгөрсөн намар хэвлэлийнхэн онцлон мэдээлээд орхисон бас нэгэн сэдэв сөхөгдөх болов. Тэр нь,  иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын БОГУУХХ, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар 61 шонхор шувуу тэжээж байсан Катар иргэдийг илрүүлсэн бөгөөд үүнээс 31 нь албан ёсны зөвшөөрөлтэй болж таарсан билээ.

Цагдаагийн байгууллагаас үлдсэн 30 шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан Катар улсын иргэдийг шалгаж байгаа талаар тухайн үед мэдээлээд, шувуудыг байгальд нь эргүүлэн тавихаа мөн мэдэгдсэн юм.

Тэгвэл  идлэг шонхор хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан этгээдүүдийн толгойлогч нь Абдул Карим болохыг эх сурвалжууд онцлон мэдээлээд буй. Мэдээллээс үзэхэд, Абдул Карим нь шууд 24 тэрбумыг халааснаасаа гаргах бэнчинтэй нэгэн биш бөгөөд Монгол эхнэртэй,  шонхорын наймаачин нэгэн аж. Тэрээр Монголд  анх ирэхдээ нэгдүгээр хороололд энгийн байдлаар амьдарч байгаад сүүлдээ шонхор авах хүмүүстэй нэгдэж, багахан мөнгөжсөн байна.

Абдул Карим гэх энэ хүн хэтрүүлэн агнасан шонхор шувууныхаа зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас төлбөр мөнгийг нь  төлөөд авчихсан  гэх мэдээлэл ч байна. Одоо тэгэхээр хууль бусаар баригдсан 30 шонхорын асуудлыг Абдул Карим  дахин гартаа оруулсан болж таарав. Мөн НМХГ-аас түүнд оноох торгуулийн хэмжээг багасгаж, 960000 төгрөгөөр торгохоор болсон байна.

Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар авахаар олон нийтийн сүлжээгээр томохон ажил өрнүүлсэн  ”Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг дуудлага худалдаанд орсон мөнгийг цэвэр эсэхийг шалгах хэрэгтэй гэж онцолсон нь зүгээр ч үг биш бололтой.  Үнэхээр ч холбогдох хууль тогтмоожийн хүрээнд Абдул Каримын  дуудлага худалдаанд оролцсон мөнгийг ямар эх үүсвэртэй гэдгийг дахин шалгах хэрэгтэй мэт.

Шонхорын наймаачдын гар хөл болж явдаг, дээрээс нь цагдаагийн байгууллагад шалгагдаж буй энэ эр халааснаасаа 24 тэрбумыг гаргаж чадах уу гэдэг нь өөрөө анхаарал татсан асуудал юм. Гаргасан байлаа ч ямар эх үүсвэрээр олдсон мөнгө байж болох уу, эргээд Олон улсын бохир мөнгө угаасан хэрэгт улс унах вий зэрэг эрсдэл байгааг сануулууштай.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих