Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалын бантан үргэлжилсээр…
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн 3 дугаар сард болж нийт сонгогчдын 67%-ын төлөөлөл буюу дөрвөн тойргоос МАН-ын нэр дэвшигчид сонгогдсон билээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл МАН-ын нэр дэвшигчдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүйгээр барахгүй, Улсын дээд шүүхийн шийдвэрээр бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаануудад хууль зөрчин, ирц бүрдүүлэн оролцуулсаар байгаа ажээ. МАН-ын зүгээс шат шатны төрийн байгууллагуудад нөхөн сонгуулийн үр дүнг баталгаажуулах шаардлагыг удаа дараа гаргаснаар аймгийн ИТХ 10 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар дээрх шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг ИТХ-ын хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд хэлэлцүүлэхээр оруулан баталсан байна.
Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 01-нд аймгийн ИТХ-ын ажлын албанаас хэлэлцэх асуудлыг дарааллыг албан бусаар өөрчилсөн мэдэгдлийг төлөөлөгчдөд ирүүлсэн нь нөхөн сонгуулийн үр дүнг баталгаажуулах асуудлыг хойшлуулах, гүйцэтгэхгүй байх бас нэгэн арга заль хэмээн хардаж болохоор байна.
Мөн тус хуралдаанаар аймгийн нийгэм, эдийн засагтай холбоотой хамгийн чухал асуудлын нэг болох аймгийн төсвийг хэлэлцэх бөгөөд хууль бус бүрэлдэхүүнтэйгээр аймгийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг шийдэх гэж улайрч байгаа зэрэг нь Монгол улсын хууль, Улсын дээд шүүхийн тогтоол, аймгийн сонгуулийн хорооны тогтоол зэргийг зөрчих үндэслэл болж байна . Тиймээс МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга Монгол улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандаж “Хууль хэрэгжүүлэх тухай тодорхой арга хэмжээ авч ажиллахыг шаардсан” албан бичгийг хүргүүлж байна.
1. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол. Энд хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” гэсэн байна.
2. 2015 оны 12 дугаар сарын 01-нд аймгийн ИТХ-ын ажлын албанаас хурлын хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулсан албан бус бичгийг төлөөлөгчдөд тараасан байна. Энэ бичигт ”Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” гэсэн асуудлыг хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулсан нь тэдний бүрэн эрхийг баталгаажуулах ажлыг хойшлуулах арга залийг дахин гаргахаар төлөвлөж байгаа нь илэрхий болж байна.
3. Тиймээс МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга Монгол улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандаж “Хууль хэрэгжүүлэх тухай тодорхой арга хэмжээ авч ажиллахыг шаардсан” албан бичгийг хүргүүлж байна. Бид энэхүү хурлын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд цаашид хурлын явцын мэдээллийг тухай бүрт нь эргэн мэдээлэх болно.
URL: