Башар Асад Эрдоганы төгсгөлийг зөгнөв
Туркийн нисэх хүчин Оросын Су-24 онгоцыг сөнөөсөн нь Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы эвлэршгүй байдалтай холбоотой хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Тэрээр Чехийн телевизэд өгсөн ярилцлагадаа ийнхүү онцолсон аж. Оросын тал Сирид цэргийн ажиллагаа явуулах болсон нь Анкарагийн лидер Эрдоганы уурыг барсан хэмээн Асад үзэж байна. “Эрдоган Сирид бүтэлгүйтэж, түүний террорист бүлэглэлүүдийн гар хөл хумигдсанаар улс төрийн төгсгөл нь ирж байна. Одоо ямар ч тохиолдолд Эрдоган хүчний хуваарилалтыг өөрчилж чадахгүй. Терроризмын эсрэг дайн үргэлжилсээр байна. Үүнд Оросын дэмжлэг улам хүчтэй байх болно” хэмээн Дамаскийн удирдагч хэлжээ.
АНУ тэргүүтэй эвслийн хүчин “Исламын улс”-ын эсрэг агаараас довтолж байсан тэр үед террористууд хүчирхэгжиж, “Исламын улс” улам өргөжиж, тэдний эгнээнд дайчин элсүүлэх явдал дэлхий даяар тархсан хэмээн Сирийн Ерөнхийлөгч өгүүлэв. Харин Оросын бөмбөгдөлтийн үр дүнд Сири дэх “Жебхат ан-Нусра” болон бусад террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хумигдах болсон юм. Террористуудад хөрөнгө мөнгө нийлүүлж, дайчин элсүүлж байгаа гол суваг нь Туркээр дамжиж, Саудын Араб, Катараар ивээн тэтгүүлж байгаа хэмээн Асад үзэж байна. Терроризм, алан хядлагыг ялан дийлэхийн тулд ханган нийлүүлэлтийн эдгээр сувгийг хааж, устгах хэрэгтэй гэв. Асад сөрөг хүчний тухай ингэж ярьжээ. “Жинхэнэ сөрөг хүчин улс орон дотор л бүрэлдэж бий болох ёстой. Франц, Катар, Саудын Араб, Америк, эсвэл Их Британид үүссэн тэдгээр сөрөг хүчин нь эх оронч хүмүүс биш ээ. Харин улс орон доторх зэвсэгт сөрөг хүчин нь террористуудаас ялгаагүй”.
Дамаскийн Засгийн газар үндэсний эвлэрлийн үйл явцын хүрээнд зэвсгээ хураалгаж, энхийн амьдралд эргэн ирсэн дайчдад өршөөл үзүүлнэ хэмээн амлаж байна. Өршөөлийг бүрэн гүйцэд үзүүлж, ямар нэг хэргээр буруутгахгүй аж. Арван жилийн дараа Сири улс ямар байх вэ гэсэн асуултад “Энэ хугацаанд терроризмыг ялан дийлж, олон талт, олон үндэстний нийгмийг хадгалан үлдэх нь гол зорилго юм. Харин миний хувь заяа Сирийн ард түмний хүсэл зоригоос хамаарна. Дайн болж байгаа бол чи ажлаа хийж улс орноо хамгаалах ёстой. Эс бөгөөс чи урвагч” хэмээн хариулжээ.
ОХУ Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр есдүгээр сарын 30-наас Сирид цэргийн ажиллагаа явуулж, лалын босогчдын байрлалыг агаараас довтолж байгаа билээ. “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” зэрэг олон улсад хориглогдсон террорист бүлгийн эсрэг тэмцэлд Сирийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж байна. Оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш лалын босогчид ихээхэн хохирол амсаад байна.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: