Нүүрс, түлээ ямар үнэтэй байна вэ

Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч буй энэ үед нийслэлийн гэр хорооллын иргэд өөрсдийн боломжийнхоо хэрээр нүүрс, түлээгээ базааж байна.

Эдийн засгийн хямралтай тулгараад байгаа энэ жилийн хувьд иргэд портероор бус шуудайгаар нүүрсээ авах нь элбэг болсон тухай худалдаачид ярьж байлаа. Харин энэ цаг мөчид түлээ түлшний үнэ ямар байгааг сонирхлоо.

Цайз захын орчимд Багануурын нүүрс 40 кг-аар савласан шуудай нүүрс 3800 төгрөгийн үнэтэй. Харин тонн нь 95 мянган төгрөгийн үнэтэй байна.

Багануурын нүүрсийг хэрэглэгчид “Утаа, тортог ихтэй” гэж муулдаг ч өнөөдрийн зах зээлд хамгийн хямд нүүрс учир авахаас аргагүйд хүргэдэг гэнэ. Багануурын уурхайн нүүрс Улаанбаатарт хамгийн эрэлттэйд тооцогдож байна.

Багануурын нүүрснээс Налайхын нүүрс арай илүү үнэтэй байна. Налайхын нүүрс тортог утаа бага, илч чанарын хувьд сайн гэнэ. Улаанбаатарт Налайхын нүүрс жижиг шар уут нь 1800-2000 төгрөгийн үнэтэй, түүнээс арай том шуудайтай нь 3500-4000 байна. Харин Портер Налайхын нүүрс 220-250 мянган төгрөгийн үнэтэй байна.

Налайхаас нүүрс ачиж, Улаанбаатарт борлуулдаг ченжүүд Портер маркийн автомашиндаа ачсан нүүрсээ авах хүн хаа хүрэхээс шалтгаалан үнээ нэмж, хасдаг юм байна.

Хэрвээ Цайз захтай ойрхон бол 210 мянган хүртэл үнийг “ярина” гэнэ. Харин Баянхошуу, Баруунсалаа, Толгойт руу хүргүүлэх бол 270 орчим мянган төгрөг болох аж. Учир нь эдгээр газрууд хол, түгжрээн дунд түлшээ баран очоод, уулын оройд шахам буусан айлуудад нүүрсээ хүргэх нь жолоочид хүндрэлтэй байдаг гэнэ.

Хамгийн хямд нүүрс Алаг толгойнх байна. Алаг толгойн нүүрс Амгалангийн борлуулах цэг дээрээ тонн нь 80 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Харин Алаг толгойн нүүрсээс илүү чанартайг нь манай улс БНХАУ руу 80 гаруй мянган /50 ам.доллар/ төгрөгөөр экспортолж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн Алаг толгойн нүүрс чулуу, цэвдэг ихтэй байсан бол энэ жилийн харьцангуй сайн байгаа гэнэ. Алаг толгойн нүүрсийг илчтэй, утаа тортог багатай гэж хэрэглэгчид ам сайтай байна.

Цайз зах дээр нэг Портер Алаг толгойн нүүрс ойролцоогоор 250-270 мянган төгрөгийн үнэтэй байна.

Портер автомашиндаа нүүрсний борлуулагчид 2,2-2,5 тонныг ачсан гэж падаанаа үзүүлж байлаа. Мөн л хол ойр явахаас шалтгаалан, нүүрсний үнийг “ярина”.

Харин Цайз захад мод куб метр нь /бид нэг гүүб мод гэж ярих нь бий/ 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Модыг зөвхөн хөрөөдөөд тавьсан үнэ 100 мянган төгрөг. Хэрвээ хагалуулахыг хүсвэл 30-50 мянган нэмж төлөх шаардлагатай гэнэ. Харин шуудай мод 3500 орчим төгрөгийн үнэтэй байна. Олноор нь авбал 3200 төгрөг болтол ярина гэж байна.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих