Энэ төр засаг чинь маниусаас ямар Гавьяа нэхээд эхлэв ээ???
Энэ төр засаг чинь маниусаас юу нэхээд эхлэв ээ. Гавьяагаа үнэлүүлэх гээд байгаа юм уу. Хотын төвийн гудамжаар нэг “ХЭНИЙ ГАВЬЯА вэ?” гэсэн уриа лоозон.
Гавьяа байгуулсан тул БААТАР цолоор шагнах уу? Баахан ногоон дэвсгэртээр урамшуулах уу? Яах вэ та минь.
Тэгвэл та нарыг төрийн эрхэнд гаргаж өгсөн нь хэний гавьяа вэ гээд өөрсдөөс нь асуумаар санагдах.Ард түмнийхээ өмнө, сонгууль болохоос өмнө “Хүн шиг амьдарья-Улс шиг хөгжие” хэмээн уриа лоозон барьж явах үед итгэл үзүүлээд төрд гаргаж өгсөн нь буруу болж байх шиг.
Ээж аавдаа эрхэлж буй хүүхэд ч ийм зан гаргахаа больсон. Бүгд Индиго болсон. Зайлуул уг нь үүнийг хийж буй хүмүүст дарга нь “ийм PR хий” гэж зөвлөмөөргүй юм. Өөрсөд рүүгээ итгэл эргүүлэх биш бүүр холдуулж байгаагаа ойлгож байгаа болов уу.
Тэгвэл Эрчүүд “Хүүхэдтэй болгосон ХЭНий гавьяа вэ, Хүнд юм зөөж байгаа нь хэний гавьяа вэ” гэж ирээл эхнэртэйгээ хэрэлдэх нь. Төрийн залгамж чанар, улс орноо хөгжүүлэх олон жилийн төлөвлөгөө гэх мэт наад захын юм мэдэхгүйгээр Төр улсаа, ард түмнээ удирдана гэдэг эмгэнэл байлтай. Н.Энхбаярын Засгийн газрын үед эхэлсэн “Мянганы зам” дээгүүр МАХН-ын гишүүд дэмжигч нар давхилдаж, С.Баярын үед эхэлсэн “Атрын аян”-ы үр шимийг Ардын намын талынхан хүртэж, Н.Алтанхуягын үед шийдсэн “ТҮЦ” машинаар Ардчилсан намын фанатууд үйлчлүүлэх ёстой бололтой.
Чингис хаан хүрч ирээд “Дэлхийн хамгийн хүчирхэг улс болгосон миний гавьяаг та нар яасан бэ” гэвэл яанам билээ. Асар уудам газар нутагтай байж өөрсдийгөө хүнсний бүтээгдэхүүн, тариа ногоогоор хангаж чадахгүй гадаад улс орнуудаас оруулж ирж байж ийм гавьяа нэхэж суух харамсалтай. Төр засгаа 44 жил удирдаж, хөгжүүлж эцэс сүүлд нь хүний газар амиа алдсан Бал даргыгаа цагаатгаж, гавьяаг нь үнэлж чадаагүй байж, ичиж амьдрахсан. Одоо зургаан сарын дараа л сонгууль эхэлнэ. Жоохон юм хийсэн нэр зүүчээд гавьяа нэхдэггүй хүмүүсийг сонгохгүй бол “Хогийн уут” хороон дээр тусламжаар ирэхэд тууз хайчлаад зогсож байх дарга нарыг л сонговол улс орон минь мөхөл рүүгээ явж байна.
Ч.Амартүвшин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хармаанаасаа мөнгө гаргаад хийчихсэн юм шиг л боддог юм байх даа. Бидний татвар төлсөн мөнгө болохоос тэдний мөнгөөр хийгээгүй. Харин ч ажил хийх нэрээр овоо юм унагаж авсныгаа дуугүй л шингээхгүй шальчигналдах хэрэггүй.