Л.Энх-Амгалан: Хамтдаа шалгуулъя
УИХ-ын захирамжаар байгуулагдсан, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийн үр дүнг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй. Энэхүү ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан дээр удаа дараа төлөвлөсөн ч хойшлогдсоор байгаа билээ.
Өчигдрийн хуралдааны хувьд хойшлуулах шийдвэрийг хамтарсан байнгын хорооны хуралдаанд оролцсон 23 гишүүний 18 нь дэмжсэнээр энэ асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болов. Ингэхдээ бондын зарцуулалтыг үнэлж дүгнэх хамтарсан байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд ирэх долоо хоногт гадаадад болон томилолтоор явах чөлөө олгохгүй бүгдийг нь байлцуулж энэ асуудлыг хэлэлцэж маргаанаа хагалах шийдвэрт УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн. Мэдээллийг хойшлуулах горимын санал гаргах үеэрээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ажлын хэсгийн дарга гишүүдтэйгээ нэгбүрчлэн ажиллахыг шаардаж байна. Ажлын хэсгийн материал бэлэн болоогүй байгаа. Тиймээс мэдээллийг өнөөдөр сонсохоо хойшлуулах шаардлагатай. Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй”, “Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж үзсэнгүй” гэхчлэн мэдэгдэж байсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодруулж, “Яагаад ажлын хэсгийн хуралдаанд оролцсонгүй вэ, санаатайгаар хуралдаанд оролцоогүй гэсэн хардлагыг дэвшүүлэх боллоо” гэж асуухад тэрбээр тойрогтоо ажиллаж байгаа гэж тайлбарлалаа. Харин түүний хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас санхүүжилт аван авто зам барьсан гэх мэдээлэлийн талаар хэлэхдээ “Өмнө нь ийм асуудал гарч байсан учраас өөрийн биеэр АТГ-т хандаж шалгуулсан” гээд АТГ-ын хариуг нийтэлж нийтэд танилцуулж болно гэв.
Мөн цахим мэдээллийн хэрэгслээр түгээж буй Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан “Говийн зам” ХХК, “Солонго” орон сууцны хорооллын гаднах цэвэрлэх дэд станцын өргөтгөл, хуваарилах байгууламж, кабелийн шугам татах зураг төсөл болох барилга угсралтын ажил, Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан дамжуулах агаарын шугам дамжуулах төслийн гүйцэтгэгч “М-Си-Эс интернэшнл” ХХК-д ямар нэг байдлаар хамааралгүй. Би “М-Си-Эс” компанид хэдэн хувь эзэмшдэг тухайгаа хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжилт олгоход нь ашиг сонирхлын зөрчилтэйгээр нөлөөлсөн гэж гүтгэх боломжгүй. Үүнийг АТГ-ын хариу бичигт тодорхой тайлбарласан байгаа. УИХ өөрийн харьяа байгууллага болох Үндэсний Аудитын Газрын хоёр удаагийн тайланд итгэдэг үү.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дүгнэлт, Сангийн яамны шалгалтын дүн энэ бүхнийг гол баримт биш гэж үзэж байгаа юм уу гэдгээ хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Хэрэв энэ бүх байгууллагууд болон тэдгээрийн баримт бичгүүдэд итгэхгүй байгаа бол хамтдаа шалгуулъя. Ажлын хэсгийн бүх гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ярилцах хэрэгтэй. Шалгуулбал хамтдаа шалгуулах шаардлагатай. Би хувьдаа шалгуулахад бэлэн байна” гэсэн тайлбарыг өглөө.
Дашрамд дурьдахад, уг ажлын хэсэг таван удаа хуралдсан. Эдгээр хуралдааны дүгнэлтэд ажлын хэсгийн нэр бүхий гишүүд гарын үсгээ зурахгүй зугтдаг байсныг Л.Энх-Амгалан гишүүн ч, ажлын хэсгийн бусад гишүүн ч хэлж байсан. Хэрэв тэд өөр байр суурьтай байсан бол ажлын хэсгийн хуралдаан дээр яриад байр сууриа илэрхийлэх бүрэн боломж байсан. Гэтэл дөнгөж тойрогтоо ажиллахаар явмагц нь Ажлын хэсгийн ахлагч л зугтаад байдаг мэтээр Б.Гарамгайбаатар гишүүний омогтойхон хийсэн мэдэгдэл, олон нийтийн сүлжээгээр Л.Энх-Амгалан гишүүн өөрийн хувьцаа эзэмшдэг компаниуддаа Хөгжлийн банкны их хэмжээний санхүүжилтийг аваад өгчихсөн мэтээр тарааж байгаа худал мэдээлэл энэ бүхэн няцаагдаж, магадгүй нэг сувагтай арга ядсан “ажиллагаа” юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Түүнчлэн “нууцлалын гэрээтэй” хэмээн тайлбарлаад байсныг ч Ажлын хэсгийн дарга няцааж, олон нийтэд мэдээлэх боломжтой гэснийг энэ дашрамд мэдээлье. Ингэснээр дээрх таван удаагийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, Үндэсний аудитын газрын дүгнэлтүүд, ҮАБЗ-ийн 2014 оны 19/10 дугаар зөвлөмжийн биелэлт зэргийг танилцуулах нь “нууц задруулсан” хэрэг биш нээлттэй мэдээлэл болохыг нууцлахаар сандарч байсан эрхмүүдэд сануулах нь зүйтэй болов уу.
/Хуурамч баримт/
У.Оргилмаа
URL: