Н.Даваа: Би эрүүл мэндээрээ хохирсон хохирлоо УИХ-аас нэхмээр байна

Баруун гар талаас Н.Даваа

-”СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР АЛХЛАА” ГЭЭД ХОРЬЧИХСОН ШҮҮ ДЭЭ-

Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ИХН-ын дарга Н.Даваа мэс засалд орсон гэх мэдээлэл бидэнд ирэв. Энэ мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг тус эмнэлгийг зорих боллоо. Түүнийг цагдан хорих төвөөс тус эмнэлгийн Зүрх судасны клиникт  энэ сарын 8-нд авчирч хэвтүүлжээ. Тэнд эмчилгээ хийлгэж байх үед нь шулуун гэдэс нь шинжилгээгээр шархлаатай гарсан тул Бүдүүн, шулуун гэдэсний тасагт  уржигдар шилжүүлсэн байна. Н.Давааг энэ тасагт шилжүүлсэн нь  харгалзаж буй цагдаа нарт нь амар байгаа гэнэ. Учир нь энэ тасагт мэс засал хийлгэсэн өвчтөнүүд хэвтдэг тул гадны хүн орохыг хориглодог. Бусад тасгуудаасаа шалгуур арай өндөр аж. Түүнийг хоёр цагдаа харгалзаж байгаа бөгөөд ар гэрийнхнээс нь өдөрт нэг удаа эргэлт оруулахыг зөвшөөрсөн тухай албаны эх сурвалж мэдээлэв. Харин уулзахыг хүссэн хүмүүс хяналтын прокуророос зөвшөөрлийн бичиг авах шаардлагатай аж. Иймд хоёр цагдааг “аргалж” Н.Даваагаас ярилцлага авах  явдал асуудалтай болов. Хяналтын прокурор “Н.Даваатай уулзаж ярилцлага авъя” гэхээр зөвшөөрлийн бичиг шууд бичээд өгөхгүй нь тодорхой. Иймд Н.Даваагийн эхнэр, өмгөөлөгч, “Гал үндэстэн” холбооныхон руу нь горьдлого тээн утас цохив. Эхнэр нь утсаа авсангүй. Өмгөөлөгч нь “Би өнөөдөр ажилтай. Намайг дагаж ороод ярилцлага авна гэж байхгүй. Чи өөр арга хай. Сэтгүүлчийнхээ авьяасыг гаргаж дээ” хэмээлээ. “Гал үндэстэн” холбооныхон болохоор “Бид арав гаруй хоногийн өмнө эргэсэн. Прокуророос зөвшөөрлийн бичиг аваагүй цагт оруулахгүй. Өөр арга сэд. Бид Зүрх судасны клиникт хэвтэж байхад нь эргэсэн. Одоо хэвтэж буй өрөөнийх нь дугаарыг  мэдэхгүй” хэмээн өөрснөөсөө зайлуулж байна. Ингээд дараагийнхаа төлөвлөгөөндөө орохоос өөр аргагүй болов. Энэ бол эмчийн халаад өмсөөд хэвтэж буй тасаг руу нь нэвтрэх. Найдваргүй ч гэсэн азаа үзэхээр шийдэв. Юутай ч эмнэлэг рүү дөхөж байтал учир нь олдох байх хэмээн ажлаасаа гарлаа. Эмнэлгийн хаалгаар  ортол нэг таньдаг охин таарав. Сургуулиа төгсөөд тус эмнэлэгт ажиллаж байгаа гэнэ. Учир явдлаа яривал “Танд таарах хувцас олдох байх” гээд дагуулаад явлаа. Тэндээс хувцас олж өмсөөд Н.Даваагийн хэвтэж буй тасгийг нь заалгалаа. Эмнэлгийн дөрвөн давхарт Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг байдаг аж. Сувилагч нарын өрөөнд ортол нэг бүсгүй сууж байна.

Түүнээс “Анод”-ын Н.Даваа хаана хэвтэж байгааг сурвал “Долоод” байгаа хэмээв. Клиникийн хамгийн эхний хаалга аж. Гэтэл өнөө сувилагч хүүхэн араас дагаж ирэн “Тэр өрөөнд хамаагүй хүн орж болохгүй. Зөвшөөрөл авах ёстой, өрөөнд нь байгаа хүнээс асууя. Та ямар хэргээр явж байгаа юм бэ” хэмээв. Би “Танил нь юм аа. Биеийнх нь байдлыг асуух гээд…” хэмээв. Долдугаар өрөөнөөс гарч ирээд нөгөө хүүхэн “За хэлчлээ” гэв. Удалгүй өрөөнөөс улаан хүрэн өнгийн цамтай залуу гарч ирэв. Цагдаа бололтой. “За ор ор. Ингэхэд ямар хэргээр явж байгаа юм бэ” гэж асуув. Би явуут дундаа “Н.Даваа гуайтай уулзъя. Танил нь юм аа. Биеийг нь л асуух гэсэн юм” гэж хариуллаа. Хоёр ортой өрөө байв. Ширээний дэргэд Н.Даваа цаашаа хараад хоол идэж суув. Дэргэд нь саарал цамцтай залуу суучихсан хонины өвчүүнээс огтолж идэж байх юм. Цагдаа нарын нэг аж. Зүүн талын орон дээр цэнхэр футболктой залуу сууж байна. Өвчтөн бололтой. Таны бие дажгүй юу хэмээн Н.Даваагаас асуух зуур өнөө өвчүү огтолж суусан залуу “Чи хаанаас явж байгаа юм. Арай сэтгүүлч юм биш биз” гэв. Хариуд нь “Би танил нь байна аа. Мэнд мэдэх гэж л явна. Та нар чинь ямар сонин хүмүүс вэ” гэтэл “аан за за” хэмээн цааш харав. Энэ үед Н.Даваа руу харж нүдээрээ дохитол  намайг сэтгүүлч биш гэж хэлсэнд жаахан санаа нь зовж байгаа бололтой. Улаан хүрэн цамцтай цагдаа цонхоор юм харж, нөгөө цагдаа юм идээд завгүй байсан тул халаасан дахь хуурцгаа дарж амжив. Миний бүх үйлдлийг Н.Даваа гуай харж байгаа нь илт. Санаа нь зовж байгаа бололтой  “Өө бие дажгүй. Эмнэлэгт хэвтээд овоо сайжирч байна” гэснээр бид цөөхөн хором ярилцлаа. Тэр яриагаа хүргэе.

-Таныг Зүрх судасны клиникт хэвтсэн гэж сонслоо?

-Энэ эмнэлэгт ирээд удаж байна. Арав гаруй хоночихлоо. Эхлээд зүрхээ эмчлүүлэхээр ирсэн.

-Онош нь чухам юу гэж гарсан юм бэ?

-Зүрхний ховдол томорсон тул нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж эмчлүүлэх шаардлагатай болсон. Прокурор эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн учир энд ирсэн юм.  Энд ирээд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэтэл шулуун гэдэс шархалсан. Тэгээд энэ тасаг руу шилжсэн. Уржигдар хагалгаа хийлгэлээ.   Цагдан хоригдох төвд удаан хоригдохоор хүний бие авах юмгүй болдог юм байна. Бие жаахан сайжирч байгаа ч даралт унаад бас тааруухан л байгаа. Зүрх судасны тасагт харин эмчилгээ сайн хийсэн шүү.

-Хагалгааны чинь шарх гайгүй эдгэж байгаа биз дээ?

-Эдгэж байгаа.

-Та өмнө нь бас ийм төрлийн хагалгаа хийлгэж байсан байх аа?

-Хэдэн жилийн өмнө шулуун гэдэсний хагалгаа хийлгэж байсан. Дахиад  ийм төрлийн  хагалгаа хийлгэлээ. Хоригдож байхдаа идэж, ууж байсан зүйлээс шархлаа авсан бололтой. Тэгээд ч хүний зүрх сэтгэл тайван биш болохоор дотор эрхтнүүд хямраад үрэвсэж, шархалдаг юм шиг байна.

-Хүн алж, хүрээ талчихсан биш таныг ингэж хорьж цагдаад байх хэрэг цагдаагийнханд байдаг юм болов уу?

-Би ч гайхаад л байна. Уг нь Н.Даваа  Монгол Улсаас гараад явчих биш. Яагаад ингээд хорьж цагдаад, заавал хэрэгт унагах гээд байдаг юм бол. Мэдэх юм алга. “Сүхбаатарын талбайгаар Н.Даваа алхлаа” гээд хорьчихсон шүү дээ. Улс төрийн зорилготой л байх. Өөр юу байхав дээ. Хуулийнхан өнгөн дээрээ “Анод” банктай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлаас болж дахин цагдан хорьсон гэж тайлбарлаж байгаа. Би бол өөр шалтгаантай гэж боддог.

-Цагдан хоригдох төвд бас багагүй хугацаагаар хоригдлоо шүү дээ. Батлан даалтад гарах тухай холбогдох байгууллагуудад хандсан уу?

-Хандсан. Гэр бүлийнхэн болон өмгөөлөгчид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Батлан даалтад гаргахгүй л юм байна шүү дээ.

-Хоригдож байхдаа Б.Энхтөр, Э.Гүр-Аранз нартай уулзсан уу, тэдний биеийн байдал ямархуу байгаа бол?

-Хоригдсоноос хойш бид уулзаагүй. Тэд маань юу болж байгааг бас мэдэх юм алга.”Анод”-ын хэрэг гээд л бид гурвыг хориод амьдралаар нь тоглоод хаячихлаа шүү дээ.

-Одоо тэгээд цаашид яая гэж бодож байна?

-УИХ-д хандах гэж байгаа. Холбогдуулан шалгаж буй болон хорьж байгаа асуудлаа дахиж нэг хараач ээ гэж хүснэ. Би хохирсон эрүүл мэндээ УИХ-аас нэхмээр байна.  Хуулийн байгууллага нь үнэн мөнийг нь олж өгч чаддаггүй юм бол УИХ-д хандъя. Тэртэй тэргүй надад алдах зүйл байхгүй болсон. Энэ үед тэрбээр намайг гаргаж өгөхөөр өрөөнөөсөө гарсан юм. Бидний яриа ийн үргэлжлэв.

-Өрөөнд байгаа залуусын хоёр нь цагдаа юу?

-Тийм.

-Та тоймтойхон зүйл яриач?

-Юу ярих вэ. Юм ярьчихаар энэ цагдаа нарыг баллачих байх. Эмнэлэгт харгалзуулан тавьсан хүмүүс шүү дээ. Тэдэнд хариуцлага гэж байгаа. Тийм болохоор дэлгэрэнгүй юм яриад яах вэ дээ хэмээн өрөө рүүгээ явсан юм. Өрөөний үүдэнд улаан хүрэн цамцтай цагдаа түүнийг хүлээн дотогш авч оров.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих