ХУШИН ОЙ ХУМИГДСААР БАЙНА

Монгол орны хушин ойн эзлэх талбай, нөөц нь сүүлийн жилүүдэд ихээхэн багассан нь судалгаагаар тогтоогдоод байна. Тодорхой хэлбэл, 2000 онтой харьцуулахад хуш модоор бүрхэгдсэн талбай өнөөдөр 184.7 мянган га-гаар, нөөц нь 23.7 сая шоометрээр багасчихаж. Шалтгаан нь ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хүний зүй бус үйл ажиллагаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын дулааралтай холбоотойгоор хуш модны үр самрын гарц багасах, их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай болжээ.

Хуш модны ихэнх нөөц хөвч тайгад ургадаг бөгөөд давирхай ихтэй учраас шатахдаа амархан байдаг аж. Хөвч тайгад гарсан түймэр удаан хугацаагаар асахдаа үндсийг нь гэмтээж, мөнх цэвдгийг хайлуулсны улмаас салхи шуурганд нэлэнхүйдээ булгарч унадаг байна. Энэ нь нийт багассан талбайн 70-аад хувийг эзлэх шалтгаан болжээ. Харин үлдсэн хувь нь хүний зүй бус ажиллагаа, ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн аж.

Ц.ХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих