Стратегийн ач холбогдолтой 15 ордоосоо Монгол улс юу ч олж долоосонгүй
Сүүлийн хэдэн Засгийн газар, эрх баригчид Тавантолгойгоос эхлээд стратегийн ордуудаасаа ард түмэндээ хувь, хишиг хүртээнэ гэдгээ хэдэн сонгуулиар зарлаж одоо ч уг санаагаа давтсаар байгаа. Уг нь Монгол улсад стратегийн ач холбогдолтой 15 орд газар бий гэдэг. Үүнийг УИХ бүр 2007 онд зарласан.
Мөн үүнээс гадна стратегийн ордод оруулах боломжтой 39 орд сүүлийн хэдэн жилд нөөц нь тогтоогдсон ордуудыг тооцоод үзвэл Монгол улсад ард түмэндээ хувь хүртээх боломжтой ордын тоо худалч хүнд 100-аар тогтохгүй бий гэдэг.
Гэхдээ уг нь тийм бол тэдгээр орд нь монголын эд баялаг, Монголчуудад байгаль эхийн бэлэглэсэн бэлэг байлтай. Гэвч тэр нь Монголын нийт ард түмэн улс эх оронд харьяалагдах баялаг биш болчихдог нь халаглаж харамсмаар. Манай эрх баригчид болон тэдний таалалд нийцсэн цөөн хэдэн олигархи дээр нь гадны хөрөнгө оруулагч нэр зүүсэн хэрмэл хэдэн луйварчинд л харьяалагдах ёстой баялаг бололтой.
Стратегийн ач холбогдолтой 15 орд гэгч бол зүгээр л цаасан дээр бичсэн эрх баригчдын ард түмнийхээ нүд чихийг хуурсан тоо. Нарийн сухайтын нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулсан ч Тогтвортой байдлын гэрээ гэгчээр бол ямар ч хамаагүй. Багануур, Шивээ овоогийн ордууд алдагдалтай ажилладаг учраас хувьцаа нь үнэ хүрэхгүй ба одоо олборлолт хийж байгаа талбайнуудаас бусад нь хувийн компаниудад оччихсон.
Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордуудын хэтийн төлөв өнөө хэр тодорхойгүй. Мардайн ордын нэг хэсгийг Канадын Ханресорс ХХК эзэмшинэ гээд төр тэдэнтэй арбитраар шүүхдэлцээд хөөчихөөд өөрсдөө 100 сая ам.долларын өрөнд орчихсон байгаа бол нөгөө хоёр ордод нь Хятад, Японы компаниуд эзэн суусаар байгаа. Тэд хэрвээ Ханресорс шиг арбитр дээр очвол бас л багагүйг салгах байх.
Сэлэнгийн Төмөртэйн төмрийг хятадууд бас л давуу эрхээр урагшаа хүдэр чигээр нь зөөгөөд дуусч байна. Мөн Сүхбаатарын Төмөртэйн овооны цайрын ордын нөөц ч хятадуудын гараар ороод дуусч байгаа.
Дундговийн Цагаан суваргын зэс молибдены орд жижигхэн учраас иргэдэд хувь хүртээхгүй гэдэг. Түүнийг МАК л эзэмшиж ашиглах ёстой.
Оюутолгойн алт зэс бүхий аварга том орд нэгэнт гадны мэдэлд шилжсэн. Энэ ордоос бид ирэх 10-20 жил юм горьдох эрхгүй. Харин ч өр төлөх ёстой болсон.
Бороогийн алтны ордын нөөцийг дор хаяж 10 жил ухаж авах гэрээ хийгдсэн ч тавхан жилийн дотор 43 тонн гэгддэг ч үнэндээ 50-60 тонн алтыг нь аль хэдийн олборлоод дууссан. Энэ жишгээр бол Оюутолгойн баялгийг гэрээ гээчдээ тусгасан хугацаа болох 30 жилийнхээ дотор ухаж аваад л явчих байх.
Баян-Өлгий дахь Асгатын мөнгөний ордын тухайд ашиглах талаар байнга ярьдаг ч хэтийн төлөв нь маш бүрхэг. Асгатын орд гэдэг нь уулын орой дээр байдаг бөгөөд, мөн хоёр улсын хилийн бүсэд байрлана. Тиймээс тэнд үйлдвэр барьж байгуулан баялагийг нь боловсруулахад асар их зардал шаардлагатай гэнэ.
Таван толгойн ордод “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой ХК, Энержи ресурс, Дайцику ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулсан байдаг билээ. Эдгээрийн үр шимийг бага сага хүртэж байсан ч улстөр” бизнесийн хоёр бүлэглэлийн өрсөлдөөнөөс болоод өрөнд баригдаж, өтөнд идэгдээд дуусч байна. Асуудал хэзээ шийдэгдэх тухай одоогоор ямар ч төсөөлөл алга.
Ингээд энэ 15 орд газрын жагсаалтад орсон бидэнд өгөөжөө хайрласаар ирсэн ганц орд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр л үлдэж байна. Эрдэнэт үйлдвэрийг Оросын талтай 49, 51 хувиар хуваан эзэмшдэг хэдий ч Монголын төр засаг эндээс ахиухныг хүртдэг билээ. Тэгэхээр Эрдэнэт л стратегийн орд мөн ажээ.
Эдгээр нэг өгүүлбэрээр хийсэн маш товч мэдээллээс харахад л улс төрчдийн яриад байдаг стратегийн 15 орд газар зөвхөн цаасан дээр бичигдсэн зүйл болж таараад байна. Тэгэхээр цаана нь яригдаад байгаа бусад ордуудын хувьд санаа байвч сачий хүрэхгүй гээч болох нь нэгэнт ойлгомжтой мэт.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Les absents ont toujours tord