Обама Путинд “тайвшрахыг” сануулав

poeПарис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи олон улсын чуулганы үеэр ОХУ болон Туркийн харилцаа хурцадсантай холбоотой асуудал олны анхааралд байгаа тухай манай сайт мэдээлсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парист хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарыг хэлэлцээр хийхийг санал болгосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та бүхэн уулзах цаг нь болсон. Харилцан буулт хийх нь хамгийн зөв алхам. Путин, Эрдоганы саналыг хүлээн авч, түүнтэй уулзах хэрэгтэй. Путины шийдвэрээс болж олон сая энгийн иргэн хохирогч болох магадлалтай” хэмээн онцолжээ.

Оросын зэвсэгт хүчний Су-24 онгоцыг Туркийн талаас сөнөөж цэргийн албан хаагчдын амь нас эрсэдсэнтэй холбоотойгоор Владимир Путин Туркийн эсрэг эдийн засаг, худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавиад байгаа юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи чуулга уулзалтын үеэр Эрдоган хоёр ч удаа Путинтэй уулзах санал гаргасан ч Оросын тэргүүн татгалзсан юм. Гэхдээ Путин Барак Обаматай ганцаарчлан уулзаж Сирийн хямралын асуудлаар ярилцсан юм.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “тайвшрах”-ыг сануулж, асуудлыг хурцдуулахгүй байхыг хүссэн байна. Путин Туркийг хэт даврагчидтай холбоотой, тэднээс газрын тос худалдан авж, санхүүжүүлж байна хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдсэн нь олон улсын ажиглагчдын анхааралд өртөж шуугиан дэгдээгээд байгаа юм.

politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих