Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

Нэгэн насаараа сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон “Буян” Б.Жаргалсайханыг телевизээр арай гэж оногдсон цагт бусдыг зүхэж байхад З.Баянсэлэнгэ хууль тогтоох дээд байгууллагын сэнтийгээс Төрийн түшээдийг загнаж сууна. Асар том ялгаа мөн биз.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан дан дээлтэй жиндэж явахад тэр УИХ, Засгийн газрын хуралдаанд салбар яам толгойлон давхар дээлтэй халууцаж сууна. Үүнийг тавилан гэдэг юм. Б.Жаргалсайханы тэр их хөрөнгө, хоосон улстөржилт өөрт нь огт хэрэг болсонгүй. Хойшид ч үгүй биз. М.Энхсайханы намын дарга, өндөр нэр сүр бас л огт хэрэг болсонгүй. Түүнээс биш З.Баянсэлэнгэд “Буян” компанийнх шиг их хөрөнгө байхгүй. МҮАН гэсэн нам, нам дамжсан гар хөл бол бүр байхгүй. Тэр ч бүү хэл нэгэн цагт Монгол Улсын эзэн байж, ёстой л “толгойтыг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж” явсан намынх нь дарга Н.Энхбаяр хүртэл парламентад суух гээд чадахгүй байна. Энэ бол хувь хүнд зурж өгсөн төөрөг. З.Баянсэлэнгэ гэх энэ эмэгтэй зурсан зургаараа л аж төрж байгаа нь энэ байх. Тэр парламент, Засгийн газарт суух гэж бусад шиг мөнгө цацсангүй. Өвөл зуныг умартан улстөржсөнгүй нь ийн бодоход хүргэсэн хэрэг.

       З.Баянсэлэнгийг УИХ-д орж ирэхэд сайн муу асар олон мэдээлэл тарсан. Өчигдөрхөн нэг системд ажиллаж цалингаас цалингийн хооронд шогшиж явсан хүн гэнэт сенатр болчихоор цаадуул нь атаархасан хэрэг. Уржигдархан зөөврийн худгаас ус зөөж зогссон бүсгүй олны хүндлэлд ороод ирэхээр жөтөө нь хөдөлсөн хүмүүсийн мэдээлэл байсан болов уу. Угаасаа монголчууд бидний цусанд байдаг зан хойно яая гэхэв. Тэр тусмаа тухайн сонгуульд өвдөг шороодсон шинэхэн улстөрчид ихээхэн сэтгэл дундуур, муучлах замаар ярьж байсныг сайн санаж байна. Түүний хувьд нэр цэвэр элдэв мөнгөний бүлэглэлд яаран давхиад орчихгүй чанар нь улстөрд ихээхэн хэрэгтэй. Хойшид ч тэр ийм бүлэглэлд багтахгүй байх. Яагаад гэхээр цаадуулынхаа мафи маягийн бохир ажиллагааг яагаад ч ойлгохгүй. Энэ ажиллагааны загалмайлсан эцэг гэж болох Н.Энхбаяр дарга нь ч түүнд арга зааж өгөхгүй. Мафизмтай харилцаад сурчихвал Н.Энхбаяр түүнд бараг л хэрэггүй болно гэсэн үг. Гэхдээ ямар учирал ерөөлөөр их улстөрд хөл тавив гэдэг нь хэний ч сонирхлыг татаж таарна.

       МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болохын өмнөх өдөр Гандантэгчинлэн хийдэд намынх нь гишүүд залбирал үйлдэж, даргаа аврах эцсийн гарц хайсан. Аргаа барахдаа лам барааддаг монголчууд бидний зан хойно доо. Ийн арга тасарч явах үед З.Баянсэлэнгэ гишүүний залбирч суусан дүр бол монголчуудын санаанд тодхон үлдсэн түүхэн зураг болж таарна. Үнэнхүү сэтгэлээсээ гуйж байгаа энэ төрх улстөрд тийм ч олон тохиолдохгүй. Арга ч үгүй биз. Өөрийнх нь зүүдлээгүй явсан дүрд хувилгаж өгсөн хүнийхээ төлөө ийн залбирах жудаг хэнд ч байж таарна. Хэн байхад нь хэн хэн болгочихов гэдэг их том асуудал л даа. Жинхэнэ эгэл боргил дундаас парламентад орж ирсэн тэр улстөрч болох болоогүй ч ардын хүү горилж болдоггүй их тоглоомын дүрмийг тун хурдан сурч байна. Хурдан суралцахгүй бол нидэрчих гээд байдаг талбар хойно өөр яах ч билээ. Энэ танхимд урьд өмнө бараг хөл тавьж үзээгүй гэж болох тэрээр өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын сэнтийгээс гишүүдийг загнаж, Засгийн газрын хуралдаанд үг хэлж сууна. Ёстой л Хорооны Засаг дарга байсан эмэгтэй хорвоог захирахдаа тулж явна.

       Богинохон хугацааны улстөр нь түүнд ийм өндөр сэнтий хайрлана чинээ тухайн цагт хэн нэгэн бүү хэл өөрөө ч төсөөлөөгүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Өдгөө ч итгэж ядан явж мэдэх. Хэрвээ З.Баянсэлэнгэ парламентад орж ирээгүй бол хэн нэгэн олигархи сууж л таарна. Тэгэхээр нэр цэвэр, жинхэнэ ардын дундаас тодорсон З.Баянсэлэнгэ байх нь 100 хувь дээр гэдэгт өнөөдөр олонхи санал нэгдсэн байх. Ямартай ч Л.Гүндалай мэтийн балайрахаас тэс өөр. Ажил мэргэжлийн хувьд ч тэр анхан шатнаас ажлын гараагаа эхэлсэн гээд түүнд төр түшилцээд сүйд болдоггүй юм гэхэд саад болохгүй нэр цэвэр улстөрч. Тэрээр 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн цагаас хойш 1999 онд НЦГУТ-д бага эмчээр ажилласан аж. Харин бага эмчээр ажиллаж байсан З.Баянсэлэнгэ Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хожмоо эзэмшсэн энэ мэргэжил нь өдгөө түүнд асар их хэрэг болж байгаа даа. Хүнд оноогдсон тавилан, зурсан зураг төөрөг гэж бий. Тиймдээ ч түүнийг алс хэтдээ хууль тогтоох дээд байгууллагын сэнтийд залрах төөргөөр Цагдаагийн академид сургасан байлгүй. Түүнийг цагдаагийн академид суралцаж ахуй цагт нь багшилж байсан нөхөр З.Баянсэлэнгийг УИХ-ын гишүүн болсны дараа таараад “Энэ З.Баянсэлэнгэ маш чармайлттай, хүнд нэг л зангаараа ханддаг хүн байгаа юм. Нас ахимаг оюутан байсныг ч хэлэх үү идэвхи зүтгэл ихтэй, асууж шалгаасан л хүн явдаг байлаа” хэмээн өдгөөгөөс арав гаруй жилийн өмнөх дурсамжаа уудлана билээ. Ямарч байсан номын дуу зааж байсан багш нь түүнийг огт хэрэггүй хүн яах гэж УИХ-д ороод ирэв гэж хэлээгүй юм. Гэхдээ “Багшийн эрдэм шавиас” гэсэн үг байдаг учраас аяндаа харагдана биз.

       Тэр Эрх зүйч мэргэжил эзэмшсэн даруй Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч гэх албуудыг 2008 оны сонгууль хүртэл хашсан. Энэ нь түүнд хуулийн чиглэлээр мэдлэг цуглуулж, туршлага суулгасан он жилүүд болсон байх. Мөнхүү Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар хоромхон зуур ажилласан нь ч түүнд их хэрэг болж таарна. Төр захиргааны байгууллагын анхан шатанд ажилласан хүн УИХ-д байхгүй байх. Хамгийн багадаа л аймаг толгойлсон этгээдүүд парламентад морилдог шүү дээ. Эсвэл пүүс компанийн эзэд байх ийм л орчин хойно. Тэр бол улстөрчийн хувьд ийм л товч намтартай нэгэн. Харин түүний намтрын хуудсанд бичигдэж үлдэх учиртай хэдэн зүйлийг эргэн санахад илүүдэх юун.

      МАХН-ыг МАХН болоогүй байхад Н.Энхбаярт үнэнч зүтгэсэн З.Баянсэлэнгэ эвслийн жагсаалтын долоод эрэмбэлэгдэн орж ирсэн. Мөнхүү Н.Энхбаярын хүү Э.Батшугар жагсаалтын зургаад байсан ч мөн хууль бус байгаад хасагдсан учраас тэрээр эрэмбээ нэгээр ахиулж зургаад жагссан юм. Э.Батшугар нь Сонгуулийн шинэ хуулинд орсон “Цэргийн насны боловч цэргийн алба хаагаагүй этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтаар хасагдсан юм. З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Н.Энхбаярт үнэнч байж МАХН нэрийг авахад хүчин зүтгэж, намынхаа даргын даалгавраар жагсаал цуглаан олныг зохион байгуулсан нэгэн. Тэр ч бүү хэл өлсгөлөн зарлаж гээд Н.Энхбаярын төлөө амь насаараа дэнчин тавьсан гэдгийг бид сайн мэднэ. Тэрээр УИХ-ын гишүүн болсон ч Н.Энхбаярт үнэнч гэдгээ удаа дараа харуулж, өдгөө Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа юм. Түүнд айсуй 2016 оны сонгууль нааштай байх болов уу. Учир нь намынх нь дарга өөрт нь үнэнч үлдсэн З.Баянсэлэнгэд ахин том итгэл үзүүлж таарна. Хамгийн гол нь Н.Энхбаяр нь ахиад улстөрийн шуурганд өртөхгүй бол шүү дээ. Ойрын сураг чимээ сонсоход мөнхийн дайсан Ц.Элбэгдорж Н.Энхбаярын эсрэг ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Гэхдээ улстөрийн эргүүлэгт өртсөн ч нөмөртөө хэсэг нөхдийг багтаадаг Н.Энхбаярыг дагахад З.Баянсэлэнгэ алзахгүй ээ. Ийм л нэгэн эмэгтэй өөрийнхөө зураг төөргийг даган Төр түшилцэж явна. З.Баянсэлэнгийн улстөрд хэр удаан байх нь гагцхүү өөрөөс нь шалтгаална. Түүнээс биш өнөөдрийн парламентад байх үеэ өнгөрөөсөн эмэгтэйчүүдээс илүү зоримог алхам, илүү санаачилга гарч таарна.

С.Ууганбаяр


URL:

Нэр: зочин Огноо: 3 December 2015

эсгий хийх газар нохой хэрэггүй ээ

Нэр: SaranNabchaa Огноо: 3 December 2015

Ene abgaig bol mongoliin toriin dampuural

Нэр: тэнэг Огноо: 4 December 2015

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

Сэтгэгдэл бичих